“Сурвалж судлалаар мэргэшсэн гадаадын мэргэжилтнүүдийг дэмжинэ”
Монгол Улсын ардын багш Шаравын Чоймаа багшийн нэрэмжит “Шаравын Чоймаа сан”-гийн нээлт өнөөдөр /2024.11.20/ боллоо.
Монгол Улсын ардын багш Ш.Чоймаа багшийн хувьд нэгэн насны амьдралаа монгол судлалд зориулж үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Монгол Улсын Их Сургуулийн “Эх бичиг” судлалын ангийг нээж олон шавь нар бэлтгэж байсан. Мөн гадаад улсад монгол судлалыг таниулахад өөрийн хувь нэмрийг оруулсан билээ. Тиймээс уг сангаар дамжуулан түүний хийж бүтээж байсан сурвалж судлал, судалгаа, олон улсын сурвалж судлалыг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулах ажээ.
Тодруулбал, олон улсын сурвалж судлалын хурлыг хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна.
Уг хурлаар сурвалж судлалаар дэлхийд даацтай шилдэг бүтээлийг шалгаруулж “Шаравын Чоймаа сан”-гийн нэрэмжит шагналыг олгохоор болж байгаа юм байна. Сурвалж судлалыг дэмжсэнээр монголын түүхийг дэлхий дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн сурвалж судлалаар мэргэшсэн гадаадын болон дотоодын мэргэжилтнүүдийг дэмжинэ гэдгийг Чоймаа агсны хүү Лодойравсал онцоллоо.