ЧУУЛГАН: Ч.Номин сайдын 18.3 тэрбум төгрөгөөр ваучер тараах саналыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Соёлын яамны төсвийг 18.3 тэрбум төгрөгөөр бууруулах горимын санал гаргаж, УИХ-ын чуулганы төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр уналаа. Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайдын оруулсан 18.3 тэрбум төгрөгөөр өсвөр насныханд үнэгүй ваучер тараах санал чуулган дээр дэмжигдлээ.Тодруулбал, Ж.Баярмаа гишүүний горимын саналыг Төсвийн байнгын хороо дэмжээгүй. “Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгахад 58.7 хувь дэмжсэн буюу Ж.Баярмаа гишүүний горимын санал дэмжигдсэнгүй.Ч.Номин сайд 2025 оны Соёлын яамны төсвийн багцад үзвэр үйлчилгээний үнэгүй тасалбар буюу ваучер тараахад 18.3 тэрбум төгрөг зарцуулна гэж тусгаад байгаа юм.Соёлын сайд Ч.Номин: Монгол Улсын хэмжээнд 16-18 насны186 мянган хүүхэд байгаа. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Ингээд бид соёлын эрхийн бичиг болох 18.3 тэрбум төгрөгийг эдгээр хүүхдүүддээ олгоё гэж байгаа. Ингэхдээ жилд 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг олгоно. Хүүхэд энэ мөнгөөр ном худалдаж авч болно. Дуртай спорт, урлагаар хичээллэх боломжтой болно гэдгийг хэлж байсан.Харин үүнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эсэргүүцэж “Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхнийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя” гэсэн юм.2025 оны төсөвт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны урсгал зардлыг 101.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 432.2 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Үүнд цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 31.1 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 1.9 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 6.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 33.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөжээ.