Улаанбаатар хот гадаад зах зээлээс 7,71 хувийн хүүтэй 500 сая долларын бонд босгожээ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсан. Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотод 20 орчим томоохон төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Мөн энэ үер Улаанбаатар хот анх удаа гадаас зах зээлээс 500 сая ам.доллар амжилттай босгосон гэдгээ зарлав. Энэхүү бондын эх үүсвэрийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үе шаттай зарцуулах юм байна. Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд 158 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөж байгаа билээ. Барилга барих гүйцэтгэгчийг шалгаруулах ажил явагдаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Өрийн удирдлагын тухай хуульд 2024 оны зургадугаар сард өөрчлөлт оруулж Нийслэл Улаанбаатар хот гадаад бонд гаргах боломжтой болсон. УИХ бол Засгийн газраас бонд гаргах зөвшөөрлүүдээ авсан. Улаанбаатар хотод гадаад бонд гаргах хоёр боломж байсан. Нэг нь нээлттэй зах зээл дээр төслөө танилцуулах байдлаар бонд босгох, нөгөө нь цаг хугацаандаа тохирсон хаалттай бонд гаргах. Учир нь, энэ жилийн бонд гаргах хугацаа 12-р сарын 31-нээр дуусгавар болно. Public байдлаар гаргая гэхээр ирэх жил хүртэл хүлээх, дахиад Өрийн удирдлагын тухай хуульдаа өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх шаардлагатай тулна. Дээрээс нь, хотын бонд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хувь нэмэр оруулах учраас гадаад бондоо private хэлбэрээр 7,71 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 500 сая ам.долларыг босгосон. Бондын санхүүжилт энэ долоо хоногт Монголбанкин дээр нээсэн Улаанбаатар хотын дансанд орж ирнэ. Санхүүжилт орж ирмэгц хадгалахгүйгээр 50, 100 саяар нь багц болгож хамгийн өндөр хүү амласан арилжааны банкуудад байршуулна.Сэлбэ дэд төв дээр барилга барих компаниуд тодорч, гүйцэтгэл нь 20, 30 хувь руугаа орвол гүйцэтгэлийнх дүнгээр нь санхүүжилтийг олгоод явна. Ингэхдээ арилжааны банкинд хадгалж байгаа эх үүсвэрээ доллараар нь аваад Найман шарга дээр солиулаад төгрөгөөр нь шилжүүлээд явна. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлээс босгосон эх үүсвэрээ хүүгийн эрсдэлд оруулахгүй, тодорхой хэмжээний хүүгийн маржинтай саналууд банкуудаас ирэхээр байгаа. Системийн нөлөө бүхий 5 банк руу төгрөг, валютаар хадгалвал хэдээр хадгалах вэ гэдэг санал авахаар албан бичиг хүргүүлсэн гэлээ.Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” гэдэг хөтөлбөр боловсруулж НИТХ-аар удахгүй батлуулах юм байна. Хотын соёл, хотын гоёл, хотын дэг жагт сургах, хөтөлж оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа Нийслэлийн Засаг Х.Нямбаатар илэрхийлэв.