Зурхайч М.Намсрай: Гуравдугаар сарын 1-нд Цагаан сар хийж байсан түүх байхгүй

0

Монгол шар зурхайч М.Намсрайтай ярилцлаа. 

-Монгол шар зурхай, Их Монгол Улсын зурхай ямар учиртай болохыг та эхлээд тайлбарлаж өгөөч? 

-Бид 37 хаадтай. Агуу их түүхтэй ард түмэн. 37 хаад Төвдийн зурхайгаар төөрөлдөөд явж байсан гэж хүн хэлэхэд итгэхгүй байлгүй дээ. Хүннү гүрнээс эхлээд манайх төрийн тоололтой. 600-гаад жилийн өмнөх Мэргэн Тоньюкуктын хөшөөн дээр байгаа он сар өдөр нь Монгол тооллын хамгийн том баримт. Он, сар, өдөр бараг цагтайгаа шахам тэр хөшөөн дээр бичээтэй байдаг. 600-гаад оноос манай Монгол тоолол эхэлсэн гэж хэлж болохоор. Тасралтгүй явж байгаад 1206 онд эзэн Чингис хаан хуульчилсан. Тангад, Төвдийн Бух Цагаан хааныг эзэлж аваад, төрийг нь эзэлсэн эрхийг нь авсан тэр өдрөө бэлгэшээгээд л хаврын тэргүүн сарын шинийн нэгэн. Цагаан сараа энэ өдөр хийж байя гэж хэлсэн нь түүхэнд тэр утгаараа байж байдаг.  

-Энэ жил хоёр зурхай яагаад сар гаруйн хугацаагаар зөрөх болов? 

-4-5 жил болоод нэг зөрдөг. Нөгөө тоолол бол сар дотроо шинийн нэгэн ч байхгүй. Зарим өдөр ч байхгүй. Ийм зүйлүүд ч байдаг. Ингэж явж болохгүй. Яг сарныхаа хөдөлгөөнийг дагаад явдаг. Манай монголчууд цаг тооны бичиггүй байлаа гэхэд сараа хараад “Өнөөдөр шинийн 2-ны сар гарч байна” гээд л шинжээд явж байдаг ард түмэн. Цагаан сараа хэзээ ч буруу хийж байгаагүй. Гуравдугаар сарын 1-нд Цагаан сар хийж байсан түүх байхгүй. Шинийн нэгэнгүйгээр Цагаан сараа хийж байсан түүх байхгүй. Заавал ч үгүй Цагаан сарын шинийн нэгэн гэж хэлнэ. Заавал ч үгүй Цагаан сараа зөв хийнэ. Энэ бол ард түмний хууль болсон. Тийм ч болохоор Шарсан мах андахгүй Шар зурхай гээд хэлчихсэн. Үүнийг монгол хүний л үг юм байна гэж бодохоор. Яагаад гэхээр мах гээд хэлчихсэн байгаа юм. Мангад гаралтай махан идэштэй монгол зурхай шүү гэж байгаа юм шиг. Шарсан мах андахгүй Шар зурхай гээд хэлчихсэн. Хэрвээ Хятадынх байсан бол шарсан ногоо, шарсан тахиа андахгүй гэж хэлэх байлгүй дээ. Энэ мэтээр бодоод үзэхэд манай өвөг дээдсийн энэ зурхай цаг тооллын ямар ч алдаагүй. Тэгээд ард түмнийхээ мөнхийн хэрэглээ болоод ирсэн байдаг юм байна. Үүнийг л би 1990 оны тавдугаар сарын 9-нд эзэн Чингис хааны төрсөн өдөр 16-ны улаан тэргэл сартай өнөөдөр гарна шүү гэж ярьсаар ирсэн. Хаадынхаа төрсөн он, сар, өдрүүдийг яриад 30-40 болчихлоо. Асууж сурсан хүмүүст мэддэг чаддаг юмаа ярьсаар л ирлээ.  

-Түрүү жил Битүүний өдөр байхгүй гэж зурхайд бичсэн байна гэж хэсэг шуугьсан. Тэр нь ямар учиртай байсан юм бол? 

-Шар зурхайд бүх л өдөр байгаа. Битүүн ч, шинийн нэгэн ч байгаа. Энэ бол яах вэ. Гадна, дотрын нөлөө. Монголчуудыг хэзээ ч зөв явуулахгүй, Чингисийн удам, агуу Их Монгол Улсыг будилуулж л байвал бах нь ханадаг улсууд эргэн тойронд байна шүү дээ.  

-Тэгэхээр энэ жил нэгдүгээр сарын 29-нд шинэлэх нь зөв байх нь ээ? 

-Тэгэлгүй яах вэ. Хятадын цаг тоолол гэх мэтээр намайг гутаах зорилгоор хэлж байдаг юм. Энэ чинь өвгөдийнхөө түүхийг өөрсдөө гутааж байгаа хэрэг. Хятадын цагаан сар гэж түүхэнд байхгүй. Хятадын еэвэн сар гэж бий. Тогоон Төмөр хааныг хөөж явуулсан тэр өдрөө еэвэн сар гэж тэмдэглэсэн л юм байна лээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *