Машин импортлогчид: Шагчид нэмэгдэж, 10-аас дээш жил болсон машинаа төмрийн хог дээр хаях л үлдлээ

0

“Надад улсын дугаартай таван машин байна. Энэ хэдэн машин ч яах вэ, дугаартай учраас зарагдчихна. Харин улсын дугаар олгохгүй гэх шийдвэрийг хоёр сараас эхлэн дуншсаар саяхан баталлаа. Ингэж батлагдах эсэхийг нь мэдэхгүй явсаар өнөөдөрт хүрч би хэд хэдэн машин гадаадаас захиалчихсан. Одоо гаалиас авна. Эхний ээлжид буулгана. Тэгээд цаашдаа хэрхэхээ үнэхээр мэдэхгүй л байна. Үнэхээр иргэдээ бодож шшийдвэр гаргахгүй юм. Юм л болгоныг боодог хаадаг шийдвэр гаргах болжээ. Үнэхээр дугаарын хязгаарлалт тогтоолоо гээд түгжрэл буурахгүй ээ. Эсрэгээрээ ядуурал нэмэгдэнэ…” гэж хэлэх хүнийг Ч.Сандуйдорж гэдэг. Тэрбээр автомашин худалдаалаад арваад жил болж байгаа нэгэн юм.

-3 хэмийн хүйтэн. Өглөөний 11 цаг 30 минутад. Бид БЗД-т байрлалтай “Да Хүрээ” автомашины худалдааны төвд очиж автомашин худалдаалагч нартай уулзан, улсын дугаарыг хязгаарлах шийдвэр тэдний болон иргэдийн нуруун дээр хэрхэн бууж байгаа талаар ярилцан, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-Манай улсын иргэд дийлэнх нь олон жил болсон үнэ хямд япон, солонгос машин худалдан авч амьдралаа залгуулдаг-

Автомашины худалдаачин Г.Тогтохбаяр

-У “сери”-ийн дугаар олгохоо больсон нь танд ямар хүндрэл учруулж байна вэ?

“У” серийн дугаар олгохгүй тэгсэн хэр нь 0 гүйлттэй, зөв рультэй машинд олгоно гэж байгаа юм 0 гүйлттэй зөв рультэй тэрэг нь хотоор явахаар түгжрэхгүй юм уу. Хамгийн гол нь тэр асуудал болчхоод байна шүү дээ. Дугааргүй автомашинаа орон нутаг руу зарж болно гэж байгаа юм. Орон нутгаасаа буцаад Улаанбаатарын дугаар тавихгүй гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ орон нутагтаа хэрэглэж байгаагаа цаашаагаа булшлаад хая гэж байгаа юм уу.

Улаанбаатар хот 1 сая 800 мянган хүн амтай, ингээд амьдрал өрнөж байна. Тэгээд одоо яах юм. Энэ хүмүүс 0 гүйлттэй, зөв рультэй “хужаа” тэргийг нь 60- 70 саяар нь аваад амьдрах юм уу. Хэцүү байхгүй юу. Эх орныхоо хөрсөн дээр ядууралтай нь ойрхон шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Дийлэнх хүмүүс япон, солонгос аль хямд гэснийг нь аваад л өвлийн хүйтэнд хүүхдүүдээ зөөгөөд л явж байгаа шүү дээ.

-Танд улсын дугаартай худалдаалах автомашин байгаа юу. Ер нь одоо байгаа машин нь зарагдаж дуусахаар цаашдаа яах вэ?

-Тэрийг  мэдэхгүй шүү дээ. Одоо “ингээд энэ бизнесийг боль, хая. Төр өөрсдөө хужаа машинаа заръя. Та нар боль” гэж байгаатай ямар ч ялгаагүй шийдвэр болчхоод байгаа юм. Тэртээ тэргүй энэ 2010 оноос доошоогоо тэрэгнүүд, жишээлбэл улаанбаатар хотоор Эксел, Акксент, Элентра, Приус-10  байна уу. Байхгүй байгаа биз дээ. Энэ чинь угаасаа байгалийнхаа хуулиар  хуучин онтой тэрэгнүүд нь дуусаад, төмрийн хогон дээр очоод, шинэ тэрэг нь орж ирээд, шинэ тэргээ хүмүүс шинэчлээд,  боломжтой шинэ тэрэгнүүдээ унаад л явдаг ийм л зарчимтай шүү дээ. Энэ чинь байгалийн хуулиараа л явна шүү дээ. Зах зээлийн хууль өөрөө үйлчилнэ. Хэрвээ тийм байдаг бол  Эксел, Акксент, Элентра энэ тэрийг унаад л явж байгаа шүү дээ. Нэг ч харагдахгүй байгаа биз дээ. Угаасаа зах зээлийнхээ хуулиараа байхгүй болоод л араас нь энэ шинэчлэгдсэн тэрэгнүүдээ унаад явдаг шүү дээ.

-Серийн дугаарыг шаглаж эхэлсэн гэсэн. Энэ талаар?

-Одоо хүссэн, хүсээгүй шаглагдана. Ямарваа нэгэн зохицуулалт нэг гаргалгаа олоод л тэр дугаар нь, өнөөдрийн байдлаар 2 сая төгрөг хүрчихсэн л байна. Бид нар 2 сая төгрөгөөр аваад хүнд 2 сая төгрөгийн дугаараа “Би өөрөөсөө гаргаад өгчихье”  гээд явахгүй. Тэр нь машин дээрээ өртөг болж  шингэнэ. Тэр нь хэний нуруун дээр ирж байна гэхээр ард иргэдийн нуруун дээр л хамгийн сүүлд очно шүү дээ. 

-Дундаж автомашины үнэ хэдтэй байдаг вэ?

-Он залуу тэрэгнүүдийн дундаж ханш гэвэл япон тэрэг 38 сая төгрөгөөс дээшээ байгаа. Харин 10 жилээс дээш гэх юм бол, нөгөө дугаар олгохгүй гэж байгаа машинууд  0 саяас дээш, 25-26 сая төгрөгийн хооронд байгаа. Тэрийг чинь л хүмүүс авч амьжиргаагаа залгаж байгаа шүү дээ. Дийлэнх нь баяжчихаагүй байна шүү дээ. 

-Одоо тэгэхээр 10-аас дээш жил болсон машинаа цаашид яах вэ?

-“Яваандаа байхгүй бол” л гэж байгаа шүү дээ. Улаанбаатар хотод дугаар олгохгүй гэж байгаа. Тэгээд хөдөө орон нутаг руугаа аваад уна гэж байгаа юм. Хөдөө орон нутгаа яах гэж байгаа юм. Улаанбаатар хот дотор зөвхөн 60-70 сая төгрөгийн машин аваад унах боломжтой хүн машин унаад амьдаръя гэж байгаа юм уу. Тийм л шийдвэр болчхоод байна шүү дээ. 

Түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон. . Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм.

-Гаргаж байгаа шийдвэрээ эргэж нэг хараад, иргэдийнхээ амьдралтай харьцуулаасай-

Автомашины худалдаачин Э.Цэндсайхан

-Улсын дугаар олгохгүй байгаа нь танд ямар байдлаар сөргөөр нөлөөлж байна вэ?

-Хоёр сард дугаартай холбоотой асуудал үүсээд, хэсэгтээ л бужигнасан. Сая ч бас “өгөхгүй, олгохгүй” гээд асуудал үүсгэж байгаа юм. Бид энэ шийдвэр гарахын өмнө байсан хэдэн машиндаа дугаар авч амжсан. Одоо гаалиас ирэх шинэ машинуудаа яах вэ, гэж бодож байна. Үнэндээ яагаад иргэдээ бодсон шийдвэр гаргаж болдоггүй юм бэ.

Яг өнөөдрийн байдлаар, чи худалдан авагч байлаа гэж бодоход хотын дугаартай машин авах боломжгүй болчихсон. Хотын дугаартай машин олох боломжгүй болохоор чинь аливаа нэг юм хомсдол үүсэхээр шагийн бизнес үүсчхэж байгаа. Тэгээд дугаар, номерын наймаа л цэцэглэж байна л гэж харж байна даа. 500 мянгаар дугаар олдохгүй байсан. Одоо бол бүр нэмэгдээд 2-3 саяын хэмжээнд оччихсон. Мөд энэ дугаар угаасаа олдохгүй болно. Тэгэхээр энэ аливаа нэг чөлөөт зах зээлийг ингэж боомилсон шийдвэр гаргаж байгаа нь л хүндрэлтэй байна. 

-10 жилээс дээш худалдаалж машинаа цаашид яах вэ?

-Ер нь бол чөлөөт зах зээлийн шалгуураараа хүн аль болох он залуу машинуудыг авна. Гол нь одоо явж байгаа машинууд бол бид нарын эдийн засаг ямар байгаа билээ, тэр эдийн засагт зохицсон 10-аас дээш жилийн насжилттай Хайбрид 1500-аас 2500-гийн хооронд машинууд. Тяньжин дээр одоо гацалт үүсчихсэн байгаа 30 мянга гаран машины 70-аас 80 хувийг нь энэ машинууд эзэлсэн гэсэн судалгаа байна л даа. Тэгэхээр тэр 70-80 мянган машин одоо ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тэгээд “Евро 5”, 10 жилийн насжилт гээд насжилт заачихсан байдаг. Тэгээд тэр насжилтыг хаанаас, яаж зохиосон нь одоогийн байдалтай нийцэхгүй л байна даа.

Хөдөө орон нутаг руу борлуулж, худалдах нь зохицуулалт биш. Ер нь энэ гаргаж байгаа шийдвэрүүдээ эргэж нэг хараад, ард иргэдийнхээ амьдралтай харьцуулчхаасай. Арай л өөр юм гарна даа.

-Дугаар хязгаарласнаар түгжрэл буурдаггүй юм-

Автомашин худалдаалагч Ч.Сандуйдорж

-Яг одоогийн байдлаар улсын дугаар олгохгүй гэсэн шийдвэр нь танд болон худалдан авалт хийх гэж байгаа хүмүүсийн нуруун дээр ямар ачааг үүрүүлж байна вэ?

-Худалдан авагч байна уу машин зарж байгаа хүн байна уу хамаагүй нуруун дээр нь бүгд очиж байна. Яагаад гэвэл машин зарсан ч адилхан номер олдохгүй худалдан авсан ч номер олдохгүй байна. Нэг ёсондоо иргэдийнхээ эрхийг тойруугаар боомилж байна гэсэн үг. Ийм шийдвэр гаргаснаараа түгжрэл буурна гэж байхгүй гэдгийг жирийн би ойлгоод байхад, яагаад төр засгийнхан ойлгохгүй байгаа юм бэ. Ингэж хааж боож, хэн нэгэн даргын “Евро 5,10”-тай автомашины бизнесийг цэцэглүүлэх гэж байна .

-Евро стандарттай машин нь ямар төрлийн автомашин бэ?

-Үнэндээ тэр стандарт манай нөхцөлд таарахгүй. Яагаад гэвэл хятад машин болон 300, 570 гээд дандаа он залуу үнэ өртөг шингэсэн машинууд. Ард түмэн аваад байх санхүүгийн чадвар байхгүй шүү дээ.

-Танд одоо номертэй машин байгаа юу хэд орчим байгаа вэ. Дугаартай машинаа худалдаж дуусаад цаашид яах вэ?

-Надад улсын дугаартай таван машин байна. Энэ хэдэн машин ч яах вэ, дугаартай учраас зарагдчихна. Харин улсын дугаар олгохгүй гэх шийдвэрийг хоёр сараас эхлэн дуншсаар саяхан баталлаа. Ингэж батлагдах эсэхийг нь мэдэхгүй явсаар өнөөдөрт хүрч би хэд хэдэн машин гадаадаас захиалчихсан. Одоо гаалиас авна. Эхний ээлжид буулгана. Тэгээд цаашдаа хэрхэхээ үнэхээр мэдэхгүй л байна. Үнэхээр иргэдээ бодож шийдвэр гаргахгүй юм. Юм л болгоныг боодог хаадаг шийдвэр гаргах болжээ. Үнэхээр дугаарын хязгаарлалт тогтоолоо гээд түгжрэл буурахгүй ээ. Эсрэгээрээ ядуурал нэмэгдэнэ…Дугаар хязгаарласнаар түгжрэл байхгүй болохгүй шүү дээ. Цаашдаа яах учраа олохгүй бол энэ хэдэн машинаа төмрийг хогонд л хаях л үлдээд байх шиг байна даа.

-Түгжрэл бууруулах ямар гарц шийдэл байгаа гэж бодож байна вэ?

-Дээгүүр доогуураа зам гүүрээ барих хэрэгтэй. Дээрээс нь манай хот төлөвлөлтөө анхнаасаа буруу шийдсэн. Үе үеийн дарга нар чинь дандаа буруу шийдвэр газар зарж хотын шийдлийг байхгүй болгосон. Тэгээд энэ байдлаа эцсийн эцэст ард түмнийхээ нуруун дээр үүрүүлж байна шүү дээ.  

-Одоо энэ дугаар хомсдолтой байгаа үед үнийн хөөрөгдөл хэр явагдаж байна?

-Гаалиар орж ирсэн машины дугаарын үнэ хамгийн багадаа таван зуун мянган төгрөг байсан бол одоо 2-3 сая төгрөг болчихсон. Дугаарын ченж гарж ирээд амныхаа зоргоор л үнээ хэлж байна. Зүгээр ч нэг дугаарын ченж гэж байдаггүй юм. Ардаа том хүнтэй байж л таараа.

Ийнхүү бид худалдагч нартай хэсэг ярилцсны дараагаар “Да хүрээ” захаас автомашин худалдан авах гэж байгаа үйлчлүүлэгчтэй ярилцлаа.

-Улсын энгийн дугаар 2-3 сая, азын дугаар 7-8 сая төгрөгөөр шаглаж эхэлсэн-

-Улсын дугаар олгохгүйтэй холбоотой, худалдан авалт хийхэд асуудал үүсэж байна уу?

-Одоо асуудал үүсээд л явна. Өчигдөр эндээс машинаа сонгоод авах гэсэн чинь гаальтай машин гэсэн. Тэгэхээр нь дугаар авъя гэхээр машинаа зээлээр авч байж дээрээс нь дугаарын мөнгө нэмж төлж авна. Тэр дугаар авах хоёр сая төгрөг нь ч олдохоо байлаа. Энэ яагаад ийм зохицуулалттай байдаг юм. Гол нь иргэн хүн өөрийнхөө хэрэгцээнд тааруулж машин унаа авах нь бол миний өмч баймаар байдаг. Гэтэл ингээд өөрөө машин авч чадахгүй, машин нь байгаад зээлээр авъя гэхээр дугаар авч чадахгүй ийм байдалд орчхоод хэцүү байна даа.

-Ганцхан улсын дугаарыг хоёр сая гэж байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Хүмүүсийн ам яриагаар бол эхэндээ таван зуу мянга байсан гэсэн. Одоо хоёр сая, заримдаа оройн цагаар гурван сая болдог гэнэ. Үнэндээ би зүгээр энгийн дугаар авчихвал машиндаа тавиад хүүхдээ зөөгөөд, сургууль цэцэрлэг гээд явмаар байна.

Өнөө азын дугаар гээч нь тэнгэрт гарсан үнэтэй юм билээ. Долоо найман сая гэсэн. Одоо нөхцөлдөө тааруулж энгийн дугаарыг хоёр саяар аваад дээрээс нь дахиад банк бусынхаа хүүг нэмүүлээд авна гэхээр иргэдийн нуруун дээр арай л их ачаалал өгөөд байгаа санагдаж байна. Бүх ачааллыг эцсийн хэрэглэгч болох бид нар дээр, иргэд дээр ачаад байж болох юм уу. Одоо машин зарж байгаа хүмүүс маань бол яалт ч үгүй тийм үнэтэй байгаа зүйлийг “та ингээд авах уу” л гэж асуухаас биш “бид нар мөнгийг нь төлөөд ашиг орлогоо хасаад энийг хийж өгнө” гэж бол ярихгүй шүү дээ. Тэгээд ийм нөхцөл байдалтай л байна.

-Дугаарын хязгаарлалт хийхгүйгээр түгжрэл бууруулах ямар шийдэл байна гэж та харж байна вэ?

-Ер нь автомашины ачаалал гэдэг дугаар олгох, олгохгүйдээ гол нь биш зам, талбай, хотын тэлэлт дээ учир байгаа. Манайхан чинь олон улсын стандарт ярьдаг. Стандарт бүхий замтай болчихвол энэ бүгд учраа олчихоор санагдаад байна. Одоо тэгээд л гайхаад л, хараад л авах гэж байсан машинаасаа өшөө хямдханыг хайгаад, дугаарын үнэ оруулж авдаг юм уу гэж бодоод л явж байна.

\Худалдан авагч, нэр, царайгаа нууцлахыг хүссэн\

-Машин худалдан авахад, ямар асуудал үүсэж байна вэ?

-Би 44 саяар кровн худалдан авах гэж байгаа юм. Гэтэл энгийн улсын дугаар хоёр сая гэж байна. Үнэндээ худалдагч маань надад хоёр сая төгрөг татаж өгөх үү, би өөрөө хоёр сая төгрөг нэмээд 46 саяар худалдаж авах уу гэдэг асуудал үүсээд байна. Ер нь зүгээр байгаа зүйлийг яагаад ингэж дордуулаад байдаг юм бол оо.

-Дугаар олгоход автомашинуудад тодорхой хэдэн заалт өгсөн байна лээ. Энэ талаар?

-Харин тийм ээ. Зүгээр ч нэг машин худалдаж авч болохгүй болсон байна лээ. Заавал евро тэд эд гээд заачихсан байсан. Иргэдээ тийм боломжтой гэж боддог юм байх даа. Их л гайхаж байна даа.

Автомашины улсын дугаар олголттой холбоотой асуудлыг эргэн сануулбал, Энэ оны хоёрдугаар сард улсын дугаарт дээд хэмжээг тогтоож, хязгаарлах агентлаг байгуулахаар яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 8-ны өдөр НИТХ хуралдаж улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга болгож баталсан.

Ингэснээр Улаанбаатарт 730 мянгаас хойш нэмж шинээр автомашины улсын дугаар олгохгүй гэсэн үг юм.

Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгох юм.

Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтоохоор болжээ. Дурдвал,

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Өнгөрсөн баасан гарагт \2024.11.15\ ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэл дээрх шалгуураас хоёрыг нь хассан байна.

Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг хасчээ.

Өөрөөр хэлбэл, нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй бөгөөд дээрх хоёр шалгуур үзүүлэлтийг хасч, бүртгэжээ.

Гэвчиг энэ нь зөв шийдэл болоогүй талаар автомашин худалдаалагч нар хэлж байлаа. Тэдний дийлэнх нь 10-аас дээш жилтэй автомашинаа цаашид хэрхэхээ мэдэхгүй байгаа бөгөөд буруу зөв рүлээс шалтгаалан түгжрэл буурахгүй талаар нэмэлтээр хэлж байна.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *