Цахилгаан халаалтын системээр гаршсан С.Цэнгүүний аавын компани

0

Эрчим хүчний реформтой холбогдуулан УИХ-д лобби бүлэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ахалж байгаа. Энэ сэдэв анх яригдаж эхлэхэд л УИХ, Засгийн газрын хүрээнд идэвхтэй ярьж, ажилласан хүн. “Төрийн ордонд реформыг ганцаараа яриад сошиал орчинд шүүмжлүүлж байна” гэж эерүүлэх гэж ч үзэв.

Гэвч ачир дээрээ тог, цахилгааны үнэ нэмэгдэх мессежийг нийтэд зөв ойлгуулах, пи-арын ажилд НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ гаргаж өгөхөөр хөшигний ард тохирсон гэх мэдээлэл яригдаж буй. Мэдээж олон нийтэд зориулсан ийм тод мессежийг зүгээр хийчихгүй.

Түүний хамаарал бүхий компаниуд эрчим хүчний салбарт хамааралтай эсэхийг хүргэе.


-Аавынхаа компианаас ажлын гараагаа эхлүүлж, нам руу орсон богинохон намтар-

УИХ-ын гишүүн C.Цэнгүүний хувьд гэр бүлийнхээ компаниудаар ажлын намтраа зузаатгаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэнэт АН-д орж ирсэн нэгэн.

2017 онд ШУТИС-ийг маркетингийн менежерээр төгссөн. Төгсмөгцөө аав Сүхээгийн Саруулсайханыхаа “Атмор” ХХК-ийн маркетингийн менежерээр, 2020 оноос “Атмор” ХХК-ийнхаа ТУЗ-ийн даргаар томилогдсон. Гэсэн атал 2022 онд улсын бүртгэлийн мэдээллээс нэрээ хасуулжээ. 2020-2022 онд “ШТАБ левел” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь сонгуулийн өмнө нилээдгүй асуудал дагуулж, өнөөдөр ч шүүмжлүүлсэн хэвээрээ буй.

Улмаар сонгуулиас ганцхан жилийн өмнө 2023.12.18-наас Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болсон. 2024.01.01-нээс Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон тооноор ороод ирсэн билээ.

“Атмор” ХХК-ийг анхлан дэмжиж, бойжуулсан гэгддэг улс төрч бол Ж.Батсуурь юм. Тэрбээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ томоохон тендер гүйцэтгэлийн ажлууд өгч, С.Саруулсайхан түүний арын албаны ахуйн ажлыг зохицуулсаар ирсэн түүхтэй. Саях 2024 оны сонгуулиар ч тэр, Ж.Батсуурийн нөлөөллөөр С.Цэнгүүнийг жагсаалтын эхэнд эрэмбэлж, намн гишүүдийн бухимдлыг төрүүлээд амжсан.


-С.Цэнгүүний аавын компани З.Энхболдын үед төрийн ажлуудад гүйцэтгэгчээр ажиллажээ-

С.Цэнгүүний аав Сүхээгийн Саруулсайхан.

Түүний үүсгэн байгуулсан “Атмор” ХХК нь улсын бүртгэлд аялал жуулчлал, түлшний үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн бүртгүүлжээ.

Гэвч албан байгууллага, амины орон сууцны цахилгаан халаалт, бохирын септик систем, цэвэр халуун усны системийн ажлуудыг гүйцэтгэдэг. 2003 оноос хойш төвийн шугамд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын инженерингийн шийдэл, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга чиглэлээр ажиллаж байгаа.

З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед энэ чиглэлээрх төрийн байгууллагын ажлуудын гүйцэтгэгчээр ордог байжээ. Тухайлбал,

Нэг. Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2014 онд СХД-ийн 30-р хорооны нутаг дэвсгэрийн “Хилчин” хорооллын 168 айлын дахин төлөвлөлийг хийж, жишиг хороолол болгох төслийн гүйцэтгэгчээр ажиллажээ.

Хоёр. Мөн “Атмор” ХХК нь Чингэлтэй дүүргийн Хайлаастын 49 дүгээр сургуулийн гадна “Бохирыг цэвэршүүлэх байгууламж төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн 22 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн. Эл ажилдаа 50-100 жилийн ашиглалтын амлалт өгч байв.

“Атмор” ХХК тухайн үед төрийн ажил төрийн томчуудад ойрхон байсан шалтгаан нь А.Ганбаатар. Тэрбээр, С.Саруулсайхантай арван жилийн нэг ангийн найзууд. А.Ганбаатар нь Ц.Элбэгдоржийн “Пи-ар” багийн удирдагч, сонгуулийн дараа хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан намтартай.


-Хамаарал бүхий компаниуд нь цахилгаан халаалт, бохирын системээр дагнан үйл ажиллагаа явуулж байна-

Өдгөө Дамдины Цэцэгээгийн хувь эзэмшиж, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй “Атмор” ХХК дараах компаниудтай холбоо хамааралтай байна.

  • 6091164 “Атмор” групп Сүхээгийн Дэлгэрбаярынх. Тус компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  • “Атмор групп” нь Дамдины Цэцэгээгийн эзэмшдэг “Атмор пропертиз”, “Атмор констракшн” компаниудын хувьцаа эзэмшигч.

Товчхондоо УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хамаарал бүхий компаниуд нь барилга, цахилгаан халааалтын системийн салбарт удаан тогтножээ.

Бидэнд олдсон мэдээллүүдэд, тус компани удирдлагын хувьд тогтворгүй байж ажилчдынхаа цалинг өгдөггүй гэх шүүмжлэлд өртөж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *