“Бөөрөлжүүт”-д гал гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшиллоо
Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны 10 сарын 5-ны өдөр эхлүүлсэн билээ. Үүнээс хойш цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах технологийн туршилтууд болох зуухны усан шахалт болон шингэн түлшний галлагаа, халах гадаргуугийн химийн угаалга, нүүрсэн галлагаа ба хурц уурын шугам хоолойн үлээлгэ, турбин болон генераторын тохируулга зэрэг бусад шаардлагатай технологийн туршилт, зүгшрүүлэлтийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээд байв.
Гэвч өчигдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өглөөний 5 цагийн орчимд нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарчээ.
Галыг богино хугацаанд бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.
Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад тус ажлыг гүйцэтгэгчид хүлцэл өчжээ.
Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч Синостийл компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна.