Х.Тэмүүжин: Бизнес эрхлэх нь тонуулах ажиллагаа болж хувирна
Х.Тэмүүжин: Бизнес эрхлэх нь сайн дураараа тонуулах ажиллагаа болж хувирна
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав. Энэ үеэр хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж загнууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол. Хуульд гэсний өмнө Цөмийн энергийн гэж нэмэх. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний гаргасан санал. Эдийн засгийн байгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо тус, тус дэмжсэн.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж:
-Д.Энхтүвшин гишүүн ээ?, та олон санал гаргаснаас зарим найруулгын шинжтэй өөрчлөлтийг авсан. Таны гаргасан “хуульд гэсний өмнө Цөмийн энергийн гэж тодорхойлж өгөх” саналыг дэмжсэн байгаа шүү. Ганцхан Цөмийн энергийн тухай хуульд энэ заалт оруулж байгаа байхгүй юу. Өөр бусад хэрэглээн дээр хэрэглэхэд Цөмийн энергийн тухай хуулиа гаргаж ирээд татаад авч болох юм. Гэтэл та заавал “Цөмийн энергийн хууль” гэж оруулсан учраас санал хураалт явуулаад дэмжсэн. Гэтэл энэ УИХ хог новш, энэ УИХ-ын гишүүд л муу муухай гэж хэлж байгаа чинь ямар увайгүй юм бэ, өчигдөр. Саналыг нь дэмжсэн УИХ, ажлын хэсэг муухай гэдэг чинь болохгүй байхгүй юу. Хэлье гэж бодсон юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Ажлын хэсгийн ахлагч тэгж үймүүлэхгүй шүү. Тэрэн дээрээ тулбал Засгийн газраас оруулж ирсэн төсөл өөрөө асуудалтай шүү. Компанийн хуулийн суурь харилцааг яагаад Цөмийн энергийн тухай хуульд агуулж өөрчилж байгаа юм.
Бүх компанид хамаатай, бүх энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгох боломжийг зүгээр нэг хуулийн ард ямар ч тооцоо судалгаагүй, ямар ч үндэслэлгүй оруулж ирсэн.
Энэ Оюутолгойн гэрээнд ч хамааралтай. Тийм учраас энэ Оюутолгойд хамаарахгүй, бусад 15 стратегийн ордод хамаарахгүй гэдгийг хашиж, Цөмийн энергийн хуульд л үйлчилнэ шүү гэдгийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн. Д.Энхүвшин гишүүний гаргасан санал зөв. Хэрэв буруутгах гэж байгаа бол энэ төслийг бүр буцаах ёстой. Тийм учраас Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжиж өгөөч ээ гэж гишүүдээсээ хүсч байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа үнэн. Хуулийн этгээд тэр дундаа Компанийн тухай хуультай холбоотой асуудал Хууль зүйн байнгын хорооны үндсэн асуудал. Гэтэл Хууль зүйн байнгын хоро огт хуралдаагүй, энэ тухай огт мэдээгүй.
Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор орж ирээд анх удаа компанийн хуулийн суурь зарчим энгийн хувьцааг өөрчлөх тухай, тэр хуулиар энэ чинь хориотой. Яагаад хорьж өгч байгаа вэ гэвэл хэрвээ энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэх мэтчлэн олон ойлголтыг хувьцааны төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани чинь залилангийн гэмт хэрэг болно.
Компани байгуулж бизнес эрхлэх хэн нэгэнд сайн дураараа дээрэмдүүлэх тонуулах үйл ажиллагаа болж хувирна.
Ийм ноцтой асуудлыг Хууль зүйн байнгын хороо нь мэдэхгүй, Хууль зүйн яам нь яасан юм, мэдэхгүй. Өөр байнгын хооо эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газар өөр хуулийг дагуулаад хавчуулаад оруулаад ирж байгаа. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын хамгийн том ноцтой асуудал. Тийм учраас бүр зорилготойгоор зөвхөн Цөмийн энергийн хууль гэж тодотгож өгье. Тэгэхгүй бол Компанийн тухай хуулийн тулгуур зарчим эвдэгдээд Монголд Компанийн тухай хууль байх утга алга болж байгаа. Цаашдаа даргын зөвлөл дээр байнгын хороод ярилцахдаа өөрийнх нь салбарын үндсэн асуудал орж ирж байхад дуугүй өнгөрч болохгүй, мэргэжлийн байнгын хороо дүгнэлт хийх ёстой, салбарынхаа хувьд ярилцах ёстой гэдэг УИХ-ын хэлэлцүүлгийн эрүүл тогтолцоо руу орохгүй бол суган доогуур хууль гараад явж байгаа тохиолдол гараад байна шүү.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Энэ их чухал асуудал гарч ирж байгаа шүү. УИХ -ын даргын томилсон ажлын хэсгүүдээс Хууль тогтоомжийн тухай хуулийн ажлын хэсгийг би даргалж байгаа. Энэ хуулийг өөрчлөх болж байгаа нэг гол зорилго нь хууль дагуулж орж ирж хууль өөрчилдөг асуудлыг зохицуулахгүй бол болохгүй байна гээд Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт хийх гээд судалгаа хийгээд явж байна. Удахгүй өргөн мэдүүлнэ.
Өнөөдрийн явж байгаа процесс бол гэрээнд зориулж хууль өөрчилж байгаа. Одоо бид хууль хэлэлцэж байгаа боловч гэрээ хэлэлцээд байгаа. Энэ чинь өөрөө маш ноцтой зүйлийг гаргаж ирээд байна.
Хуулин дээрээ төвлөрч, энэ хууль маш олон гэрээг зохицуулах учраас хуулиа бодож хэлэлцүүлгээ явуулахгүй бол цаана явж байгаа гэрээтэй холбож асуудлаа яриад байна.
Гэрээнд тааруулж хуулиа хийх гээд байгаа юм шиг нөхцөл байдал үүсээд байна шүү.
Ингээд санал хураахад Д.Энхтүвшин гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 81.7 хувийн дэмжлэг авав.
Ийнхүү дээрх хуулийн төслүүдтэй холбоотой гарсан саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.
Мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, УИХ-ын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсч, баталлаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул үдээс өмнөдөө хуралдааныг өндөрлүүлээд байна.
11 : 22
2024-11-15
Суурь АМНАТ-ийг 9 хувьд хүргэх саналыг унагаав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах шатанд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн “Суурь АМНАТ 5 хувь байгааг 4 хувиар нэмэгдүүлж 9 болгох санал” олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Санал хураахын өмнө УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж:
-27 жилийн туршид ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. АМНАТ, давуу эрхийн хувьцаа, татвар хураамжаараа ашигт малтмалын дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох ёстой гэдэг заалт бүрэн биелж байгаа. Казахстан улс 6 хувийн суурь АМНАТ-тэй. Хамгийн их борлуулалт хийлээ гэхэд 18 хувь буюу 24 хувийн АМНАТ байгаа. Дээрээс нь 20 хувийн ААНОАТ авдаг.
Манай хуулиар суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь 9 хувь гээд нийт 19 хувь.
ААНОАТ 6 тэрбумаас дээш бол 25 хувь байгаа. Дээрээс нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшинэ. Ингэхээр нийт дүнгээрээ 51 хувиас дээш гарна. Мөн 13 төрлийн татвар болон төлбөр хураамж авах ёстой. Ингэснээр хангалттай хэмжээнд ашиг авах боломжтой.
Ц.Даваасүрэн гишүүний гаргасан саналаар суурь АМНАТ-ийг 4 хувиар нэмж 9 хувь болгоно гэдэг нь төслийг зогсоох гэсэн зорилго агуулж байна.
Сайн үр дүн гарахгүй, ийм байдлаар асуудлыг гацаадаг үе өнгөрсөн гэдгийг хэлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Цөмийн энергийн тухай хуулийн төслийн гол агуулга нь зөвхөн Зөөвч-Овоогийн асуудал биш. Цаашдаа хэд хэдэн ордын асуудал яригдаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа юм уу үгүй юм уу гэдэг шийдэл шүү.
Казахстаны АМНАТ авах аргачлал нь өөр. Бид хэд өнөөдрийн үнэ цэнээр авахад ч 14 хувийг авч байгаа. Хөрөнгө оруулагчдыг дэмжиж байгаа шүү гэдгээ кнопоороо илэрхийлээсэй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Би одоо 20-иод жил түмний төлөө зүтгэж байна. Яасан нэг рүүгээ дайрдаг улс вэ. 9 хувийг ард түмэндээ өгье гэж ярихад юу нь буруу байгаа юм бэ.
Цөмийн энергийн комиссын ажлын албанаас 2015 оны зургадугаар сарын 26-нд АМНАТ-ийг 9 хувь болгоход бэлэн байна, ийм юм ороод ирсэн байгаа үед бид 0.5 хувиар муужруулж байгаа.
“Арева” өөрөө 0.5 хувиар бууруулаад өгсөн юман дээр битгий өмнөөс нь санаа зов. Ямар хар сүүдэр та нарыг дайрчихав аа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
-Олон жил суусан ах маань буруу ярьж байна. Ураны хууль биш Цөмийн энергийн тухай хууль. УИХ-д олон жил суучихаад өөрсдийгөө бүгдийг мэддэг царай гаргадгаа одоо ах нар больцгоо. Эх оронч дүр гаргаж, эх орны эсрэг юм хийдгээ больцгоо.
Ганбаа ах аа одоо наад маскаа тайл. Худлаа попорч, худлаа жүжиг тавьж, эх орончийн царай гаргадаг хүмүүсээ бид бодитой харах ёстой.
Нэг нэгнээ хамгаалж, энэ үйлдлээ олон жил парламентад хийж хэвшицгээсэн юм билээ. Санал гаргасан Ц.Даваасүрэн гишүүн өөрийнхөө удирддаг Байнгын хороон дээр хүмүүсийнхээ ирцийг харж байгаад дэмжүүлчихсэн шиг байгаа юм. Аюулгүй байдлын байнгын хороо ирцээ 100 хувь бүрдүүлж байгаад энэ саналыг нь дэмжээгүй шүү.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Парламент дээр байр суурь зөрүүтэй байх нь нээлттэй. Улс орны хувь заяатай холбоотой асуудал учраас ард түмэндээ зөв мэдээллийг өгөх ёстой. Сая С.Ганбаатар гишүүн Цөмийн энергийн ажлын албанаас авсан мэдээлэл гэж жишээ авч тайлбарлаж байна. Ажлын албаны хүмүүс УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхдөө хоёрдмол ойлголт өгөлгүйгээр бодитой, баталгаатай мэдээлэл өгөх ёстой. Улстөржөөөд явчихдаг сэдэв байж болохгүй.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн боломжоо сайжруулах, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам долларт хүргэх, тэрний төлөө хамтарсан Засгийн газар байгуулж, зориг гарган томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхам хийж байгаа цаг үеийг хэрхэвч алдаж бллохгүй.
Бүгд ижил төрлийн мэдээлэлтэй байх болломжоор хангах ёстой.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэний дараа тодорхой улс гүрэнтэй гэрээ байгуулах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэнэ гэсэн юм.
Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураалгах шатанд дараах зарчмын зөрүүтэй саналууд дэмжлэг хүлээлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн “5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэснийг хасахыг нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 99 гишүүний 85 нь дэмжив.
Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын 5.4 дэх хэсгийг 1 дүгээр зүйлд шилжүүлж, 5.5 болгон “2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг: “5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ өөрөөр тогтоож болно” гэж өөрчлөн найруулахыг УИХ-ын 87 гишүүн дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 12.2 дахь хэсгийн “байцаагчийн” гэснийг “байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ нэгдсэн хуралдаан эхэлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Ингэхдээ Байнгын хорооноос дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж эхлээд байна.