Д.Зөөлөнсий: Бусдын доромжлол намайг өөртөө итгэлгүй болгодог ч, би ялагдахгүй

0

 Бид энэ удаа зургаан настайгаасаа эхлээд урлагаар хичээллэж, зорилго мөрөөдлөө тодорхойлсон, өсвөр насны уран бүтээлч Д.Зөөлөнсийг онцоллоо. Уран бүтээлүүдээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, багаасаа урлагийн амьдралаар хүмүүжсэн тэр өөрийн мөрөөдөл хийгээд бусдын сөрөг хандлагыг хэрхэн хүлээж авдаг талаараа ярилаа. Тэрээр “…Бусдын доромжлолыг хүндээр тусгаж аваад, өөрийгөө өөрчилчих юм бол би ялагдана гэсэн үг. Тиймээс тоохгүй байхыг л хичээдэг. Яг үнэндээ би маш зөөлөн хүн. Хүмүүс намайг ууртай, ширүүн харагддаг гэдэг л юм. Эргэн тойрны хүмүүс маань намайг сайн мэднэ ээ…” хэмээн онцолсон юм.

ААВ ШИГЭЭ, МАГАДГҮЙ ТҮҮНЭЭС Ч ИЛҮҮ МЭРГЭЖЛИЙН УРАН БҮТЭЭЛЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ

-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед тоглолт, төгсөлт гээд их завгүй байна уу?

-Баярлалаа. Би Хөгжим бүжгийн коллежид, морин хийлч мэргэжлээр суралцдаг. Энэ жил төгсөх юм. Шалгалт шүүлэг, хичээл, тоглолт, уран бүтээл гээд өөрийгөө шахаад л байна. Төгсчихөөд би Шанхай хотод хөгжмийн чиглэлээрээ сурах гэж байгаа. Хөгжмийн зохиолч мэргэжлээрээ сурна. Яагаад гэвэл дуучин болох гээд л тэр. Бүх зүйлээ өөрөө зохиомоор байна шүү дээ. Би юугаа ч хүнээр хийлгэх дургүй. Морин хийл тоглонгоо дуулдаг хүн би хараагүй. Ийм хүн болохын тулд бүх зүйлээ зориулаад л явж байна даа. Аав шигээ, бүр аавыгаа давсан, зөв хүн болохыг их хичээдэг.

-Ер нь завтай үе ховор байдаг байх. Тйим үү?

-Үнэхээр л хүүхдүүд гадаа тоглож байхад, хөгжмөө тоглоод, хуруунаасаа цус гартлаа бэлддэг байсан. Үүнийхээ үр дүнд би өнөөдөр дэлхийн орнуудад оччихсон, олон шагнал авчихсан, их зүйл үзэж, ойлгосон гэж боддог.

Урлагийн хүнийг би гэртээ хараад өсөж байгаа шүү дээ. Ард нь ямар их хэцүү зүйл болдгийг би харж байгаа юм. Минут, секунд тутам танихгүй дугаараас залгаад л, баахан худлаа зүйл ярьдаг. Зүв зүгээр байсан хүнийг аймшгийн стресстүүлж байгаа. Тэгэхэд аав маш тайван байгаад л, сошиал дээр инээж, гоё байгаа ч гэсэн ард нь олон зүйл болж байдаг. Одоо би ч иймэрхүү зүйлсийг үзэж байгаа. Надтай харьцаж, уулзаж ч үзээгүй хүмүүс элдвээр ярина. Хийгээгүй зүйлийг хийсэн болгоно. Тэр бүхнийг даваад сурчихсан. Урлагийн хүний амьдрал тийм хэцүү. Энэ бүхнийхээ хариуд маш сайхан зүйл ч олон бий. Жинлүүр шиг л байдаг юм билээ.

МИНИЙ ХАЖУУД ААВААС ӨӨР ХҮН БАЙГААГҮЙ, ЗАРИМДАА ЭЭЖИЙН ОРОН ЗАЙ ҮНЭХЭЭР ДУТАГДДАГ

-Бусдын шүүмжлэл, доромжлолыг хүлээж аваад сурчихсан гэж байгаа ч, ямар ч хүнд хэцүү санагдах үе гарах байх?

-Гомдмоор зүйлс бол олон гарна. Миний хийж байгаа үйлдэл, өмссөн хувцас, миний хэв маягийг шүүх эрх уг нь тэдэнд байхгүй. Энэ бол миний сонголт. Хэчнээн гомддог ч гэсэн, хялалзах тусам нь гялалзаад гэдэг шиг явж байна даа.

-Зөөлөнсий ярилцлагууддаа аавыгаа их ярьдаг юм билээ. Өсвөр насан дээрээ байгаа энэ үед ээжийн орон зай хэр их үгүйлэгдэж байна вэ?

-Ээжийн орон зай тэгтлээ их дутагдаж байна гэж хэлэхгүй ч хааяа үнэхээр үгүйлдэг. Ялангуяа өсвөр насны охидод хамгийн их хэрэгтэй байдаг хүн нь ээж, эгч. Найз хөвгүүнтэй болоход, хэн нэгний төрсөн өдөрт өмсөх хувцсаа сонгоход гээд олон үе бий шүү дээ. Надад эгч, ах  ч байхгүй. Миний хажууд байсан ганц хүн нь аав. Би хэнээс ч зөвлөгөө аваагүй. Би бүгдийг нь өөрөө хийсэн. Гэртээ ороод ирэхэд… Аав бид хоёулаа орой ирдэг. Аав тоглолтоо дуусгаад, би хичээлээ тараад ирнэ. Тэгэхэд бид хоёр хоёулаа хоолгүй, хүйтэн гэрлүү хамт ордог. Өдөр болгон… Одоо үүндээ зохицоод л, дасчихсан даа.

БИ ҮНЭНДЭЭ МАШ ЗӨӨЛӨН ХҮН

-Ингэхэд үеийнх нь хүүхдүүд ямар хандлага гаргаж, чамайг тухгүй байдалд оруулдаг вэ?

-Гадуур явж байхад, танихгүй хүмүүс над руу орилно, миний үйлдлийг дагаж дуурайж, эсвэл миний дууг урдаас дуулна. Тоохгүй байх тусам ёжлоод байх шиг санагддаг. Өчигдөрхөн ийм мэдрэмж авсан. Bubble tea авах гээд зогсож байхад, хэсэг хөвгүүд ирээд л, тал талаас чангааж, зургаа авахуулчих гээд шаардана. Татаж зулгаана. Би эмэгтэй хүүхэд шүү дээ. Айх үе ч байдаг.

-Зөөлөнсий хэр эмзэг, зөөлөн хүн бэ?

-Би маш эмзэг. Хүмүүс над руу жаахан орилох ч юм уу, уурлах юм бол би шууд л уйлчихдаг. Намайг гаднаасаа хатуу, ширүүн харагддаг гэдэг боловч, миний дотны хүмүүс намайг мэднэ. Яг үнэндээ бусдын тийм аймар үгсийг сонсдог ч гэсэн, тоохгүй царайлдаг ч гэсэн, өөртөө итгэх итгэлээ алддаг. Би үнэхээр л тийм юм байна. Би царай муутай юм байна. Ийм хувцас өмсвөл зохихгүй байгаа юм байна гээд л. Тэгж бодлоо гээд өөрчилчих юм бол би ялагдсан гэсэн үг. Тиймээс тоохгүй байж, хаяхыг л хичээдэг. Одоо бол янз бүрийн коммент уншдаггүй.

-Үеийнхээ найзууддаа хандаж хэлмээр үг байдаг уу?

-Чи нэг удаа надтай ярилцаж, нэг удаа миний амьдралаар амьдарч үзээгүй байж, юу мэдэж ярьдаг юм бэ гэж асуумаар санагддаг. Би яг үнэндээ өөрөө зовж үзсэн. Хэний цаана ямар амьдрал байгааг би мэдэхгүй. Тиймээс бусад руу орилох, муухай харахад, тэр хүүхэд яаж хүлээж авахыг нь мэдэхгүй учраас, аль болох сайхан хандахыг хичээдэг. Хүн болгонтой гоё харьц гэхгүй ээ. Харьцах ч албагүй. Чимээгүй явж байх нь дээр гэж боддог. Надтай харьцаж үзсэн хүмүүс хэзээ ч надад муухай зүйл хэлж байгаагүй. Тиймээс харьцаж үзээгүй байж муухай үг, үйлдэл гаргахаа болих хэрэгтэй гэмээр байна.

УДАХГҮЙ БОЛОХ “ХИЧЭЭЛ ДЭЭР” ТОГЛОЛТДОО ОРОЛЦОХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

-Удахгүй “Хичээл дээр” гэх тоглолтод оролцох гэж байгаа юм билээ. Тоглолтынхоо талаар яриач?

-Би “Огт оргүй” “Найз минь” гээд хоёр дуутай. Дуугаа гаргаснаас хойш нэг ч удаа тайзан дээр дуулаагүй. Өөрийнхөө бүтээлээр үзэгч найзуудтайгаа анх удаа тайзан дээрээс уулзах гэж байгаа учраас догдлол дүүрэн байна. 11 дүгээр сарын 16-нд 11:00, 15:00 цагаас UB palace-ийн Их танхимд манай тоглолт болно. Ирж үзээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Эх сурвалж:Urug.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *