Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү?
Ардчиллын замаар замнасан өнгөрсөн гуч гаруй жилийн түүхээс “МАН(МАХН) засаг авахаараа намаа бэхжүүлдэг, АН засаг авахаараа намаа тараадаг” гэсэн нэг хэлц үг үлдсэн байдаг юм. Худлаа гэж маргах хүн лав гарахгүй. Хэдийгээр энэ удаад АН сонгуульд ялалт байгуулж эрх бариагүй ч гэлээ дээр хэлсэн зүй тогтол үргэлжилж байна. Үүнийг өнгөрөгч сард болсон орон нутгийн сонгуулийн дүн бэлхнээ харуулна.
АН-ын хувьд өмнөх хоёр удаагийн сонгуульд “үсгүй” шахуу ялагдаж, найман жил лааз өшиглөсний дараа парламентын 30 хувь, 42 суудал авна гэдэг чамлахааргүй амжилт. Үнэмлэхүй сөрөг хүчин парламентад бий болохоор байлаа. Гэвч энэ л шалтгаанаар эрх баригч намын дарга АН-ыг засагт урьж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч бас энэ шалтгаанаар АН орон нутгийн сонгуульд ялагдсан билээ. Өөрөөр хэлбэл, парламентад дутагдаж байсан сөрөг хүчний үүргээ умартаж, сонгогчийн өгсөн итгэлийг үл тоож, эрх баригч намтай хамтарсан нь итгэл алдсан үйлдэл болсон юм.
Хоёрдугаарт, нэгэнт Засгийн газарт хамтарсан учраас орон нутгийн сонгуульд АН төдийлөн хүч тавьж оролцоогүй гэдэг шүүмжлэлийг ажиглагчид хэлж байгаа. Ялангуяа нийслэлийн сонгуульд хүлээсэн ялагдал, НИТХ-ын 45 суудлаас дөнгөж тавыг нь авсан нь өмнө тохиолдож байгаагүй том ялагдал болсон юм. Тиймээс сонгуулийн дараа Нийслэлийн АН-ын дарга Д.Батцогтыг хариуцлагаа хүлээж, намын даргаас огцрохыг шаардсан боловч одоо хэр нь суудалдаа суусаар байгаа.
Д.Батцогтын хувьд ганцаараа хариуцлага хүлээхгүй, АН-ын дарга Л.Гантөмөр, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нартай хамт унана гэдгээ ч хэвлэлээр ил шулаан хэлсэн. Үүнээс хойших сарын хугацаанд Нийслэлийн АН-ын даргын халаа сэлгээний тухай асуудал хаагдав.
Магадгүй, АН-ын даргын хувьд УИХ дээр ирэх оны төсвийн төсөл орж ирсэн тул төсвийн хэлэлцүүлэгтэй давхцаж нам дотроо бужигнаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байж болох. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ төсвийн хуулиа баталсан учраас одоо АН дотор орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, ял хариуцлагаа ярихад саадгүй болоод байна.
Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн дараа АН-ын ҮБХ хуралдаж, сонгуулийн үр дүнг хэлэлцээд “УИХ дахь суудлаа ахиулсан” (магадгүй авч болох дээд хэмжээгээр) гэдэг үндэслэлээр намын дарга Л.Гантөмөрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. АН засагт хамтрах шийдвэрийг ч гэсэн ҮБХ олонхиороо гаргасан.
Хоёрдугаарт орон нутгийн сонгуулиар АН 21 аймгаас найман аймагт ялалт байгуулсан. Ганц нийслэлд урьд хожид байгаагүй том ялагдал хүлээсэн. Тиймээс орон нутгийн сонгуулийн үр дүнг намын удирдлагатай биш, тухайн сонгуулийг удирдсан намын дарга нартай ярих ёстой байх. Тодруулбал, сонгуулийн нэр дэвшүүлэлт гарсан цагаас эхлэн нам дотор маргаан, шүүмжлэл гарсан. “Женко” хочит Х.Баттулга нийслэлийн намыг авахын тулд өөрийн командыг нийслэлын нам рүү чихсэн, нэр дэвшүүлсэн, бусад фракциудаа шахсан гэх мэтчилэн. Нам дотор гарсан энэ маргаан эсрэг намынханд олз болж, сонгуулийн үр дүнд нөлөөлснийг ч үгүйсгэх боломжгүй.
Нийслэлийн сонгуулийг тавиад туучихна гэдэг нийт сонгогчийнхоо тавин хувийг алдсан гэсэн үг. Энэ утгаараа сонгууль удирдсан менежер зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ чигээр нь үлдээвэл Д.Батцогтын оронд Л.Гантөмөр өөрөө намын даргаа өгөх нөхцөл байдал ч үүсч магадгүй.