Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр болох 1 их наяд 857 сая төгрөгийг 30 хувь бууруулах санал уналаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Урсгал зардлын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 1 их наяд 857 тэрбум 913 сая төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарт 30 хувиар бууруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гаргажээ. Энэхүү саналыг байнгын хорооны гишүүдийнх олонх дэмжээгүй аж.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаа. Үүнээс 1.9 их наяд төгрөг нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн 5 хувь нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал руу орж байна. Үүнд УИХ онцгой анхаарах ёстой. Энэ тоо 2017 онд 324 тэрбум байсан, 1.9 их наяд болж зургаа дахин нэмэгдсэн байна. 2022 онд 957 тэрбум байсан бол өнөөдөр 1 их наядаар нэмэгдээд орж ирж байна. Тоо худлаа хэлдэггүй. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэг нь хуулийн этгээдийн зардал байгаа юм. Үүнд цалин тэтгэмж, дотоод үйл ажиллагаатай огт хамааралгүй. Гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Магадгүй хурал зөвлөгөөн, зөвлөх үйлчилгээний зардал байгаад байна. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулаач ээ. УИХ-аар төсвийн зардлыг нэг бүрчлэн задалж ярьдаг баймаар байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэг ойлголтыг ерөнхийд нь буруу тайлбарлаад өнөөдрийг хүртэл яваад байх шиг байна. Ажлын хэсэг, салбарын сайд зөв ойлголт өгч тайлбарлах шаардлагатай байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Зардлын дэд хорооноос тус асуудлыг судалж үзсэн юм билээ. Ингээд Б.Түвшин гишүүн 300 гаруй тэрбум төгрөгийг эргэж ярья гэж орж ирсэн. Яг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлдэг гэдэг нь худлаа юм билээ. Бид энэ зардлаас 32 тэрбумыг л хасах боломжтой гэж үзсэн. Төсөв 2021 оноос хойш гурав дахин өссөн. Инфляцаас болж өсөөд байна уу? Юунаас болж өсөөд байна гэдгийг судалж үзэхгүй бол болохгүй. Энэ байдлаар шийдэх юм бол боловсролын салбарын 30 хувийг хасаад явах юм бол боловсролын салбар доголдоод л явчихна. Механик байдлаар шууд тэдэн хувь гэх нь буруу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-2024 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 1 их наяд төгрөг байсан. 2025 онд 1 их наяд 486 тэрбум төгрөг болж 39 хувийн өсөлттэй байна. Урсгал зардал ихээр нэмэгдэж, төрийн бүтээж их байна. Урсгал зардлын ажлын хэсэг бүгдийг нь нэг бүрчлэн шалгаж үзэх боломжгүй юм билээ. Иймд Засгийн газар нийт урсгал зардлын нэмэгдлийг 30 хувиар бууруулах ёстой гэж үзэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Яагаад өссөн дүнтэй орж ирсэн бэ гэхээр гадаад зээлийн ашиглалт дотор явж байгаа дүнгээр 500 гаруй тэрбум төгрөг нэмэгдсэн дүнтэй харагдаж байгаа. Бид томоохон төслүүдээ шуурхай дуусгая гэж ашиглалтаа нэмэгдүүлсэн шүү дээ. Дорноговийн нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж зэрэг багтаж байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд юу багтаж байна вэ гэхээр тухайлбал малын вакцин байна. Үүнийг төрийн албан хаагч заавал хийх шаардлагагүй. Хувийн компани хийж гүйцэтгэнэ. 330 суманд халаалт нийлүүлдэг компани. Үүнийг заавал төр өөрөө хийх шаардлагагүй, үйлчилгээг нь худалдаж авна. “Үдийн цай” хөтөлбөр байна. Хувийн аж ахуй нэгжүүд хийнэ. Төр өөрсдөө хийж гүйцэтгэхгүй шүү дээ. Ийм л төлбөрүүд байгаа. Таван хувийг хасаж болно гэхдээ 30 хувь гэдэг нь хувийн аж ахуй нэгжүүдэд очих мөнгийг хасаж байна гэсэн үг. Нөгөө талаас Засгийн газрынхаа гурван үйл ажиллагааны нэгнийх нь хөлийг тушиж байгаатай адил гэв.
Ингээд төсвийн урсгал зардлын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 1 их наяд 857 тэрбум 913 сая төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарт 30 хувиар бууруулах УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн байнгын хорооны гишүүдийнх олонх дэмжээгүй саналыг дэмжих шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонх үзлээ.