“Т.Бадамжунайг саатуулах ажиллагаа 10 цаг үргэлжилсэн”
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн Мягмар гариг (2023.04.05)-т Филиппин улсад баривчлан саатуулсан. Монгол Улсын хууль хүчний байгууллагынхан өнөөдөр (2023.04.04) түүнийг 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатарт авчрав. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн Т.Бадамжунайг хэрхэн баривчилсан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид сая БНСУ-д хуралдсан Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын хоёрдугаар уулзалтад оролцсон. Тухайн арга хэмжээ авлигатай тэмцэх чиглэлээр, улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиглэлээр болсон.
Энэ үеэр тухайн хуралд оролцсон улс орнуудын Гадаад хэргийн болон Хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх талаар уулзалтууд болсон. Мөн Монголоос явсан бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн чиглэлээр харилцан туслалцах талаар ярилцсан. Үүний дараа бид Филиппин улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, эрх зүйн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.
Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг нь царцаах талаар шийдвэр гарсан, мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөх талаар дэмжлэг үзүүлээч ээ гэсэн утга бүхий албан бичгүүдийг гардуулсан. Үүний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс Т.Бадамжунайг албадан саатуулсан. Албадан саатуулах процесс үндсэндээ 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа бид хүсэлт тавьсан. Иргэн Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө монгол руу явах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Энэ дагуу процессын нэлээн урт ажиллагаа явагдсан.
Бид өчигдөр шөнө 01.00 цагийн орчим Сөүлийн нислэгээр дамжин, сая Улаанбаатарт буулаа. АТГ-ынхан түүнд баривчлах тогтоолыг танилцуулна. Эхний ээлжид баривчилж байх шиг байна, үүний дараа цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг мөрдөн шалгах байгууллага шийдэх байх.
Засгийн газраас 2021 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, таван “Ш” ажиллагаа явуулъя гэсэн. Энэ хүрээнд бусад орнуудад буй, оргон зайлсан хүмүүсээ буцаан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг цааш хэвийн үргэлжлүүлье гэсэн зорилго тавин ажиллаж байна. Энэ дашрамд хэлэхэд, сая би Филиппин улсын Цагаачлалын албаны дарга, комиссарт талархлаа илэрхийлье. Хоёр улсын хууль сахиулах байгууллагын ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлсэн. Цаашид бид бусад улс орнуудад байгаа, өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг ирүүлэх замаар эрх зүйн туслалцаа авч ажиллана.
Мөн нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан, дансыг нь царцаах болон Монголоос амьжиргааны санхүүжилт авахыг нь хориглосон шийдвэрүүд гаргасан. Дээр нь тэдгээр хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтүүд тавьсан. Одоогийн байдлаар тэр улсаас тэр хүнийг тэдийд авчирна гэж нэрлэх боломжгүй байна. Ажлын хэсэг дээр төлөвлөсөн, гадаад харилцааны шугамаар яригдсан асуудлууд бий.
Одоогийн байдлаар хэрэгт холбогдсон хүмүүсээс ирсэн хүн байхгүй байна. Бид 11-11 төвөөр буюу цахимаар гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн, нэр зарлагдсан хүмүүсийн тухай мэдээлэл авах суваг нээхээр ажиллаж байна. Иргэн Т.Бадамжунайг баривчлан авчрах ажиллагаанд гурван хүн явсан. АТГ-ын дэд дарга, комиссар Г.Азжаргал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд бид гурав чиглэл чиглэлийнхээ байгууллагуудтай цаашид эрх зүйн туслалцаа үзүүлж, хамтарч ажиллах талаар уулзалтууд хийсэн” гэв.