“Н.Өнөрцэцэгийн бөөр нь өвдсөн, хаван ихтэй мөн нойргүйдэлд орсон. Биеийн байдал нь хүнд байна” гэлээ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих ангид давж заалдах шатны шүүх хурлаа нээлттэй явуулахыг шаардаж, 52 цагийн турш өлсгөлөн зарлаад байна. Түүний биеийн байдлаар талаар өнөөдөр /2024.11.06/ өмгөөлөгч нь мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч Ц.Хишигжаргал “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Даваа гаригаас эхлэн Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч өлсгөлөн зарлаад 52 цаг болж байна. Эмчийн үзлэгээр Н.Өнөрцэцэгийг бөөрний архаг үрэвсэлтэй гэж оношилж, өлсгөлөн зарлавал маш эрсдэлтэй гэж дүгнээд өлсгөлөн зарлах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Гэвч Н.Өнөрцэцэгийн зүгээс өлсгөлөн зарлахаа шийдэж одоо хүртэл юм идээгүй, үргэлжлүүлж байна. Биеийн байдлын хувьд бөөр нь өвдсөн, хаван ихтэй мөн нойргүйдэлд орсон байдалтай байна. Дөнгөж сая уулзаад гарч ирэхэд Н.Өнөрцэцэг их тамирдаж ядарсан байна” гэлээ.