Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.
Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд үе шаттай ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан хэдий ч бохир дамжуулах шугам болон лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс лаг хатаах, шатаах үйлдвэрийг ахиж шинээр байгуулахаас өөр аргагүйд хүрээд буй.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Одоогоор манай улс лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Гэтэл бусад орнууд үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэрийг барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлана” гэв.
Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлах үүргийг нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшинд даалгасан байна. Эл үйлдвэрүүд ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах, цаашлаад хог цуглуулах менежментийг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС