Л.Энх-Амгалан: Төр өөрөө захиалга өгч, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгээ дэмжинэ
Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагджээ. Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдаж гарлаа. Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” буюу эхний 10 жилд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас зарласан. “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-д цаашид шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлага байна.
Шинжлэх Ухаан Технологийн сан өнгөрсөн 15 жилийн хугацаанд 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлсэн. Харамсалтай нь, сангаас санхүүжсэн 4000 орчим судалгаа нь Монгол Улсын хөгжил дэвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх механизм байхгүй гэдгийг мэдэрсэн. Иймд Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилтэд өөрчлөлт оруулж, энэ сангаас суурь болон хэрэглээний судалгаа зэрэг өрсөлдөөнт судалгааг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжинэ.
Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр” зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ-ийг дандаа хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тендерийн хуульд зааснаар Төрийн өмчит компаниуд ТЭЗҮ-ийг хийхдээ төрийн их сургууль, томоохон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ хийх зохицуулалт байхгүй. Ийм учраас тендерийн ченжүүдийн орон зай бий болж Шинжлэх ухаанд зарцуулагдах мөнгө үр дүнгүй, өөрөөр хэлбэл нүүрсний гэдэг шиг “цавчаа” орж байна гэж харж байна.
Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ий 0,1 хувь. Гэсэн хэдий ч хувийн хэвшил, төрийн байгууллагын зардал нь сангаас зарцуулж байгаагаас тав дахин их байна. Шинжлэх ухаан, технологийн сангаас 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг бол төрийн байгууллагууд адилхан судалгаанд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байна. Цаашид Монголын төрийн өмчит компаниас зарцуулж байгаа энэхүү 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгээ дэмжиж ажиллана.
2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинэ санаа, инновац, патентыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо руу шилжинэ хэмээв.