ЭКОЛОГИЧ Р.БОЛОР: Мазаалай, хавтгай, ирвэс, заган ой, уст цэг, түүх дурсгалын газарт учирч болзошгүй эрсдэлд “Нарансэвстэйн боомтыг нээх” ордог
Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж, эрдэмтэн судлаачдын төлөөлөл УИХ-ын 126, Засгийн газрын дөрвөн гишүүнд захидал хүргүүлж буйгаа мэдээлэн Төрийн ордны зүүн хаалганаас хэвлэлийн бага хурал хийлээ.
Экологич Р.Болор “Би 20 жил экологичоор ажилласан. Сүүлийн гурван жилд Говийн их дархан цаазат газрын А бүсийн менежментийн төлөвлөгөөг батлахад зөвлөхөөр ажилласан бөгөөд ингэхдээ энэ нутгийн үнэ цэн, онгон дагшин, эмзэг нандин байдлыг ойлгосон.
Менежментийн төлөвлөгөөнд, А хэсгийг олон улсын говь цөлийн судалгааны төв болгоно гэсэн алсын хараа тусгасан байдаг. Тийм ч учраас 4.6 сая га талбайг 36-хан хүн өдөр шөнөгүй ажиллаж, өнөөдрийг хүртэл аваад явж байна. Менежментийн хэрэгжилтийг мөн олон улсын арга зүйгээр үнэлдэг. Ингэхэд 90 гаруй хувьтай үнэлэгдсэн. Б.Тулга сайдын хэлсэн шиг, хамгаалалтын захиргааны менежмент муу биш. Цаг наргүй ажлын үр дүнд энэ газар онгон дагшнаар байж байгаа.
А хэсэг зургаан үнэт зүйлтэй. Мазаалай, хавтгай, ирвэс, заган ой, уст цэг, түүх дурсгалын газар. Мөн олон улсын арга зүйн дагуу, эдгээр үнэт зүйлд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлоход Нарансэвстэйн боомт гарч ирдэг. Иймд энэ эрсдэлээс сэргийлж болох арга замуудыг ч эрэлхийлж ирсэн. Гэтэл гэв гэнэт ийм зүйл гараад ирлээ. Байгаль орчны салбарыг нэгэн цагт тэргүүлж явсан хүн өнөөдөр эргээд ус цацаж байгаад хэлэх үг олдохгүй байна. Д.Цэгмид гуай болон бусад үе үеийн биологичдын өнгөрсөн 50 жилд хийсэн судалгааг үгүйсгэж байна. Өөрсдөө хавтгай, ирвэс, мазаалай болтлоо ажилласан, хайрласан бүхний үнэ цэнийг үгүй хийж байна. Орчин цагийн залуу сэхээтнүүд, улстөрчид өө. Монгол хүний саруул ухаанаар энэхүү асуудалд хандаж өгөөч гэж хүсье” гэлээ.