Б.Цацрал: Та бүхнийг дээрээс шийтгэ гэсэн гэж хэлдэг
Эрх чөлөөний эвсэл намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 40 нэр дэвшигч хандивын данс нээгээгүй гэдэг шалтгаанаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Энэ асуудлаар тус намын дарга Б.Цацралтай ярилцлаа.
-Танай намыг шүүхэд өгсөн гэдэг асуудал яригдаад байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн тайлан мэдээ гараад Үндэсний аудитын газраас есдүгээр сарын 25-ны өдөр Сангийн яам руу явсан байна. Хуулийн хүрээндээ л энэ бүхэн хийгдэж байгаа. Гэвч Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшсэн 40 нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээгээгүй, бүртгүүлээгүй. Бүртгүүлээгүй дансан дээр аудит тайлангаа Үндэсний аудитын газар хүргүүлээгүй гэх зөрчлийн хэрэг, хүн тус бүр дээр гурван хэрэг нээгээд нийтдээ 120 хэрэг нээчихсэн явж байна. Уг хэргүүдийн зөрчлийн шийтгэлийн нийт хэмжээ нь 1.6 тэрбум төгрөг болох юм байна. Эхнээсээ хоёр ч нэр дэвшигч шийтгэлийн хуудас авсан. Харин бидний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн байдалтай байна. Бидний хувьд дотоод зохион байгуулалтаа өөрсдөө хийгээд сонгуульд хэрхэн оролцохоо шийдээд төв намаасаа сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.
Нам дээрээ хандивын данс нээгээд хуулийн дагуу явцын тайлангаа бүртгүүлээд, аудитлагдсан тайлангаа мөн бүртгүүлээд явсан. Гэтэл бидний энэ бүх баримтыг үл харгалзан нэр дэвшигч тус бүр дээр данс нээсэнгүй гэх зөрчлийн хэрэг үүсгэсэн. Одоо 21 аймаг, есөн дүүргийн татварын байцаагч, эрх бүхий албан тушаалтнууд байцаалт явуулж байна. Нэмээд Төрийн сангийн байцаагч нар шалгалт явуулж байгаа. Бидний зүгээс бүхий л нотлох баримтуудаа өгөөд явж байна. Сонгуулийн тухай хуульд нам нь нэр дэвшигчийнхээ зардлыг хариуцаж гаргаж болно гэх заалт байгаа. Гэтэл энэ заалт бидэнд үйлчлэхгүй байна. Заавал данс нээсэн байх ёстой гэж тулгаагүй байхад зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм. Ер нь энэ бол төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй, алдаатай байдлаас шалтгаалсан.
-Үндэсний аудитын газраас гомдол гаргасан гэсэн үг үү?
-Үндэсний аудитын газрын гомдлоор Татварын ерөнхий газраас зөрчил үйлдсэн гэдгийг чинь тогтоосон учраас та хэдийг шийтгэнэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол байцаагч нарын л үг. Төрийн гэх нэрийн дор ажлаа хйиж байгаа хүмүүсийг бид буруутгахгүй. Эсрэгээрээ төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал биднийг залхаан цээрлүүлэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх харилцаа хандлагатай байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийг шийдээч гэдэг шаардлага бид хүргүүлсэн. Гэвч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй л байна.
-Нэр дэвшигч данс нээж ч болно, нээхгүй ч байж болох юм байна. Гэвч данс нээлгээгүй гээд буруутгаад байгаа хэрэг үү?
-Энэ хэд маань ажлаа сайн хийгээд өмнө нь гарч байсан алдаануудаасаа сургамж авдаг байсан бол өнгөрсөн 2016, 2020 оны сонгуулиудаар данс нээхтэй холбоотой асуудал гарч ирж байсан байна. Нөгөөтэйгүүр сонгуульд оролцохдоо заавал зардал гаргана гэсэн зүйл байхгүй. Үүнийг хуульчилсан заалт байхгүй. Хүн өөрийн итгэл үнэмшилтэй, үзэл баримтлалтай, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэхийн тулд зардал гаргах шаардлага байхгүй. Бид үүнийг л хэлж байгаа. Тиймээс Эрх чөлөөний эвсэл нам дээр явуулж байгаа энэ үйл ажиллагааг залхаан цээрлүүлэлт гэж ойлгож байна.
-Ямар нэг хүн, нам, эвслээс захиалгатай гэж үзэж байна уу?
-Хардах биш, бүр нотлогдож байна л гэж хэлмээр байна. Татварын байцаагч нар биднээс байцаалт авахдаа хувийн шинж чанартай асуулт асуудаг. Сонгуульд нэр дэвших саналыг танд хэн тавьсан бэ гэж асууж байгаа. Энэ асуулт данс нээгээгүйтэй ямар холбогдолтой вэ гэдгээ тайлбарладаггүй. Та бүхнийг дээрээс шийтгэ гэсэн гэж хэлдэг. Тэр нь хэн юм бэ. Энэ нь тодорхой болчихвол х уулийн маргаанаа үргэлжлүүлээд явж болж байна.
Мөн шууд бусаар оролцож байгаа нэг газар нь прокурор. Прокуророос ийм чиглэл өгсөн л гэдэг байдалтай байна. Энэ дабль стандартыг эсэргүүцэхээр буцаагаад бидэнд давхар стандартаар шийтгэж байгаа юм уу. Дарангуйллыг эсэргүүцэхээр буцаагаад дарангуйллын хэлбэрээр айлгаж ичээгээд байгаа юм уу гэдгийг асуумаар байна.