Ц.Даваасүрэн Хөвсгөлийн бүх сумдыг бяслагны үйлдвэртэй болгох нэрийдлээр төсвөөс дахин 20 тэрбум төгрөг нэхэж байна
УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин УИХ-д олон сонгогдсон гишүүд Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр өөрсдийн тойрогтоо төсөв нэмж тавиулдаг увайгүй үйлдлүүдийг харлаа гэж мэдэгдээд байгаа. Тухайлбал Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар төсвийн хөрөнгөд хэрхэн хандаж, өөрсдийн тойрогтоо тэрбум тэрбумаар нь төсөв авахаар чичирч буй тухай шүгэл үлээсэн.
Тэгвэл Н.Энхтүвшин гишүүний яриад байгаа нь үнэн. Тухайлбал УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийнхаа бүх сумдыг бяслагны үйлдвэртэй болгоно гээд ирэх оны төсөвт ахиухан мөнгө суулгуулахаар улайрч байна. Хөвсгөл аймгийг бяслаг экспортлогч болгоно гэх сайхан нэртэй, саармаг төсөл яриад удлаа. Ганц нэг үйлдвэр ч биш. Хөвсгөлийн бүх сумдыг бяслагны үйлдвэртэй болгоно гэж зүтгэж буй. Тэрбээр 2021 оноос хойш улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулж бяслагны үйлдвэр бариулж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч үйлдвэр ашиглалтанд ороогүй бөгөөд ирэх оны төсөвт нэмж 20 тэрбум төгрөг Бяслагны үйлдвэр нэрээр суулгуулахаар нэхэж байна.
Тэрбээр өчигдөр/2024.11.07/ өөрийнхөө цахим хуудсаар “Бяслаг экспортлогч аймаг болно. Бид дан ганц нүүрсний экспортын орлогоор амьдарч болохгүй. Нүүрсний үнэ унавал, хэрэглээ буурвал манай улс орон санхүүгийн хувьд хямрах эрсдэлтэй. Экспортын олон эх үүсвэртэй болохын нэг боломж бол ХАА-н салбар. Өөр бидэнд хийгээд гадагш экспортлох зүйл алга. Гадны бяслагны 60-70 хувь нь л сүү. Манайх цэвэр 100 хувь сүүний эко бяслаг үйлдвэрлэх боломжтой орон. Хувийнхан хийнэ хийгээд 30 жил боллоо. Бараг байхгүйтэй ижил. Тиймээс аймгийнхаа бүх суманд өндөр технологийн бяслагын үйлдвэр бариулж байна. Гадныхан биднийг үйлдвэрлэгч биш халамжийн ядуу улс байлгаж хараат байхыг эрмэлздэг. 90 онд бидний үйлдвэрүүдийг хэрхэн дампууруулсныг мартаж болохгүй. Тэр бодлогыг нь сурталчлагч харийн цустай зарим нэг манайхан зогсоох гэж улайрч байх шиг. Нохой хуцаж л байг жингийн цуваа зогсолтгүй явж очих зорилгодоо хүрэх болно.” гэж мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн сум бүрийг бяслагны үйлдвэртэй болгох нэрээр татвар төлөгч бидний мөнгөнөөс авах зорилгодоо зогсолтгүй явж хүрэх бололтой.
УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин: Бидний (төсвийн) мөнгөөр дахин дахин сонгогдож дарга, сайд хийхийн тулд энэ мэт “чихрийн цаас”-аар далд санаагаа ороодог юм байна лээ.