Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар Цэцэд хандав

0

Энэ оны зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ нь Ерөнхий сайдыг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн шинжтэй байдлаар томилсон.

Энэ нь ямар асуудал дагуулж буйг өчигдөр “Хэлэлцэж байгаа асуудлыг эсэргүүцэх бүлэггүй Улсын Их Хурал” нийтлэлээр хөндсөн билээ.

Үндсэн хууль зөрчсөн шинжтэй гэж үзэж буй Ерөнхий сайдыг томилсон шийдвэр, тус шийдвэрийг гаргах ажиллагаа Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянуулахаар өнөөдөр буюу 2024 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд “мэдээлэл” гаргалаа.

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулахаар 2024 оны 07 сарын 05-ны өдөр нэр дэвшүүлсэн. Гэтэл ийнхүү нэр дэвшүүлэхээс хоёр өдрийн буюу 2024 оны 07 сарын 03-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нь МАН Засгийн газар байгуулах талаар бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулан зөвшилцөж байгаа гэж тайлбарласан.

skip-share

Ерөнхий сайдад хүн нэр дэвшүүлэхээс өмнө бусад нам, эвсэлтэй энэ талаар зөвшилцөх нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй.

Ялангуяа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээс өмнө ийнхүү ажлын хэсэг байгуулснаас харвал Засгийн газрыг байгуулах гэдэгт хэн Ерөнхий сайд байх вэ гэдэг асуудал ч мөн хамаарна гэдэг нь ойлгомжтой.

Харин аль нэг нам олонх болсон тохиолдолд тухайн олонх болсон нам Ерөнхий сайдад хүн нэр дэвшүүлэхээс өмнө бусад нам, эвсэлтэй энэ талаар зөвшилцөх нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; … Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж заасан байдаг.

Энэ нь нэг талаас агуулгаараа хэрвээ аль нэг нам олонх болсон бол Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухайн хүн нь нам дотроо итгэл хүлээсэн байх гэсэн шалгуурыг илэрхийлж байгаа гэж тайлбарлаж болно. Тухайлбал, өнгөрсөн 6-р сарын УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээс харахад МАН-аас ердөө 5 гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болохыг дэмжихгүй байхад л тэрээр Ерөнхий сайдаар томилогдох боломжгүй болох нөхцөл байдалтай байсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэхүү томилгооны хэрхэн явагдсан байдлаас харвал тэрээр өөрийн Ерөнхий сайдаар томилогдох баталгаагаа хангахын тулд Үндсэн хуульд заасан зарчмыг илтэд зөрчсөн гэж хардах үндэслэлтэй байгаа юм. Ингэж хардаж буй иргэд, улс төрчид, судлаачид ч олон бий. Иймд, Үндсэн хуулийн цэцээс энэхүү маргааныг эцэслэн дүгнэж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулахтай холбоотой ажиллагаа, шийдвэр гаргалт, цаашилбал УИХ-ын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол зэрэг нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ хүрээнд мэдээж “Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхтэй холбоотой улс төрийн намын шийдвэр, үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэц хянах уу?” гэх асуулт сөхөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ, нэгэнт нэр дэвшүүлэх процесс нь өөрөө зөрчилтэй явагдсан бол түүнд үндэслэн томилох шийдвэр нь хууль ёсны байдлаа алдана гэж үзэх ч үндэслэлтэй.

Нөгөөтээгүүр, “давхар дээл” буюу Засгийн газрын бүрэлдэхүүнд байж болох УИХ-ын гишүүдийн тоотой холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянахдаа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж тайлбарлаад Үндсэн хуулийн цэцийн хяналтын объект буюу Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт үл хамаарах асуудлыг хянан шийдвэрлэх жишиг тогтоосон Үндсэн хуулийн цэц нь энэ асуудлыг ч мөн ач холбогдол өгч хүлээн авч шийдвэрлэнэ гэж итгэж байна.

Ингээд, Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн шаардлага, үндэслэлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе.

Мэдээллийн шаардлага:

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурал нь Ерөнхий сайдыг томилохдоо Үндсэн хуульд заасан Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэх, томилох шийдвэр гаргах ажиллагааны журмыг буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахЕрөнхий сайдыг томилсон Улсын Их Хурлын 2024  оны 07 сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах, Үндсэн хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгуулах;

Энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дэх заалт, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолын “ҮНДЭСЛЭЛ” хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн гаргаж байна.

Шаардлагын үндэслэл:

Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ажиллагаа нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд улмаар Улсын Их Хурлын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Үндсэн хуулийн 39.2-г зөрчиж нэр дэвшүүлсэн хүнийг томилсноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван долоо дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн энэхүү мэдээллийг буюу мэдээллийн шаардлагыг гаргаж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хууль (“МУҮХ”) – ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурал (УИХ) – ийн сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ нь Ерөнхий сайдыг хэрхэн нэр дэвшүүлж, хэрхэн томилох журмыг заасан байдаг.

Тус хэсэгт зааснаар хэрвээ аль нэг нам, эвсэл УИХ-д олонх суудал авсан бол тухайн нам, эвсэл Ерөнхий сайдад томилуулах хүнийг дангаараа нэр дэвшүүлэх зохицуулалттай. Нөгөөтээгүүр, мөн хэсэгт хэрвээ аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад томилуулах хүнийг нэр дэвшүүлэх зохицуулалттай байна.

МУҮХ-ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.”

Өөрөөр хэлбэл, энэ заалтад зааснаар аль нэг нам олонх болсон бол тус нам Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэхдээ бусад нам, эвсэлтэй зөвшилцөхийг зөвшөөрөөгүй буюу хориглож байна. Энд, нийтийн эрх зүйд нийтийн эрх зүйн субъектийн эрх хэмжээний хүрээ, хязгаарыг тодорхойлохдоо зөвшөөрөгдсөнөөс бусдыг хориглодог гэх зарчмыг дурдах нь зүйтэй.

Гэтэл, МУҮХ-ийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу УИХ нь 126 гишүүнтэй байхаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам (“МАН”) нийт 68 суудалтай болсноор УИХ-д олонх суудал авсан нам болсон хэдий ч МАН нь Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэхээсээ өмнө бусад нам, эвслүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлж, томилууллаа.

Тодруулбал, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нь хэвлэл, олон нийтэд хандан өгсөн мэдээлэлдээ МАН нь Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэхээсээ өмнө бусад нам, эвсэлтэй зөвшилцсөн тухай үйл баримтыг дурдсан. Олонх болсон МАН Ерөнхий сайдаар томилуулахаар Л.Оюун-Эрдэнийг 2024 оны 07 сарын 05-ны өдөр нэр дэвшүүлж, УИХ мөн өдөр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон бол үүнээс 2 өдрийн өмнө буюу 2024 оны 07 сарын 03-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нь МАН засгийн газар байгуулах талаар бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулан зөвшилцөж байгаа талаар дурдсан.

Н.Энхбаатарын хэвлэлд өгсөн мэдээллийг мэдээллийн www.gogo.mn сайт 2024 оны 07 сарын 03-ны өдөр нийтэлсэн[1] бөгөөд тус нийтлэлийн энэ мэдээлэлд холбогдох хэсгийг хэсэгчлэн оруулав:

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өнөөдөр томилогдсон Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээАжлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийхэд бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх, шинэ Засгийн газрыг байгуулах, шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар УИХ-д суудал авсан нам, эвслүүдтэй санал солилцоно. …

Энэ нь МУҮХ-д заасан Ерөнхий сайдаар томилуулах хүнийг нэр дэвшүүлэх, цаашлаад томилуулах зарчмыг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна. Цаашилбал, мэдээлэл гаргагч иргэний миний хувьд МУҮХ-ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “олонх болсон нам бусад зөвшилцөлгүй дангаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх” агуулга бүхий заалтыг тухайн олонх болсон намын гишүүд төдийгүй УИХ-аас тус Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буй хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулахаар “итгэл хүлээлгэх” шалгуурыг агуулж байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлцэл, ийнхүү Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэхтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийвэл тус олонх болсон намын гишүүд нь түүнд итгэл үзүүлэхгүй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас тус нам олонх болсон хэдий ч түүнийг нэр дэвшүүлэхдээ МУҮХ-ийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

МУҮХ-ийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:” гээд, тус хэсгийн 1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байдаг.

Мөн, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолын ҮНДЭСЛЭЛ хэсгийн 5 дахь заалтад “Хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал нь дэлхий нийтийн түгээмэл, эрхэм дээд үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдсөн байдаг” болохыг дурджээ.

Түүнчлэн, МУҮХ-ийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасан байдаг.

Иймд, хууль дээдлэх зарчим, Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй энэхүү томилгоо, холбогдох шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс хянан шийдвэрлэж, магадлан тогтоох шаардлагатай байна.


[1] Энэхүү мэдээллийг https://gogo.mn/r/00g45?ref=mongoliastrategycenter.com холбоосоор хамгийн сүүлд 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 14:20 цагт хандаж шалгав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *