“Ваучерын 18.3 тэрбум”-аар ТЭЦ III-ын засварыг хангалттай хийгээд, 4.7 тэрбум үлдэнэ
Монгол Улсын Засгийн Газар, түүнийг бүрдүүлж буй МАН, АН, ХҮН намын удирдлага, тодорхой төлөөллүүд, УИХ-ын нэр бүхий гишүүд “Эрчим Хүчний Либерчлал” гэгчийг сурталчилан, мэдээллийн кампанит ажил явуулах болсон билээ.
Ингэхдээ хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулалттайгаар авч яван, цахилгааны төлбөр л нэмэхгүй бол хот хөлдлөө, цахилгаан станцууд тэг зогсолт хийх гэж байна гэсэн төлбөртэй мэдээллийг тасралтгүй явуулан, иргэдийн “тархийг угааж” буй юм.
Энэ нь шал худал яриа болохыг ганцхан жишээгээр тайлбарлая.
Захиалгат пиарынхаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж: “220 тонн уур үйлдвэрлэдэг зууханд 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй.
Нэг зууханд бүтэн засвар хийхэд 10-15 тэрбум орчим төгрөг болох ч жилд 3 тэрбум төгрөгийн засвар хийдэг. Дулааны станц дотор байрлах шугамууд хэзээ ч задарч мэдэх нөхцөл байдал хүрсэн.” гэсэн юм.
Гэтэл Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номингийн санаачилсан “Соёлын эрхийн бичиг” буюу хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлэх ажлын төсөв л гэхэд 18.3 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр ТЭЦ III-ын засварыг хангалттай хийгээд, цаана нь 4.7 тэрбум үлдэхээр байгаа юм.
Энэ тохиолдолд цахилгааны үнэ нэмэгдэхгүй тул инфляци ч нэмэгдэхгүй, өргөн хэрэглээний үнэ ч нэмэгдэхгүй, иргэдийн амьжиргаанд ч сөргөөр нөлөөлөхгүй.
Энэ мэтээр үр ашиггүй төсвийг хэмнэн, бүхий л цахилгаан станцууддаа засвар, үйлчилгээг нь хангалттай хийх боломж байсаар байтал эрх баригчид иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөлөх цахилгааны үнэ нэмэх сонголтыг л заавал хийх гээд, төлбөрт мэдээлэл, зохион байгуулалттай пиар хийж буй нь хачирхалтай юм.