Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн О.Амгаланбаатарын хийсэн сүржин мэдэгдэлд өгөх хариу тайлбар
Бүхэл бүтэн аймаг удирдаж, одоо олон түмнээ төлөөлж УИХ-д сууж байгаа эрхэм гишүүний энэ хуурай мэдэгдлийн эсрэг байгаль, зэрлэг амьтан, мэргэжлийн эрх ашгаа бага ч болов хамгаалах, нөгөө талаар хоосон цэцэрхэлд хариулт өгмөөр санагдаад байж суухын арга үгүй болов.
Нэгэн зүйл:
Наран Сэвстэйн боомт нээхэд Дархан цаазат газарт ямар ч хохирол үүсэхгүй. Тэртэй тэргүй тэр хоосон цөл газар хамгаалах юм юу ч байхгүй, түүнийг сэтгүүлчдэд бодитоор нь үзүүлээд газар дээрээс нь сурвалжилга хийлгэхээр тэднийг ирэх долоо хоногт урьж байгаа тухай дуулгав.
Яг ийм байдлаар үүний өмнө боомт нээх эсэх асуудлаар судалгаа хийж, үндэслэл боловсруулах ажлын хэсгийн хэсэг нөхдийг орон нутгийн дарга нар нөгөө хоосон газраараа дагуулж яваад “юу ч байхгүй хоосон цөл” хэмээх ятгалгаа хийсэн удаатай. Одоо энэ улиг болсон аргаа сэтгүүлчдээр дэмжүүлэхээр санаархаж байгаа хэрэг.
Одоо хэн гуайг ч дагуулан овор, хурд ихтэй олон машинтай тоос татуулан давхиад ямар ч амьтан харахгүй байх нь бараг үнэний ортой. Гэхдээ уг нь энэ газар огт хоосон газар биш. Говь цөлийн ил задгай уудам дайд таруу байршилтай цөөхөн тоотой хоргодож байгаа урт хөлийн амьтад болох Хавтгай, Хулан, Хар сүүлт, Мазаалай аль нь ч сонор соргог амьтад учир алсад байгаа амьтан ажиглах чадвар муутай хот газрын хүмүүст бараагаа харуулахгүй дайжих нь бас үнэн. Амьтан байгаа эсэхийг амьдралын ул мөрөөр нь тандаж мэдэх чадвар дутвал бас юу ч олж харахгүй. Энэ дашрамд Дерсу Узала гэж нэг сайхан кинонд гардаг тайгын эзэн хашир анчин өвгөний үгийг сонордуулмаар санагдах. Орос хэлээр муухан ярих өвгөн хайгуулын ангийн дарга Орос офицерт хэлэхдээ: Чамд нүд байна. Гэхдээ байгалийг, орчин тойрноо бодитоор нь харах билгийн нүд алга хэмээн толгой сэгсрэн гасалдаг. Энэ үгийг эрхэм гишүүнд болон тэнд очих сэтгүүлчдэд ч даймаар санагдав. Үнэхээр Та нөхдөд байгалийн гайхамшгийг харах, мэдрэх, таньж мэдэх, бишрэх билгийн мэлмий нээгдээгүй бол энэ газар “хоосон цөл” нь яах аргагүй үнэн. Билгийн нүдтэй нэгэнд бол хараанд өртөх юм бүхэн, гадаргуугийн тогтоц, хад чулуу, хайрга элс, элдэв эрдэс баялаг, хурдас хуримтлал, шал, хаа нэгтээ нүдэнд тусах хатсан бут, хагдарч унасан ургамлын иш бүхэн Та бидний орон гэр болсон дэлхий ертөнцийн хөгжлийн олон сая жилийн түүхийг өөртөө тээсэн, хүн хэмээх ухаан муутай “ухаантны” ямар нэг болчимгүй үйлдэлд өртөгдөөгүй үлдсэн сүүлчийн алга дарам онгон дагшин газар шороо болохын хувьд энэ “хоосон” нутаг хүн төрөлхтний үнэ цэнтэй өв болдог билээ. Үүний учир уг нь манай Засгийн газрын захиалгаар гадаадын олон байгууллагын экспертүүдийн оролцоотойгоор энэ нутгийг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил ид өрнөж байгаа юмсан…Боомтын уршгаар энэ сайхан ажил юу болж төгсөхийг таашгүй.
Нэгэн зүйл:
Эрхэм гишүүн тэртэй тэргүй хоёр улсын хилийн дагуу туулай ч нэвтрэх арга үгүй хоёр давхар төмөр тортой гэдгийг бүр засгийн газрын арын хашаатай зүйрлэн дурдаад, түүний хажуугаар зам тавихад дархан газарт ямар ч саад тотгор болохгүй хэмээн тунхаглав. Дохиолол дамжуулах хүзүүвчтэй мазаалай цөөхөн жилийн өмнө хоёр удаа “хил зөрчиж” БНХАУ-ын Ганьсу мужийн нутгаар явж байгаад гурван сарын дараа эргэж ирсэн бодит түүх саяхных. Энэ мазаалай хоёр удаа хил “зөрчихдөө” гурван өөр газраар хил давсан байдаг. Юу ч үл нэвтрэх торон хаалт биш ажээ. Гэхдээ мэргэжлийн үүднээс хилийн торон хаалтын талаар огт өөр бодолтой байдгаа энд учирлах гэсэн юм.
Хоёр улсын хоорондын хил бол улс төрийн хил. Зэрлэг амьтдын амьдралын хэрэгцээ шаардлага улс төрийн хилээр хязгаарлагдах учир үгүй. Улсын хилийн бүсийг дамжин амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалах нь олон улсын хэмжээнд анхаарал татдаг нэг зангилаа асуудал. Үүний учир Зэрлэг амьтдын нүүдлийн ховор зүйлийг хамгаалах конвенц 1979 онд Бонн хотноо байгуулагдаж, УИХ 1999 онд соёрхон баталснаар манай улс энэ конвенцэд нэгдэн орсон. Энэ конвенцийн үзэл баримтлал ёсоор хилийн дагуу амьтан үл нэвтрэх хаалт саад байгуулах биш, харин амьтан нааш цааш чөлөөтэй хоёр тийш нэвтрэх боломжийг хангаж байж сая алсад нүүдэллэдэг урт хөлийн тууртан амьтдыг хамгаалах боломжтой гэж үздэг. Энэ үүднээс хил дамнасан дархан газар байгуулах, хилийн энх тайвны парк байгуулах гэх мэт олон санаачилга бий болж байна. Энэ конвенцийн төрөлжсөн байгууллага болох Төв Азийн Хөхтөн амьтны санаачилга (CAMI-Central Asian Mammalian Initiative) хөтөлбөртэй манай улс идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд Хавтгай, Хулан, Тахь мэт амьтны хил дамжих шилжилт хөдөлгөөнийг хангасан шийдлийг олон мэргэжлийн хүмүүс хамтран эрэлхийлж байгааг энэ дашрамд дуулгая. Бид дэлхий нийтийн хөгжил дэвшлийн нийтлэг хандлагатай хөл нийлүүлэхийн тулд хаяагаа манасан, өнөө маргаашаа аргацаасан богинохон бодлоор биш, алсаа харсан ирээдүйтэй, ухаалаг бодлоор асуудалд хандмаар байна.Гишүүний сайрхаад байгаа юу ч нэвтрэх арга үгүй хилийн торон хашаагаар түрий барих нь байгаль хамгааллын орчин үеийн бодлогод нийцэмгүй, явуургүй бодлого болохыг хэлэх байна. Боомт нээгдэж, зам тавигдвал зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнд дахин нэг давхар хаалт үүснэ.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн санхүүжилтээр 1980-1982 онд Говийн их дархан цаазат газрын хамгааллын төлөвлөгөөг боловсруулсан гадаадын мэргэжилтэн нар энэ нутгийг “Төв Азийн цөлийн экосистемийн загвар нутаг”, “Том биетэй олон зүйл ховор хөхтөн амьтны сүүлчийн өлгий” хэмээн онцолж тодорхойлсон байдаг.
Уг нь байгаль орчны улсын байцаагч нар ч нэвтрэх эрхгүй шахам онцгой дархан бүс болох хилийн зурвас үнэхээр амгалан тайван байдаг бол зэрлэг ан амьтад энэ газарт л элбэг баймааарсан. Гэтэл хэрэг дээрээ тийм биш байдаг нь хачирхалтай.
Нэгэн зүйл:
Боомт нээснээр засмал зам тавигдах учир дархан газар, ховор амьтны амьдралд ямар ч аюулгүй хэмээн тунхаглав. Говийн их дархан цаазат газар байгуулагдсан хэдий ч энэ нутгийн ховор амьтны хувь заяа ээдрээтэй хэвээр байна. Үүний шалтгаан юу вэ гэвэл мөн л хүмүүн бидний амиа хичээсэн увайгүй үйлдэлтэй холбоотой. Алтайн өвөр говь хэмээх энэ уудам нутаг 9 сая га гаруй газар нутгийг хамардаг бол түүний тун багахан хувь буюу 333 мянган га газар нэмэгдэл чийгтэй газар. Гэтэл Дархан газрын хойд захын баянбүрдийг (Эхийн гол, Захуй буюу одоогийн Баянтоорой) газар тариалангийн зориулалтаар ашиглах, өмнөд захын баянбүрд, байгалийн уст цэгүүдээр (Цагаан булаг, Хатан суудал, Замын бэлгэх гэх мэт) хилийн анги байгуулснаар зэрлэг амьтдын амьдралыг тэтгэдэг гол “уурхайг” хүн эзэмшиж, зэрлэг амьтдын хувьд тохиромжтой амьдрах орчин улам хумигдсан нь амьтдын тоо өсөхгүй байх гол шалтгаан болж байна. Хэрэв боомт нээгээд засмал замаа огт усгүй газраар ч болов тавьчихдаг юм аа гэхэд амьдрах орчин тусгаарлагдаж хуваагдах, боомтоор гарахын тулд Өмнөговь, Баянхонгор аймгийн иргэд алсуур тойрч засмал замаар бус, зам товчилж дархан газраар зорчиж эмх замбараагүй хөдөлгөөн үүснэ. Говь цөлийн тууртан амьтад үргэмтгий, хэт сонор соргог. Тухайлбал, Хавтгай тайван үедээ 3,0-6,4 км/цаг хурдтай явдаг бол хүзүүвч зүүсний дараа нэг хавтгай 9 цагийн дотор 64 км, өөр нэг хавтгай 11 цагийн дотор 61 км зайд дайжсан ба хоногийн 24 цагийн хугацаанд үргэсэн хавтгайн туулсан хамгийн хол зай 74 км хүрч байжээ(Kaczynski et al. 2014). Дархан газрын нутаг дэвсгэр дээгүүр эмх замбараагүй хөдөлгөөн бий болох нь энэ нутгийн эмзэг хөрс шороо, ховор амьтдын ирээдүйд сүйрэл дагуулна. Аливаа харалган, ухвар мөчид шийдвэрийг дагалдан гарах сөрөг үр дагаврыг урьдчилан тооцоолж эс чадваас учрах аюул улам их болно.
Эцэст тэмдэглэх нь:
Нарансэвстэйн боомт монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол. Бүх боомтын ажиллах журам адилхан л байж таарна. Эх газрын Хятадын Ганьсу мужийн нутгаар дамжсан боомтыг заавал дэлхийд данстай дархан цаазат газраараа дамжуулан байж нээнэ гэж зүтгэх нь эрүүл ухаанаар яаж ч бодсон зөвхөн урд хөршийн эрх ашгийг урьдал болгосон бодлого гэмээр л санагдана. Худалдаа наймаа,алт ухалт, иргэдийн амьжиргаа, орон нутгийн хөгжилтэй холбоотой ярьсан бусад асуудлаар миний гадарлах зүйл хомс учир хариу тайлбараа үүгээр өндөрлөе. Харин сүүлийн 15 жил энэ нутагт тасралтгүй ажиллаж байгаа хүний хувьд Дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр алт ухаж төнхсөн газартай огт тааралдаж байгаагүй гэдгээ харин нүүр бардам хэлнэ.
Хариу тайлбар өчсөн: МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Р.Самъяа