“Тавилга, гадаад айлчлал зэрэг урсгал зардлуудаа нэн тэргүүнд танах нь чухал”
УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьж байгаа нь зөв үү?
-Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасныг баяртай хүлээж авч байна. Эцсийн эцэст энэ шийдвэрээс гарах үр дүн маш чухал. Засгийн газар ирэх оны төсвийг эргүүлэн татахаас өөр аргагүй болж байна. Эргүүлэн татаад дахин хэмнэлттэй төсөв оруулж ирэх нь тодорхой болж байна. УИХ-ын зарим гишүүд эхнээсээ ийм л үр дүнг хүсч байсан буюу алдагдалгүй, үрэлгэн бус төсөв батлахыг л хүссэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу урсгал зардлаа 3.6 их наяд төгрөгөөр танаад оруулаад ирвэл үргэлжлүүлэн хэлэлцэхэд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэтэл харамсалтай, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа “Төсвийг хасч, танах тал дээр ямар ч хууль эрх зүйн боломж байхгүй, энэ чигээр нь батлахаас өөр ямар ч гарц байхгүй” гэж хүч түрч баталсан. Хэдийгээр ирэх оны төсвийг баталсан ч дахин энэ ондоо багтаж тодотгол оруулах тогтоол баталсан. Эцсийн дүндээ тухайн тогтоол нь хууль эрх зүйн хувьд асуудал дагууж байгаа учраас Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргалаа.
-Ирэх оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. Гэсэн хэдий боловч Ерөнхийлөгч ирэх оны төсвийг алдагдалгүй батлах үүрэг чиглэл өглөө. Харин та болон нэр бүхий гишүүд урсгал зардлын хэмжээг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжой гэх санал гаргаж байсан. Тэгэхээр төсвийг алдагдалгүй батлахад хангалттай гэж үзэж байна уу?
-Төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай батлах нь хангалттай гэж үзэхгүй байна. Учир нь өмнө нь хэлж байсанчилан 3.6 их наяд төгрөгийг хэмнэх бүрэн боломжтой. Хоёрхон зүйл дурьдахад “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ” гэх нэрийн дор бараг л 2 их наяд төгрөгийн зарлага бий. Гэтэл “Бусад бараа метриал” гэх нэрийн дор 900 гаруй тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ зүйл заалтуудаар халхавчилж хэдэн төгрөг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бус, хэт ерөнхий буюу бүрхэг, халхавчтай байна. Энэ хоёр төрлийн зарлага гэхэд л 3 их наяд төгрөг болж байна.
Тавилга, тоног төхөөрөмж, гадаад айлчлал гэх мэт 100, 200 тэрбум төгрөгийн өртөг бүхий зарлагуудаасаа танаад 2024 оны түвшинд авч ирэхэд л 3.6 их наяд төгрөгийн хэмнэлт гараад ирнэ. Энэ бол зөвхөн урсгал зардалтай холбоотой асуудал дээр ярьж байгаа хэмнэлт шүү дээ.
-Урсгал зардлын хувьд төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэхэд чиглэдэг учраас урсгал зардлаас төдийлэн танах боломж хомс. Тиймээс хөрөнгө оруулалтын зардлаас 50 орчим хувийг танахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн. Энэ нь эргээд нэг хүнд ногдох ДНБ-ний хувь хэмжээг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бууруулах дүр зураг ажиглагдах талаар Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ?
-Ер нь бол эсрэгээрээ шүү дээ. Төсвийн урсгал зардлаас 3.6 их наяд төгрөгийг танах боломжтой гэдэг нь Монгол Улсын эдийн засагт энэ их хэмжээний өсөлт эсэргээрээ нөлөөлөх учраас л хасаад танаад өгөөч гээд байгаа юм. Энэ асуудлыг зөвхөн бид хэлээд байгаа юм биш. Тухайлбал,
ОУВС-аас өгсөн зөвлөмжид “Төсвөө хумихгүй, ийм өнпөр тэлэлттэй бат лах юм бол эдийн засгийн өсөлт 2026 онд 5.5 хувь, 2027 онд 5 хувиар буурах төлөвтэй байна” гэдгийг анхааруулсан.
Тиймээс төсвөөсөө 3.6 их наяд төгрөгийг танаж чадвал инфляцийг хоёр оронтой тоонд хүргэж хөөрөгдөхгүй сэргийлэх боломжтой. Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Төсвөөс орж ирж байгаа мөнгөөрөө гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Тийм учраас гадаад валютын албан нөөцөд шууд дарамт учруулж эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх учраас төсвөө танах ёстой гэсэн байр суурьтай байсан.
Гэтэл Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж алдагдалгүй төсөв батлуулах ёстой гэсэн биш ялархаж байгаа мэт үг, үйлдэл гаргаж байна. “Төсвөөсөө хөрөнгө оруулалтуудаа хасаад, цалин тэтгэврийг нь бууруулаад эцэст нь Монгол Улс хөгжихгүй шүү” гэсэн байдлаар хандаж байна.
Үгүй шүү дээ. Сангийн сайд ганцаараа л ийм байр суурьтай байна. Бусад бүх эдийн засагчид “Тийм биш ээ” гэдгийг хэлж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлт дээр ч төсвийн хувь хэмжээг бууруулах, үргүй зардлуудаа багасгах, хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх талаар тусгасан. Мөн аудитын байгууллагаас ч мөн төсвийн зардлаа бууруулахыг зөвлөсөн.
Эрдэмтэн судлаачид ч “Төсвөө танахгүй бол Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө” гэдгийг хэлсэн. Гэтэл Сангийн сайд ганцаараа энэ бүхнээс эсрэг зүйл яриад байна. Ингэж ялархаж болохгүй.
Бүх үргүй зардлуудаа хасаж, танаад 2024 оныхоо түвшинд авч ир. Машин тэрэг авах, тавилга буйдан авах ажлаа зогсоо. Монгол Улсын төрийн байгууллагууд өнөөдрийг хүртэл тавилгагүй явж ирсэн юм уу.
“ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, ЯАМ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛ, ТАВИЛГА БУЙДАНГАА ХАС”
-Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэдэг шиг ирэх оны төсвийг алдагдалгүй батлах нэрийн дор хөрөнгө оруулалтын зардлаасаа танаж, яг танах шаардлагатай зардлуудаа хэвээр үлдээчих вий гэсэн болгоомжлол байна. Зардлын хасалтаа ямар эрэмбэ дараалал, шалгуураар хасах, авч үлдэх шийдэлд хүрэх юм бэ?
-Нийт 35.8 их наяд төгрөгийн 72.8 орчим хувь нь урсгал зардал. Үлдсэн 28 орчим хувь нь хөрөнгө оруулалтын зардал. Тиймээс л урсгал зардлын хувь хэмжээг бууруулж гоё сайхан үгээр халхавчилсан том том үнийн дүнтэй зардал, тансаглалаа хасахад л болно. Үнэхээр чухал гэж үзэж байгаа хөрөнгө оруулалтын зардлуудаасаа хасах санал гаргаагүй.
Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал дотор урсгал зардал, урсгал зардал дотор хөрөнгө оруулалтын зардал орчихсон байнаа гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон аудитын байгууллагаас анхааруулсан.
Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагууд нийлж мэдээлэл солилцох байшин өнөөдөр барих нь ач холбогдолтой юм уу. Энэ хөрөнгө оруулалтын зардал дотор 13 тэрбум төгрөгийн өртөгтэй туссан. Үнэхээр хөрөнгө оруулалтын зардлаасаа хасах гэж ялархаад байгаа бол энэ мэт олон улсын соёлын төвийн барилгаа хасчих л даа. Энэ мэт нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлууд ч бий.
-Төсөв ерөнхийлөн захирах эрх бүхий 36 сайд, дарга нар бий. Тэгэхээр хаанаас, хэнээс, хэдийг хасах вэ гэдэг асуудал маргаан дагуулах байх. Төсвөөсөө хасуулахыг хэн ч хүсэхгүй байх л даа?
-Төсөв ерөнхийлөн захирах эрх бүхий 36 хүнээс юу ч хамаарах ёсгүй. Монгол Улс нэгдмэл улс учраас нэг бодлоготой байх ёстой.
Монголд аль салбар чиглэлээ хөгжүүлэх нь илүү ач холбогдолтой вэ, аль салбарт хөрөнгө оруулбал эргээд эдийн засгийн цусны эргэлтээ дэмжиж мөнгө оруулж ирэх вэ гэдэг дээр үндэслэж бодлогын хүрээнд асуудлаа авч үзэх ёстой. Түүнээс биш хувь хүн, төсөв ерөнхийлөн захирагч нарын өнгө үзэмж дээр тулгуурлаж төсөв нэмэх, хасах тухай ойлголт огт байж болохгүй.
Түүнчлэн Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо баталсан. Энэ бодлогод юу юу бүсчилж хөгжихөд нэн тэргүүний асуудал байх вэ гэдгээ тусгасан. Өөрөөр хэлбэл, дахиад л эрэмбэ дарааллын тухай асуудал хөндөгдөнө. Хоёр долоо хоногийн өмнө баталсан төсвийг ямар ч эрэмбэ дараалалгүй оруулж ирж баталсан. Наад зах нь эрчим хүчний салбар элгээрээ хэвтлээ реформ хийхээс өөр аргагүй гэсэн мөртлөө Эрчим хүчний яамны төсөв 300 гаруй тэрбум төгрөг байхад Соёлын яамны төсөв 500 гаруй тэрбум төгрөг буюу 200 гаруй тэрбум төгрөгийн зөрүүтэй байна. Үнэхээр эрчим хүчнийхээ салбар эдийн засгийн гол чухал салбар юм бол тухайн салбартаа төсөв, мөнгийг нь ахиу тавих ёстой биз дээ.
Хамгийн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалтын зардлуудаа хэвээр нь үлдээ. Ингээд төрийн өндөр албан тушаалтнууд, яам тамгын газрын дарга нарын тансаглал, тавилга буйдангаа хас. Гадаад айлчиллаа багасга.
Түүнчлэн энэ удаагийн парламентын гишүүдийн тоо 126 болж, салбар салбарын төлөөлөл багтсан учраас олон ургалч үзэл, ардчилал сайн болсон гэж дүгнэж байна. Бараг жил бүр хуульчилсан аятай алдагдалтай төсөв баталж ирсэн. Хэрэв цаашид төсвөө алдагдалгүй баталдаг жишиг тогтвол олон эерэг үзүүлэлтийн эхлэл болох байх. Айл өрх дээр аваад үзсэн ч тухайн жилийнхээ орлогоо бодитой тооцоод хэрэглээгээ тохируулдаг шүү дээ. Гэтэл хаанаас хэнээс зээл авч юу авах вэ гэсэн үрэлгэн байдлаар ханддаггүй. Харин ч зарлагаа хянаад орлогоосоо илүү гарвал хадгалах хуримтлуулахыг хичээдэг.
Улс орон, айл өрхийн төсөв ялаагүй хэмнэлт, үр ашиг руу чиглэ ёстой. Ер нь бол УИХ-ын гишүүд сайд дарга нар нийтийн эрх ашгийн төлөө ажиллах тангараг өргөсөн учраас өргөсөн тангаргаа санаж үргүй зардлуудыг хасах шийдвэрийг дэмжинэ гэдэгт итгэж байна.
“ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭРИЙН ЭСРЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН БАГАХАН ДАРАМТ ИРСЭН”
-Төсөвт нэлээд жин дарж байгаа халамжийн бодлоготой холбоотой хууль тогтоомжуудаа ч эргэж харах шаардлагатай гэж байх шиг байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Энэ удаагийн Засгийн газрын бас нэг зорилго бол халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх буюу онцын шаардлагагүй бүлэгт халамж өгөхөө зогсоох нь зүйтэй. Би энэ зарчим дээр хатуу зогсдог. Цаасан дээрээ энэ зарчим Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Цаасан дээрээ нэг өөр зүйл биччихдээ төсөв дээр өөр тоо тавиад яваад байгаа нь харамсалтай.
Нэгэнт халамжийн бодлогоосоо татгалзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм бол төсөвт яаж суув гээд хайхаар байхгүй. Харин эсрэгээрээ халамж руу чиглэсэн төсөв нэмэгдсэн байгаа байх. Энэ бодлогоо эргэж харах талаар ярьж байгаа нь зөв.
Үнэхээр нийгмийн халамж, хамгаалал нэн шаардлагатай хэсгүүдийнхээ мөнгийг нэмж, шаардлагагүй хэсгээ хасах ёстой. Ямар нэг төрлийн халамж авч байгаа иргэдийн 29 орчим хувь нь дунджаас дээгүүр амьдралтай иргэд байна гэсэн судалгаа байсан. Үүнээс халамжийн бодлого нүдээ олохгүй байгаа нь харагдаж байна.
-Төрийн албан хаагчдын тоо олон байна гэж нэг хэсэг нь шүүмжилж байхад нөгөө хэсэг нь дутагдалтай байгааг хэлж байна. Төрийн албан хаагчдын ур, чадвар, бүтээмж дээр суурилсан байхад чиглэсэн бодлого явуулж чадаж байна уу?
-Монгол Улсын нийт эдийн засгийн нийт 70 орчим хувь нь төрөөс хамааралтай байна. Энэ хэрээрээ хувиараа бизнес эрхлэгч, ААН-үүдийн орон зай хумигдаж, төр данхайж байна гэсэн үг. Монгол Улсад нийт 226 мянган төрийн албан хаагч байдаг гэдэг боловч ирэх оны төсөв дээр 230 мянган төрийн албан хаагчид цалин олгох тооцоолол орж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын тоо ирэх онд 4000 нэмэгдэх нь.
Төрийн алба ч гэсэн бүтээмж дээр суурилмаар байна. Төрийн албаны давхардал, давхцалыг арилгаж шаардлагагүй чиг үүргээ хувийн хэвшилдээ шилжүүлж, чадварлаг, цомхон байх, тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь авлига аваад байхааргүй өндөр цалинтай болж, өрсөлдөх чадвар, үнэлэгдэх үнэлэмжээ өсгөмөөр байна.
Бүтээмж их бүтээгдэхүүн нийлүүлдэг төрийн албан хаагчийн цалин өндөр, бүтээмж багатай төрийн албан хаагчийн цалин бага байх ёстой. Ер нь хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байгаа гурван хүн тутмын 1 нь төрийн албан хаагч байгаа нь дэлхийн жишигтэй харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Гэтэл хувийн хэвшилд ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр алдагдсан байна.
-Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан. Нэгэнт Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр шүүмжлэлтэй хандаж байгаа үед намын дарга болон бүлгийн гишүүдээс ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу?
-АН-ын бүлгээс төсөвт өгөх саналаа гишүүдийг ирүүлэхийг хүссэн. Тухайн үед ирэх оны төсвийг бүхэлд нь буцаах санал гаргая гэдэг саналаа илэрхийлсэн. Харамсалтай нь миний өгсөн санал бүлгийн дүгнэлт дотор яваагүй.
Миний хувьд бүлгийн дарга удирдлагууддаа хэлэхгүйгээр өөр намын гишүүдтэй нийлээд төсвийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Бүлгийн удирдлагуудад саналаа зарчмын хувьд тавьсан. Уг санал маань дэмжигдээгүй учраас аргаа бараад төсвийг шүүмжилж тод дуугарсан, эрсдэл гаргахад бэлэн гишүүдтэй хамтарсан.
Үүнд ямар нэгэн асуудал байхгүй. Дээр нь нэмээд хэлэхэд би Ардчилсан намын гишүүн. Манай нам ямар нэгэн байдлаар хэн нэгнийхээ үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд халдаад байдаггүй. Гэсэн хэдий ч Засгийн газрын бодлого шийдвэрийн эсрэг байж болохгүй гэсэн багахан хэмжээний дарамт шахалт ирсэн гэдгийг нуухгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгдүгээрт, улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт, хувь хүний эрх ашиг байхаар тусгасан. Миний хувьд намын, хувь хүний эрх ашиг гэх заалтыг хасах санал оруулж байсан. Засгийн газрын бодлого ерөөсөө улс орны, нийт иргэдийн төлөө байх ёстой. Би тангараг өргөсөн учраас олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудал дээр дуу хоолойг нь зоригтой илэрхийлсээр байх болно