Олон нийтээр алга ташуулсан хориг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2027 онд дахин сонгогдох хүсэлд хувь нэмэр оруулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавих нь тодорхой байсан “хориг”-оо 2025 оны Улсын төсвийн төсөлд тавив. Тэр мэдрэмжтэй, хаана юу ярьж, ямар шийдвэр гаргахаа гаргууд сайн мэддэг нэгэн. Гэхдээ хоригийн ард зөрчил байсан уу эсвэл ярилцсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа.
-ОЛОН НИЙТЭЭР АЛГА ТАШУУЛСАН ХОРИГ НЬ ТҮҮНИЙ 2027 ОНД ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОХ ХҮСЭЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ –
Тэгвэл үүний аль, аль нь байх магадлалтай. Аль нь ч байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон нийтийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, нэр хүндээ өсгөснөөс гадна “галыг” унтрааж УИХ, Засгийн газраа ч аварлаа. Үр дүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн, УИХ, Засгийн газар муу нэр зүүгээд үлдэв. Хамгийн гол нь олон нийтээр алга ташуулсан хориг нь түүний 2027 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох хүсэлд их хувь нэмэр оруулж байх магадлалтай юм.
Учир нь тэрбээр 2027 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулахаар ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь баримтттай мэдээлсэн. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших.
Түүний дахин Ерөнхийлөгчөөр ажиллах замыг аль 2023 оноос засч эхэлсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард иргэн С.Номынбаясгалан мөн 2024 оны 1 дүгээр сард иргэн Э.Хишигсүрэн нар яг ижил утга санаа бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дахь “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д хяналт тавина гэсэн заалтыг хүчингүй болгох замаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх эрхийг Үндсэн хуулийн цэцэд өгч болзошгүй байгаа юм.
Хэрвээ тэдний гомдлыг Цэц хүлээж аваад 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчилбөл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонгуульд хоёр дахь удаа өрсөлдүүлэх байдлаар эсвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох байдлаар бүрэн эрхийн хугацааг нь сонгож өгөх боломж бүрдэнэ.
Гол нь үүнийг эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүсч байгаа юу гэдэг нь анхаарал татаж буй. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг сөрвөл ширүүн зөрчил болно. Үр дүн юу болж дуусахыг таашгүй. Харин дэмжиж ажиллавал, Үндсэн хуулийн цэцээс гаргасан дээрх шийдвэрийг УИХ хүлээж аваад, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбар руу ч хамт жирийж мэдэх юм. Гэхдээ Ардчилсан улсын 126 гишүүнтэй парламент нь энэ ухралтыг тас цохих болов уу гэсэн найдлага хүмүүст бий. Ямартай ч олон нийт уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж, үргэлжлүүлэн сайтар ажиглана.
-ЯГ ХОРИГИЙН ТАЛ ДЭЭР ЗӨРЧИЛ ГЭХЭЭС ИЛҮҮ ЯРИЛЦАЖ ТОХИРСОН ПРОЦЕСС ӨРНӨЖ БАЙНА-
Гэхдээ, яг хоригийн тал дээр зөрчил гэхээс илүү ярилцаж, тохирсон процесс өрнөж байна гэж харж болохоор байгаа. Угаас төсвийг өргөн барихаас ч өмнө УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нар тохирдог. Энэ удаагийн төсөв нь зарлага өндөртэй, 1.9 их наядын алдагдалтай. Дээрээс нь 18 тэрбумаар үзвэр үйлчилгээний ваучер тараах, сумдад мэдээлэл технологийн төв байгуулах гээд шаардлагагүй хөрөнгө оруулалт ихтэй. Тийм ч учраас иргэдийн эсэргүүцэлтэй тулж, олон нийтийн бухимдлыг нэлээдгүй төрүүлээд авсан.
Төсөв дагасан хүмүүсийнх бухимдал дүрэлзэхэд УИХ-аас “дахин тодотгоно” гэж аргалаад эцсийн шатны санал хураалтад УИХ-ын гишүүдээр гар өргүүлж саналыг хураагаалд хүч түрэн арай хийн баталсан. Тэгэхээр тэртээ, тэргүй тодотгох төсөв байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд хориг тавьсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн даруйд Сангийн сайд Б.Жавхлан гялс гарч ирээд “Бид хоригийг хүлээж авна. Засгийн газар бэлтгэлтэй байгаа, тооцооллоо хийсэн” гэж мэдэгдлээ.
Түүний хэлснээс харвал Засгийн газар нь Ерөнхийлөгчтэй хоригийн асуудлаар ярилцаж тохирсон байх магадлалтай байгаа юм.
Учир нь зарцуулж эхлээгүй төсвийг тодотгохгүй учир хоёр эсвэл гуравдугаар сараас тодотголыг хийхээр байв. Үүнээс урьдаад тендерүүдээ зарлаж, урьдчилгаа хөрөнгө оруулалтыг хийчихээр тодотгол хийхэд илүү хүнд болж, илүү асуудал дагуулж мэдэх юм.
Цаашлаад тодотголын үеэр УИХ, Засгийн газрын зөрчил ч хурдцахаар байсан. Тиймээс Ерөнхийлөгчөөр хориг тавиуллаа. Магадгүй эндээс Засгийн газар хохирол багатай гарч мэдэх юм. . Сангийн яам тооцооллоо аль хэдийн хийчихсэн байгаа. Харин одоо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар 14 хоногийн дотор хэлэлцэж, хүлээж авах эсэх шийдвэрээ гаргана. Чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Эх сурвалж: isee.mn