Бангкокт аялж буй жуулчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан хоёр монгол эрэгтэйг баривчилжээ
Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкокт аялж буй жуулчдыг онилон эд зүйлсийг нь хулгайлж байсан Монгол Улсын гурван сэжигтний хоёрыг баривчиллаа гэж тус улсын khaosodenglish news мэдээллээ.
Тодруулбал, Өчигдөр /2024.11.11/ өдрийн 01.00 цагийн үед Тайландын Тонг Ло цагдаагийн газрын алба хаагчид жуулчдын эд зүйлсийг хулгайлж байсан халаасны хулгайч 35 настай н.Содбаяр, 40 настай н.Уянгабаатар нарыг баривчилжээ. Мөн тус улсын цагдаа нар тэднийг долоо хоног тутам байршлаа өөрчлөн хулгай хийж байсан бүлэг этгээд гэдгийг онцоллоо.
Арваннэгдүгээр сарын 8-ны орой Сүхумвит Сой 33/1 дэх рестораны үүдэнд түрийвчээ хулгайд алдсан жуулчин эмэгтэй гомдол гаргасны улмаас цагдаа нар тус газар болсон үйл явдлыг бүхэлд нь тодорхой харуулсан камерын бичлэгийг хянаж үзсэн байна. Улмаар бичлэгээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван этгээдийг илрүүлсэн бөгөөд тэд олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь илэрчээ.
Тиймээс цагдаа нар тус газарт хяналт шалгалт хийж, хоёр сэжигтэн дахин хулгай хийхээр буцаж ирэх үед нь Сүхумвитын замаас баривчилжээ.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хоёр этгээд Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээсэлж байсан нь тогтоогдсон байна. Тэд шинэ хохирогчдыг сонгон долоо хоног тутам байраа сольж хулгай хийдэг байжээ. Баривчлагдаад буй Монгол Улсын хоёр иргэн хамгийн сүүлд хулгай хийсэн хэргээ хүлээсэн байна.
Мөн тэдийг шөнийн цагаар хулгай хийсэн олон удаагийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ нь 1-7 жилийн хорих ял, 20,000-140,000 батын торгууль ногдуулдаг. Мөн тэд хулгайлагдсан эд хөрөнгөө хохирогчдод нөхөн төлөх шаардлагатай болох юм байна.
Харин камерт бичигдсэн гурав дахь сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөн байцаагчид тэднийг илрүүлэхээр ажиллаж байна гэж тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.