Э.ЛХАГВА: Ирэх оны төсвийн сүүлчийн найруулгыг өнөөдөр чуулганы хуралдаан дээр уншсан. Ажлын хоёр өдөр багтааж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
2025 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 8-ны хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан. Улмаар ирэх оны төсвийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ёсчлох хуулийн зохиуцуулалттай. Тодруулбал,
Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт зааснаар “Хуулийн эцсийн найруулгыг энэ хуулийн 46.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно.
46.4.Энэ хуулийн 46.3-т заасны дагуу ёсчилсон хуулийг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ” гэж заажээ. Тэгвэл 2025 оны төсвийн төслийг УИХ-аас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар бид УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагвагаас тодруулахад “Өнөөдөр төсвийн төслийн сүүлийн найруулгыг уншсан. Ажлын хоёр хоногт багтаан Ерөнхийлөгчид ёсчлох ёстой. Тиймээс ирэх хоёр дахь өдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хуулийн хугацаа дуусаж байгаа юм” гэлээ.