СУДАЛГАА: Монголчуудын амьдрал өглөө 07.00 цаг гэхэд өрнөж эхэлсэн байдаг
Монгол хүний амьдралын хэв маягийг тодорхойлж, өдрийн 24 цагт юу юу хийж, түүндээ хэчнээн цаг хугацаа зарцуулж байгааг судалснаа ҮСХ тайлагналаа.
Судалгаанд дурдсанаар монголчуудын амьдрал өглөөний 7 цаг гэхэд эд дундаа өрнөж эхэлсэн байдаг гэлээ. Энэ цагт аль хэдийн ажилдаа, хичээлдээ явахаар гэрээс гарсан байдаг аж. Харин ихэнхдээ 10-12 цагийн хооронд өглөөний цайгаа ундаалдаг байна.
Тэгвэл хоногийн 24 цагийг юунд зарцуулж байгааг харвал, нийт цагийн,
- 51 хувийг унтах, хооллох, зайлшгүй хувийн хэрэгцээ хангахад,
- 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд,
- 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна.
Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ.
Монгол хүн 24 цагийн зөвхөн 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна.
Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд ямар нэг байдлаар үнэлэгдээгүй байна.
Илүү бодитоор бол, ажлын таван өдрийн дийлэнх цагийг хөлстэй хөдөлмөрт цаг царцуулж, ар гэрийн чухал хэрэгцээний ажлыг амралтын хоёр өдрөө амжуулах нь элбэг аж. Амралтын өдрүүдэд хөдөлмөр эрхлэх цаг ажлын өдрөөс 25 минутаар л бага байна гэсэн дүн гарсан бөгөөд хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм.
Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд боловсруулж тайлагнадаг. Өмнөх судалгаатай харьцуулахад эерэг үр дүнтэй статистикууд гарсан хэмээн ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг тайлбарлав.
Тэрбээр “Цаг ашиглалтыг хэмжихдээ тодорхой үйл ажиллагаанд тухайн хүн өдөрт дунджаар хэдэн минут зарцуулж буйгаар тооцдог. Өдрийн 24 цаг нь 1440 минут болох ба ямар үйл ажиллагаанд зарцуулж буйг тооцсон. Хүйсээр,
- Эрэгтэй 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулдаг бол эмэгтэй 220 минутыг,
- Эрэгтэй 136 минут хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг бол эмэгтэй 273 минутыгтус бүр зарцуулж байна.
Хөлстэй хөдөлмөр гэдэг нь ААН-д ажиллах, орлого олох зорилгоор мал аж ахуй эрхлэх, өрхийн хэрэглээнд зориулж мал аж ахуй эрхлэх, усанд явах, түлээ, түлш бэлтгэхийг хэлж буй.
Харин хөлсгүй хөдөлмөр гэдэг нь гэрийн ажил хийх, гэр бүлийн гишүүдэд туслах, өрхийн гишүүдийг цалин хөлсгүй асрах, цалин хөлсгүй сайн дурын ажил гэх мэт ажлуудыг хэлнэ.
Өмнөх буюу 2019 гаргасан цаг ашиглалтын судалгаатай харьцуулбал, эрэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж байгаа хоёр дахин нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй гарлаа.
Яагаад эерэг үзүүлэлт вэ гэвэл, эмэгтэйчүүдийн хийж байгаа энэ гэрийн бүх ажилд их хөдөлмөр зарцуулдаг гэдгийг ойлгож, тэднийг үнэлэх мэдрэмж нэмэгдсэн болов уу гэж бодож байна.
Гэхдээ насны бүлгээр харахад цаг зарцуулалт арай өөр дүн харагдана.
- 12-17 насныхан боловсролд 263 минутыг, чөлөөт цагтаа 227 минут зарцуулдаг.
- 10-24 насныхан хөлстэй хөдөлмөр 265 минут, хөлсгүй хөдөлмөр 185 минут, боловсролд 84 минут зарцуулж байна.
- 25-29 насныхны хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг ихсэж, боловсролд зарцуулах цаг 6 минут болсон.
- 60-аас дээш нас чөлөөт цаг болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг ихэссэн гэх мэт дүнгүүд гарлаа” хэмээн ярьсан юм.
Монгол орны хаана амьдарч байгаагаас хамааран хүн амын цаг ашиглалт ялгаатай. Хүн амын амьдарч буй байршлаар илрэх цаг ашиглалтын хамгийн том ялгаа нь хөдөөд хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд хотынхноос илүү их цаг зарцуулдаг.
ХӨЛСТЭЙ БОЛОН ХӨЛСГҮЙ НИЙТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ХӨДӨӨГИЙН ХҮН АМ ХОТЫН ХҮН АМААС ӨДӨРТ ДУНДЖААР 13.9 ХУВИАР ИЛҮҮ ЦАГ ЗАРЦУУЛДАГ
Хотод ААНБ-д ажиллах зонхилсон хөлстэй хөдөлмөр давамгайлдаг бол хөдөөд мал маллах зонхилсон өрхийн эцсийн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөлстэй хөдөлмөр давамгайлна. Хөдөөд МАА эрхлэх хөлстэй хөдөлмөр эрхлэлт их учраас боловсролын үйл ажиллагаа, чөлөөт цаг, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулах цаг хотынхоос хомс гэдгийг онцолсон юм.
Статистикийн тухай хуулийн дагуу 4 жил тутам боловсруулдаг судалгааг 2000 оноос эхлэн явуулж, 7 аймаг, нийслэл 1086 өрхийг хамруулан судалж байжээ. Оноор,
- 2007 онд 8 аймаг, нийслэл 3200 өрх
- 2011 онд 8 аймаг, нийслэл 4000 өрх
- 2015 онд 8 аймаг, нийслэл 4000 өрх
- 2019 онд 8 аймаг, нийслэл 4000 өрх
- 2023 онд улсын хэмжээнд түүврийн аргаар 23394 өрхийг хамруулан судалжээ.