Сурагчид: Жижиг ангид олуулаа суудаг учраас бүгчимдээд, дотор муухай оргидог

0

Хэдхэн хоногийн өмнө нэгэн сурагч хичээлийн үеэр ухаан алдаж, дүүргийн эмнэлэгт хүргэгдэн очиход хүчилтөрөгчийн дутагдал гэж оношлогдсон талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Тиймээс бид сурагчдаас өөрсдөөс нь анги танхимын агааржуулалт хэр байдаг талаар тодрууллаа.

Анги дээрээ их бүгчимдэж халууцдаг. Цонх онгойлгохоор сургуулийн дулааны төлбөр их гаргалаа, хаа гэх мэтээр сургуулийн ажилтнууд, багш нар загнаад байдаг. Тиймээс халууцаж бүгчимдэж байсан ч цонх дураараа онгойлгоод байдаггүй. Саяхан манай ангид сургуулиас агааржуулагч өгсөн.  Гэхдээ тэр нь нэг их нэмэр болохгүй байгаа санагддаг.

Ер нь бол ангид агааржуулалт нэлээн муу байдаг. Жижиг ангид 40 үүлээ суудаг болохоор арга ч үгүй байх. Ангийн цонхыг ихэнхдээ л нээлттэй байлгадаг хэр нь бүгчимдээд халууцаад байдаг. Наран талдаа цонхтой учраас тэгдэг байх. Хичээлийн сүүлийн цагуудад нозоороод бүр арай гэж л унтчихалгүй тэвчдэг. Бүгчимдэхээр бас дотор муухай оргиод ч байгаа юм шиг хэцүү.

Манай хичээл өдөр 13 цагаас оройны 18 цаг хүртэл ордог. Бид нар бүгдээрээ л халууцаад дүрэмт хувцсаа тайлаад тавьчихдаг юм. Тэгэхгүй бол хөлс гоожоод үнэртээд муухай шүү дээ. Цонх нээсэн үед л сэрүүхэн сайхан. Гэхдээ байнга цонх нээлттэй байлгаад байж болохгүй л дээ. Тэгээд ч орой болохоор утаа орж ирээд байдаг болохоор бүгчимдээд сууж байсан нь дээр байдаг юм.

Энэ мэтээр сурагчид өөр өөрийнхөөрөө анги нь агааржуулалт муутай, бүгчим байдаг талаар илэрхийлж байна. Улаанбаатар хотын агаарын  бохирдол ихтэй хэсэгт амьдарч байгаа хүүхдүүдийг хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдтэй  харьцуулахад уушгины үйл ажиллагаа нь 40 хувиар муу байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Тиймээс өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байгаа анги танхимынх нь агааржуулалтад эцэг эх, сургууль,төр гээд шат шатандаа анхаарч арга хэмжээ авах нь зөв болов уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *