Богооны авлигачдад бохины мөнгө

0

Чингэлтэй дүүргийн шүүх ачааны богооны авлигач Ж.Пунцагийг 12 сая төгрөгөөр торголоо. Авилга нь богоон богооноор нь, авсан шийтгэл нь  яг 6 боодол 20 мянгатын дэвсгэрт. Богооноор нь туугаад, бохины мөнгөөр торгуулсан, УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг  нийтийн албанд 5 жил ажиллах эрхгүй болсон нь ямар шийтгэл вэ? Гал хам З.Үнэнбат нь 2 боодол 20 мянгатын дэвсгэрт буюу 4 сая төгрөг төлөх, нийтийн албанд 3 жил ажиллах эрхээ хасуулна. Вагоны дараалал дамлан шагладаг авлигын хохирлыг улсаараа төлдөг. Цаг тайван байхад ч, цар тахлын хорионы  үед ч ачаа барааны үнэ нуга суга өсөж, Та бид цалин орлогоо тушаадаг. 

Ж.Пунцагийн намтар бол тэр чигээрээ иж бүрэн гэмт хэргийн хавтаст хэрэг. Буу зэвсгээр сүрдүүлэн 4 хүн яргалж зодсон цагдаа, албаны нууц алдсан ахлах дэслэгч, хятад компанийн захирлаас хахууль авсан иргэний харъяатын байцаагч, АТГ авлигын хэргийн шийтгэл нь хэвээрээ гэж эсэргүүцсээр байтал давж алхаад, төмөр замд дарга болсон этгээд.      

  Том бага хэрэгт удаа дараа унадаг ч торонд оролгүй, толгойгоо илүүлж, торгонд хөлбөрч, тосонд умбаж ирсэн Ж.Пунцаг угаасаа хулгайч биш цагдаа байсан уу, цагдаа байгаад хулгайч болсон уу?  Өвөрхангайн Бат-Өлзий суманд 22 жилийн өмнө хэсгийн төлөөлөгч байхдаа 4 хүнийг буу зэвсгээр айлган сүрдүүлж, тамлан зодсон танхайн хэрэгтээ 3 жилийн хорих ял авсан ч тэнсэн харгалзах болгон өөрчлүүлсэн. Гүйцэтгэх ажлын нууц задруулж, 2006 онд цагдаагаас хөөгдөөд, Иргэний харъяаллын газарт улсын ахлах байцаагч болж дэвшсэн. “Си Ар Жи девелопмент” компанийн захирал Жан Юү Шингээс авлига авсан, визний хугацаа нь хэтэрсэн 14 хятад иргэнийг эргээд орж ирэх эрх эдлүүлэн буцаасан хэрэгтээ 2015 онд 1.6 жилийн хорих ял сонсож, төрд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулсан ч ахиад л тэнсэн болгуулж чадсан. 

Ордоор нь хуссан нь ордонд, шуудайгаар нь шуусан нь шоронд байдаг нь муугийн ёс, Монголын ёр болов. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *