С.Одонтуяа: Усны барилга байгууламжийн ажлаас хэд дахин илүү хугацаанд тооцоо судалгаа хийх шаардлагатай байдаг

0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр Эгийн голын усан цахилгаан станцыг барихтай холбогдуулан Санамж бичиг байгуулсан билээ. Хоёр талаас Байгаль орчны үнэлгээ хийх Ажлын хэсэг байгуулагдаад байгаа бөгөөд Монголын талын Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаад ирсэн юм.  Байгаль орчны үнэлгээ хийх ажил ямар шатандаа яваа болон Эгийн голын усан цахилгаан станц /ЭГУЦС/ барихад ямар асуудал, бэрхшээл тулгарч буй талаар, мөн уул уурхайн ус ашиглалтын зарим асуудлаар түүнтэй ярилцлаа.

-ЭГУЦС барих ажлыг монголчууд чих тавин ажиглаж байна. Москва хотноо хийсэн ажлын айлчлалын үеэр чухам ямар шийдвэр гарсан бэ?

-Хоёр талын Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулж, Эгийн голын УЦС-ын Байгал нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөллийг тогтоох юм. Ингэхдээ сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанд үндэслэнэ.  Шаардлагатай тохиолдолд судалгаа хийнэ. Байгал нуур нь дэлхийн цэнгэг усны 20%-ийг агуулдаг. Байгал нууртай нийлж  буй усны 50%-ийг Сэлэнгэ мөрөн дангаараа бүрдүүлдэг. Иймд Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах, зүй зохистой ашиглах, ган гачиг, үерийн болзошгүй аюулаас хамгаалах нь хоёр талын судлаачдын нэгдсэн эрх ашиг учраас хоёр талын судлаачдыг оролцуулж, ажлын хэсгийн календарчилсан төлөвлөгөөг хамтран гаргаж баталсан.

-Миний санаж байгаагаар урьд нь Францын компани энэ чиглэлд үнэлгээ хийж байсан удаатай. Энэ үнэлгээнд дутагдалтай болон авч болох санаа байна уу. Хэдийгээр эцэслэн шийдвэр нь гараагүй байгаа ч Монголын талын Ажлын хэсэг хэрхэн яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?  

-Эхний ээлжинд Ажлын хэсэг ЭГУЦС-ын өмнө хийгдсэн бүх судалгааны үр дүн, тайлан, холбогдох материалуудад үндэслэн мэдээллийн сан үүсгэнэ. Дээрх судалгааны материалуудад түүхчилсэн байдлаар анализ хийгээд нэмэлт судалгаа, тодруулга хийх эсэхийг тогтооно. Оросын талтай судалгааны материалыг харилцан солилцож, дүгнэлт гаргана. Ийнхүү дүгнэлт гаргахын тулд усны нөөцийн тооцооллоос гадна экологи, байгаль орчин, ан амьтдад нөлөөлөх нөлөөллийг хамтад нь цогцоор нь авч үзэх юм.

-Судалгааны ажлын үр дүн 2026 онд гарна гэж сонссон юм байна. Зөвхөн Байгаль орчны үнэлгээний ажил дээр хугацаа нэлээд орж байна. Ингээд бүтээн байгуулалтын ажил эхлээд, дуусах хүртэл чухам хэдэн жил зарцуулна гэж Та тооцоолж байна вэ?

-Дээр дурдсан төлөвлөгөө ёсоор уг ажлыг 2026 он гэхэд  бүрэн хийж дуусгана гэж төлөвлөж байгаа. Ер нь усны барилга байгууламж,  бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаас хэд дахин илүү хугацааг тооцоо судалгаа хийхэд зарцуулдаг. Бидний хүрээлэн буй орчны оршин тогтнох үндэс болсон усны асуудал учир тооцоо судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

-Дараагийн асуултыг уул уурхайтай холбоё. Улсын төсвийн дийлэнх хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна. Төсөв хэдий чухал ч байгаль орчноо хамгаалахад анхаарах хэрэгтэйг олон нийт сануулж байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагатай уул уурхайн ач холбогдол өсч байна. Сайдын зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Үнэхээр хариуцлагатай ажиллаж байгаа уул уурхайн компаниудыг хэрхэн дэмжих вэ?

-Манай улсад уул уурхайн салбар эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Тухайлбал манай улсын ДНБ-ий 25%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 80 гаруй хувь, улсын төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч байгаль орчны салбарын бодлого байгалиа хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үндсэн чиг үүрэгтэй.

Монгол Улс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг анх 1998 онд баталж, 2001, 2012 онуудад нэмэлт өөрчлөлт  орж, эрх зүйн орчин бүрдсэн.

Эрдэс баялаг, түүнийг олж нээхээс олборлон борлуулах хүртэлх бүхий л шат дамжлага хууль ёсны дагуу өрнөх учиртай. Гэсэн хэдий ч хууль, журмын хэрэгжилт төдийлөн хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэхээс зайлхийж хариуцлагагүй уул уурхай эрхэлсээр байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулсаар байна.

Тухайлбал, улсын хэмжээнд 21 аймаг, 197 сум, 6 дүүргийн хэмжээнд 1700 гаруй байршилд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын хэмжээ 31 мянга орчим га байгаа нь тогтоогдсон.

Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймаг хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их өртсөн байна. Уул уурхайн олборлолт явуулсаны дараа нөхөн сэргээлт хийхгүй орхих, усыг норм хэмжээнээс илүү ихээр зарцуулах, гол горхи бохирдуулах, зөвшөөрөөгүй техник, тоног төхөөрөмж хэрэглэх, химийн хорт бодис ашиглах зэрэг үйлдлээс болж уул уурхайд итгэх нийгмийн итгэл алдагдаж байна.

Хууль бус олборлолттой холбоотойгоор сүүлийн 5 жилийн хугацаанд 224 хүн ял шийтгэл эдэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 252 иргэн, 9 хуулийн этгээдэд 2.06 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 878,8 сая төгрөгийг буюу 42.5 хувийг нөхөн төлүүлж, 466,8 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн. 

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь байгаль орчны салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Салбарын шинэчлэлийг хийснээр байгаль хамгаалалд оролцогч талуудын үүрэг, оролцоо илүү тодорхой болж хариуцлагатай байх нийгмийн хэрэгцээ хангагдана гэсэн хүлээлттэй байна. Мөн уул уурхайн салбарын оролцогч талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, уул уурхайг хариуцлагатай байлгахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай “Хариуцлагатай уул уурхай” хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулаад байна.

-Уул уурхайн хайгуул, олборлолт нэрийн дор зарим газрыг тусгай хамгаалалтаас гаргаж болзошгүй байна. Ер нь энэ тал дээр яам ямар бодлого барьж ажиллах вэ?

-Байгаль орчин, биологийн олон янз байдал, байгалийн болон түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох даян дэлхийн нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтыг нэмэгдүүлэх асуудал тэргүүлэх ач холбогдолтой. Иймд бид ирээдүйд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30%иас багагүй хувийг тусгай хамгаалалтад авахын зэрэгцээ биологийн олон янз байдал, экологид үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21% буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, тэдгээрийг 42 хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж, сүлжээний хэмжээнд 826 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 4 ангиллаар хуульд тогтоосон байдаг. Дархан цаазат газар 23 буюу 13.8 сая га талбай, Байгалийн цогцолборт газар 37 буюу 13.5 сая га талбай, Байгалийн нөөц газар 47 буюу 5.3 сая га талбай,  Дурсгалт газар 13 буюу 106.557 га талбайг тус тус эзэлж байна. Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50%, ойн сангийн 40%  нь   хамгаалагдсан. 

Цаашид ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг тогтвортой удирдан зохион байгуулахын тулд  хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчинг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, ТХГН-ийн ангиллыг олон улсын жишигт нийцүүлж, хамгааллын менежментийг бүхэлд нь эсхүл, түүний зарим хэсгийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий ТББ гэрээний үндсэн дээр гүйцэтгэх эрх зүйн орчныг тодорхой болгохоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хувийг хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх чиглэлд олон талттай хамтран ажиллаж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалах зорилго, зорилтууд туссан бөгөөд эдгээр бодлого, арга хэмжээ нь Биологийн олон янз байдлын тухай конвенцын “Кунминг Монреаль Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ” хэлэлцээрийн зорилготой нийцэж байна.

-Уул уурхайн компаниуд гүний усыг их хэмжээгээр ашиглаж байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ асуудлыг эерэгээр шийдэх боломж байна уу?

-Монгол орны усны нийт нөөц 596.8 км3 бөгөөд үүнээс  нуур, тойром 532.0  км3, гол мөрөн 34.6 км3, мөстөл 19.4 км3, газрын доорх ус 10.8 км3 нөөцийг бүрдүүлдэг бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд бус тархсан, нийт нөөцийн дөнгөж 2 хүрэхгүй хувь нь газрын доорх усны нөөц байдаг.

Өмнөд говийн бүсийн өсөн нэмэгдэж буй усны эрэлт улам нэмэгдэнэ. Үүнийг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэх нь уул уурхай, хүнд үйлдвэрийн өсөлтийг урт хугацаанд найдвартай хангах гол хүчин зүйлсийн нэг юм. Говийн бүсийн хот суурины болон хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь газрын доорх ус бөгөөд түүний нөхөн сэргээгдэх нөхцөл нь хязгаарлагдмал байдаг онцлогтой. Ийм ч учраас уул уурхай, хүнд үйлдвэрийн ус хангамжинд газрын доорх усны нөөцийг ашиглахдаа түүний нөхөн сэргэх нөхцөлийг алдагдуулахгүй, нарийвчилсан тооцоо судалгаа, усны эрэлт-ус хангамжийн балансын үнэлгээн дээр үндэслэн, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй ашиглах нь чухал.

Өмнөд говийн өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг бууруулж, ус хангамжийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт усыг хэмнэлттэй ашиглах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, усыг эргүүлэн ашиглах, хур тунадасны ус, уурхайн шүүрлийн ус болон ахуйн цэвэршүүлсэн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, зарим томоохон голууд дээр урсцын тохируулга хийж, гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлэн ашиглах зэрэг усны менежментийн цогц арга хэмжээнүүд шаардлагатай. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолыг өгч байгаа.

Түүнчлэн, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн ус хангамжийг шийдвэрлэх хүрээнд гадаргын усыг хуримтлуулах, эргүүлэн ашиглах замаар газрын доорх усны нөөцийг хэмнэх, нөхөн сэргээх, үйл ажиллагаанд хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.

Мөн зарим голуудыг хуримтлуулан ашиглах нь Монгол-Орос, Монгол-Хятад улсуудын хил дамнасан голын асуудалд хамаарч, хилийн усны хэлэлцээрийг хөрш орнуудтай жил бүр хийж, хил дамнасан голуудын асуудлаар харилцан мэдээлэл солилцдог.

-Уул уурхайн гол төвлөрөл бүхий говь руу ус татах Хэрлэн-Тооно, Орхон-Онги төслийн ажил хэрхэн өрнөж байна вэ?  Ус хангамжийн нөөцийг бий болгох мега төслүүд дээр танай яам хэрхэн хамтран ажиллах вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орхон-Онги, Хэрлэн-Тооно  ус хуримтлуулах төслийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд туссан. Эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулан тус мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлэх, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр барилга угсралтын ажлын санхүүжилтийг татах, усны барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хэрлэн голын олон жилийн дундаж урсцын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг хангана. Жилдээ 30 мянган тонн хүлэмжийн хийг бууруулна. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр агаарын температур нэмэгдэж, хуурайшилт ихсэж, мөстөл мөсөн гол хайлж байгаа энэ цаг үед усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, мөстлийн хайлалт болон үерийн усыг хуримтлуулах асуудалд онцгой анхаарал хандуулж, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар үр ашигтай, найдвартай ус хангамжийн нөөцийг бий болгох, ус хангамжийн хүртээмжийн хууль эрхзүйн тогтолцоог шинээр бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Усны засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг улам боловсронгуй болгож, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, ус ашигласны, ус бохирдуулсны, ус хомсдуулсны төлбөр болон усны үйлчилгээний үнэ тарифыг харилцан уялдаатай шинэчлэн тогтооно. Усны нөөцийг зохистой ашиглах, дахин ашиглах, эргүүлэн ашиглах, усан санд үерийн усыг хуримтлуулж, усны нөөцийг нэмэгдүүлэн говийн бүсийн ус хангамжийг шийдвэрлэх замаар эдийн засгийг эрчимжүүлж, иргэдийн амжиргааг дээшлүүлэх нь нэн чухал байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *