Д.Оюунсүрэн: АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа үргэлжлээд явна

0

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Оюунсүрэнтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон манай улсад нөлөөлөх нөлөөллийн талаар ярилцлаа.-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод хамгийн их нөлөөлдөг. Энэ удаагийн сонгуулийн онцлог юу байв?-АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшин 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус улсын түүхэнд хоёр дахь тохиолдол боллоо.  130-д жилийн өмнө нь Ардчилсан намын нэр дэвшигч Гровер Кливленд АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.Сонгуулийн кампанит ажлын үеэр БНН-ын нэр дэвшигч Трампын амь насанд халдах оролдлого хоёр ч удаа гарсан.   Түүнчлэн энэ сонгуульд  анх удаа өнгөт арьст эмэгтэй Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон. Ерөнхийлөгч Жо Байден дөнгөж өнгөрсөн долдугаар сард сонгуулиас нэрээ татаж, Дэд ерөнхийлөгч Камала Харрис АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцох эрхээ авч, маш богино хугацаанд кампанит ажлаа явуулсан нь ялагдахад нь ихээхэн нөлөөлсөн. Нөгөө талаар Жо Байденыг эрх барих хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, инфляц өссөн, хууль бус цагаачдын тоо нэмэгдсэн зэрэг нь олон америкчуудыг Тармпын төлөө саналаа өгөхөд хүргэсэн.Энэ сонгуулиар ажиглагдсан нэг сонирхолтой зүйл бол Камала Харрисыг эмэгтэйчүүд, харин Трампыг эрэгтэйчүүд илүүтэй дэмжсэн судалгаа гарсан. Энэ бол өмнөх сонгуулиудад огт ажиглагдаж байгаагүй зүйл. Эмэгтэйчүүдийн хувьд үр хөндүүлэх эрх чухал асуудлын нэг учраас Камала Харрисыг илүүтэй сонгосон байх магадлалтай. Ерөнхийдөө Трампад хуучинсаг үзэлтнүүд, христийн шашннтнууд, дээд боловсролгүй цагаан арьстнууд, орон нутгийн сонгогчид илүүтэй саналаа өгсөн дүр зураг харагдсан.    АНУ-ын хувьд ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд парламентын болон 50 муж улсын амбан захирагчдыг сонгох сонгууль явагддаг. Одоогоор Конгрессын дээд танхим болох Сенатад БНН олонх болоод байна. Мөн 27 муж улсад БНН-ын амбан захирагч ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Трамп бодлогоо хэрэгжүүлэхэд Сенатын болон муж улсуудын дэмжлэгийг авах илүү их боломжтой болсон гэсэн үг.-Монгол болон АНУ-ын харилцаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хэрхэн нөлөөлөх вэ?-Монгол Улс АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш ямар нам, ямар ерөнхийлөгч засгийн эрхэнд байгаагаас үл хамаараад маш сайн харилцаатай явж ирсэн. Дипломат харилцаа тогтоогоод гуравхан жилийн дараа буюу 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилж,  “АНУ Монгол Улсын гуравдагч хөрш байж болох юм” хэмээн мэдэгдсэн байдаг.БНН-аас сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жорж У.Буш 2005 онд Монгол Улсад айлчилж, манай улсыг өөрийн санаачлан байгуулсан Мянганы сорилтын корпорацын компакт гэрээнд хамруулах шийдвэр гаргасны үр дүнд, уг компакт гэрээг 2007 онд байгуулж, 287 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан.  2018 онд тус корпорацтай байгуулсан 350 сая ам.долларын хоёр дахь компакт гэрээгээр нийслэлийн цэвэр усны хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа.Ерөнхийлөгч Жо Байден ч 2011 онд АНУ-ын  Дэд ерөнхийлөгчийн хувиар манай улсад  айлчилж байсан.АНУ бол Монгол Улсын стратегийн түншлэлтэй таван улсын нэг юм. Тийм ч учраас АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад энэ харилцаа үргэлжлээд явна.-АНУ-ын Монгол дахь ашиг сонирхол юу вэ?-АНУ-ын хувьд одоогоор манай улсад эдийн засгийн юм уу худалдааны ашиг сонирхол бараг байхгүй. Харин авторитар дэглэмтэй, бас АНУ-тай төдийлөн сайн харилцаатай биш хоёр их гүрний дунд оршдог, ардчилсан улс гэдгээрээ л сонирхлыг нь татдаг байх. Монгол, АНУ-ын хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ 316 сая ам.доллар, энэ нь бидний Хятадтай хийдэг 16 тэрбум ам.долларын худалдаатай харьцуулашгүй өчүүхэн тоо юм.Хэдийгээр Монгол Улсад АНУ-ын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хоёр улсын Засгийн газар эрмэлздэг ч эцсийн шийдвэрийг америкийн бизнес эрхлэгчид л гаргана. Гэтэл тэдний олонх нь Монгол гэдэг ямар улс байдгийг ч мэдэхгүй. Нөгөө талаар яг хөрөнгө оруулъя гэсэн хүмүүс судлаад эхлэхээр манай хөрөнгө оруулалтын орчин таатай бус, хуулийн засаглал сул, гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардах тохиолдол олон гэдэг нь гараад ирдэг. -Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп Украины дайныг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ шийдвэрээс шалтгаалж дэлхийн улс орнуудын асуудал өөрчлөгдөх үү?-Сонгуулийн кампанит ажлын үеэр Доналд Украины дайныг дор нь зогсоож чадна гэж олон удаа мэдэгдсэн ч яг яаж гэдэг талаар тодорхой хариулт огт өгөөгүй. Гэхдээ Украиныг Орост буулт хийж, гал зогсоох хэлэлцээр байгуул гэж шахах магадлалтэй. Өнөөг хүртэл Украины Ерөнхийлөгч Зеленски Оросын түрэмгийлэгчдэд ямар ч буулт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Харамсалтай нь АНУ-аас үзүүлэх зэр зэвсэг, санхүүгийн тусламж багасах юм уу, зогсох юм бол Украин маш хэцүү нөхцөл байдалд орох болно.   -Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *