Ц.Доржготов: Би шударга ёсны төлөө гомдол гаргасан

0

Монгол Улсын Төрийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Доржготов хошин урлагийн “X-TҮЦ” хамтлагийг шүүхэд өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Онон, И.Одончимэг нар Ц.Доржготов зохиолчийн өгүүллэг, туужаас хулгайлан“Хотын найз”, “Базарваань”, “Эцсийн амлалт” “Дэлхий даахгүй баян” зохиолуудаар зөвшөөрөл авалгүй инээдмийн контент болон тайзны үзэгдэл болгон тогложээ. Олны танил жүжигчдийн оюуны хулгайн хэргийг шийдэх явц удаашралтай байгаа тул байр суурийг нь сонслоо.


-Хүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй хуулах, гаргасан санааг нь хулгайлах гэдэг бол соёлт ертөнцөд хүлээн зөвшөөрөх аргагүй гэмт хэрэг. Тийм байтал олны танил жүжигчид хийсэн хэрэгтээ гэмшиж, буруугаа хүлээх байтугай өөрсдийгөө өмөөрөөд байгаа нь харамсалтай байна?

-Миний бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан нь зөвхөн миний хувийн асуудал биш л дээ. Хүний зохиол бүтээлийг хэлэлгүй ашиглачихдаг “плагиаризм” (бүтээлийн хулгай) гэдэг зүйл зөвхөн одоо биш, дээр үеэсээ л байсан юм. Ер нь хүн төрөлхтөн, аль ч нийгэмд энийг зөвшөөрдөггүй юм байна л даа.   Оюуны хулгай бол эд мөнгөний хулгайгаас дор. Яагаад гэвэл, оюуны баялаг гэдэг эд баялгаасаа ховор, ерөнхийдөө оюуны гайхамшиг, хөгжим ч бай, уран зураг ч бай, шинжлэх ухааны нээлтүүд ч бай хүний тархинаас гарахдаа төвөгтэй. Ховор, төвөгтэй юмаа хүн төрөлхтөн дээдэлж, нандигнаж, хүндэлж иржээ. Тийм учраас хүн төрөлхтний бүхий л нийгэмд, миний мэдэхээс социализмд ч тэр, капитализмд ч тэр, оюуны хулгай гэдэг хууль гаргах хэмжээний чухал асуудал болж, гаргасан хуулиа хэрэгжүүлж биелүүлэхийг шаардаж ирсэн.

Хууль ялимгүй ч гэсэн зөрчигдөхөд “жаахан юм даа, яльгүй юм даа” гээд өнгөрөөдөг зан Монголд их байдаг. Ухаантайдаа япончууд, германчууд, англичууд хууль зохиогоод, түүнийгээ мөрдөөд ирсэн юм биш, амьдралын шаардлагаар гарсан юм.

Бид хотжоод ирэхээр тэр замаар орохоос яах вэ. Тэр утгаараа би миний оролддог жанраар явж байгаа, амжилт олж байгаа уран бүтээлч, жүжигчдэд “Одоо энэ оюуны хулгайгаа боль” гэсэн юм. “Энийг цааш нь үргэлжлүүлж болохгүй, та нар болоод та нараас хойш ер нь Монголд оюуны хулгай байх ёсгүй” гэсэн үзлийн үүднээс би эсэргүүцэж байгаа юм.

Би чинь мораль бичдэг зохиолч. Тэр хэдэн жүжигчин байтугай Ерөнхийлөгчөөс авахуулаад бүгдийг нь буруу юм хийсэн бол бичнэ. Энэ үзэл баримтлалаасаа би салахгүй. Ийм үзэл баримталдаг хүн чинь “би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, миний шүүмжлэл зөв үү, буруу юу” гэдгийг үргэлж нягталдаг юм. Тэгэхээр би жүжигчдээс гомдол нэхсэнээ олон удаа эргэж хургаж нягтлаад “энийг хэлэх нь зөв юм байна, таслан зогсоох нь зөв юм байна” гэж бодсон.

-Та энэ тухай хэзээ мэдсэн бэ, шүүхэд хандах шалтгаан нь юу байв?

-Ерөнхийдөө жижиг хулгай, жижигхэн юмыг хулгайлах гэдэг чинь хоёр талтай. Нэгд нийтлэг түгээмэл байдаг, хоёрт хүн хэрэгсэхгүй хаядаг. Энэ бүлэгт миний зохиолын хулгай хамаарах байх. Тиймэрхүү жижиг хулгай их байгааг талийгч Шагдайн Цэнд-Аюуш, Жаргалын Барамсай бид нар уулзахаараа харамсаж ярьдаг байсан юм. Зах зээлд ороод монголчууд бүгдээрээ юу хийх вэ, яах вэ гэж туйлдаж байх үед бид ч гэсэн, хошин шогийн жүжигчид ч гэсэн зовлон бэрхшээлийг эдэлж л явсан. Тэгээд зах зээлийн нийгэмд орлоо, хошин шогийн жүжигчид маань нэлээн олон жил тоглолт хийлээ.

Тэднийг гайгүй хөөрхөн амжилт олоод, подхийсэн амьдралтай болоод явж байгаад би баярлаж явдаг. Баярлаж явдаг болохоороо миний бүтээлээс хуулаад, өөрийн болгоод тоглоод давхиад байгаад нь бас жаахан хүлцэнгүй хандсан юм.

Би чинь настай хүн, хаана юу гарч байгааг мэдэхгүй шүү дээ, тоглоод л байдаг, амжилт олоод яваад байгаа бололтой л байдаг, овоо доо гээд залбираад байдаг юм. Тэгээд “одоо боль оо” гээд хэлсэн чинь нэг үг дуулдсан. “Нэг муу, хариугүй муу юмыг чинь бид нар авьяас билгээрээ тордоод, олны хүртээл болгосонд та нар гомдох байтугай баяр хүргэх хэрэгтэй” гэсэн санаа цухалзсан. Түүнийг сонсоод гомдол маань ихэссэн.  Хүний юм авч ашиглачихаад дээрэнгүй зан гаргах чинь ёс зүйгүй хэрэг, манай үндэстний ёс суртахуунтай таарахгүй шүү дээ. Эцсийн эцэст олон юм яриад яах юм. Одоо чинь техник хөгжсөн цаг, авсан аваагүй гэж маргах хэрэггүй. Ямар өгүүллэгээс юу юу авч, яаж хувиргаж вэ гээд тоглолт, хуурцагных нь бичлэгээс шүүхэд, баримтаар нотлогдоно. Нэгэнт гомдол гаргаад, өргөдлөө өгсөн юм чинь одоо шүүх нь ажлаа хийж, шийдэх л хэрэгтэй. Хошин шогийнхон хуулиараа ямар шийтгэл байдаг юм, түүнийгээ хүлээнэ биз. Ийм л байна.

-Социализмын үед нэгнийхээ бүтээлийг хуулах, санааг нь хулгайлах тохиолдол хэр байсан бэ?

-Байсан юм аа, гэхдээ нийтлэг биш. Өнөөдөр яагаад ихсээд байна гэвэл зах зээлийн нийгэм шүү дээ. Социализмд эдэн шиг тоглоод мөнгө олохгүй шүү дээ. “Инээдмийн театр” байгууллаа гэхэд хэдэн төгрөгийн цалин тогтоогоод, улсад ажил хийж байгаа гээд тооцоод явна. Театр нь орлого оллоо гэхэд мөнгө нь улсын төсөвт орчихно.

Тэгэхээр ийм зарга олон үүсдэггүй, зүгээр нэг хурал хуй дээр ярьдаг юм уу, дарга нь зэмлээд өнгөрдөг байсан байх. Харин Зөвлөлтөд хатуу ширүүн шийтгэдэг байсан. Уран бүтээлч хүн нэг юмнаас ичиж явах хэрэгтэй. “Би хийчихсэн юм” гээд онгироод, галзуураад яваад байсан чинь тэр нь хүнээс хулгайлчихсан зүйл байвал хэн ч бодсон шившигтэй биз дээ.

Шог зохиол бичих, шог зураг зурахад авьяас маш чухал санагддаг?

-Хошин шог гэдэг чинь хачин, этгээд сэтгэлгээ л дээ. Хошин шогийн гол багаж бол хэтрүүлэг. Хүн хэвийн юмыг үнэнээр нь хэлэхээр тоодоггүй. Дандаа тийм амьдрал байхаар, хүн чинь уйдамхай. Үргэлж нэг өнгийн хувцас өмсөөд байвал өөр өнгийн хувцас сонирхдог ч юм уу, төрөлхөөс заяасан нэг юм байна л даа. Тэгэхээр энгийн хэвийн сэтгэлгээнээс хэтрүүлэгтэй, урвуу утгаар ойлгогдох хэллэг юм уу сэтгэмжээ маш урнаар, хүн барагтай бодож оломгүй огцом хурц сэтгэлгээгээр гаргасан юманд дурладаг “гажиг”-ийг бурхнаас хүн болгонд заяажээ. Энгийн, ерийн юм уйтгартай, гэтэл адтай юм олж харах гэдэг бурхнаас заяасан “гажиг” чинь, хэтрүүлэгтэй юм үзэх, урвуу хөрвүүгээр дүрсэлсэн юм үзэх дон чинь хошин шогийн зах зээл байгаа юм. Тийм л уншигч, үзэгч олон байгаасай гэж, тэр “гажиг” нь бүр хөгжөөд, моод хөөцөлддөг хүүхнүүд шиг тэр “гажгаа” байнга өөрчилж байгаасай гэж би боддог байхгүй юу.

Тэгтэл одоо хошин шогийн нэг харамсалтай юм бол гүжир гүтгэлэг, хирдхийлгэмээр аймаар юмыг гүжирдээд, гүтгээд ч хамаагүй сөхөөд гаргаад ирвэл, сенсааци юм даа, түүн рүү хошуураад байна. Энэ чинь нөгөө хошин шогоор аргадаж, илбэдэж инээлгэх юмыг чинь нялаад байгаа юм.

Гэхдээ энэ бол цаг хугацааны л юм. Яваандаа орхино оо. Өвчинг хэлдэг шүү дээ. “Эмнээд хэрэггүй ээ, наадах чинь хоногийн тоотой юм” гэдэг шиг яваандаа ийм байхаа болино. Манай улс хөгжихөөрөө хүний үнэтэй сэтгэлгээ, шинжлэх ухааны үндэстэй юм руу явах байх.

Би Монголын шог зохиолч, зураачдад, ер нь монгол хүнд бурхнаас заяасан гажиг нь хөгжөөсэй гэж боддог. Зарим ард түмэнд, би нэрийг нь хэлэхгүй, Азийнханд бий, хошин шогийн мэдрэмж гэж байхгүй шүү дээ. Би олон улсын үзэсгэлэн, уралдаанд шүүгчээр суусан. Тэгэхэд зарим орны бүтээл маш хөгийн юм байдаг юм. Яасан өрөвдмөөр ч юм бэ гэмээр, шоолж инээмээр ч юм шиг. Угтаа тэд төрөхдөө миний түрүүний хэлсэн “гажигтай” төрөө шүү дээ. Тэгээд ахуй амьдрал, нийгмийн байгуулал, төр засаг нь тэр “гажгийг” нь хөгжүүлсэнгүй. Тэгэхээр би яагаад энийг ярьж байгаа юм бэ гэвэл, манай Монголын хойч үеийнхний маань хошин мэдрэмж нь өндөр байгаасай. Хошин шогийн мэдрэмж гэдэг чинь хүний нэг гоёл шүү.

Монголд хүн өв тэгш хөгжинө гэвэл гараас гарсан юм нь “бараак” биш “бэрээнд” болох хэрэгтэй. Чамд ахиад хэлэхэд, зохиол бүтээлээ хулгайлуулсан гэдгийг жаахан тавиарай, тэрэнд нэг их харамсаад үхэх гээд байгаа юм биш. Миний зохиолын үнэт үзэл санааг мушгин гуйвуулж, марзагнал маазраан болгож, мөнгө олох хэрэгсэл болгосонд эгдүүцэж сууна. Би шунасандаа биш шударга ёсны төлөө л гомдол гаргасан. Зарчим л ярьсан. Ярих ч болно. Хүний оюуны бүтээлийг хулгайлж болохгүй, зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй, энэ ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэйг л уриалж байгаа юм.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *