З.Дашдаваа: Т.Бадамжунай 2018 онд шалгагдаагүй гараад явсан, өнөөдрөөс процессын ажиллагаа эхэлнэ
Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа. Ийн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж буй талаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагаас тодрууллаа.
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт шалгаж байгаа. Урд нь хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байсан. Сая бид яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ хүн шалгагдаагүй гараад явсан. Оргон зайлсан гэдгийг хоёр янзаар ойлгож болно. Хэрэгт шалгагдаж байгаад болон хэрэгт шалгагдахын өмнө гараад явсан Монгол Улсын иргэд бий. Процессын ажиллагаа эхэлнэ. Шүүхэд хандаад, өнөөдрөөс эхлэн сэжигтнээр баривчиллаа.
Гадаад орноос баривчлах 20 орчим хүний нэр гарчихсан байгаа. Тодорхой хэмжээгээр үр дүнд хүрэх байх. Т.Бадамжунайг 2018 онд шалгаж эхлээгүй байсан гэв.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайг Филиппин улсын цагдаа, прокурорын байгууллагынхан манай талын хүсэлтийн дагуу энэ сарын 3-ны өглөө Сэбү хотоос баривчилсан билээ. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг.