Ерөнхийлөгч наанаа хориг тавьсан ч цаана нь өөрийнх хамааралтай төсөв асар их нэмэгджээ
2025 оны төсвийн хуульд хориг тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийнх нь буюу ЕТГ-ын төсөв жил бүхэн өссөөр байгаа нь анхаарал татаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв одоогоос арван жилийн өмнө 5.6 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 39.7 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн төсөв сүүлийн арван жилд 7 дахин өссөн байна.Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 2020 оны төсөв 6.5 тэрбум төгрөг байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болсон жил буюу У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилийн төсөв нь огцом нэмэгдэж 13.2 тэрбум төгрөг болсон. Ингээд 2022 онд 19.7, 2023 онд 26.5, 2024 онд 29.7 тэрбум төгрөг болж, жил бүр тасралтгүй нэмэгдсээр байна. Зарлага өндөр гэж хориг тавиад байгаа 2025 оны хэт үрэлгэн,өндөр зардалтай төсвийн цаана Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв ч мөн нэмэгдсэн. Тодруулбал, 2025 оны төсөвт ЕТГ-ын төсөв 39.7 тэрбум төгрөг буюу өнгөрсөн жилийнхээсээ 10 тэрбумаар нэмэгджээ. Харин 2020 оныхоос буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2020 оны төсвөөс 33.2 тэрбумаар нэмэгдсэн байх юм.Ерөнхийлөгч төсөвт хориг тавих үндэслэлдээ ирэх оны төсөв төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэж дурдсан. Мөн төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах шаардлагатай гэж үндэслэлдээ дурдсан юм. Гэтэл нөгөө талд өөрийнх нь Тамгын газрын төсөв жил бүхэн асар ихээр нэмэгдэж ирэх жил 39.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Тамгын газрын төсвөө жил бүхэн нэмэгдүүлсээр байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсвийг үр ашигтай зарцуулах, алдагдалгүй батлуулахыг шаардаж байгаагийн цаана өөрийнхөө төсвөөс ч хасуулах ёстой. Гэхдээ Ерөнхийлөгч энэ төсвөө хасуулж чадах уу.Түүнчлэн ЕТГ-ын 39.7 тэрбум төгрөгийн төсвөөс гадна Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг дагасан зардлыг салбар яамдын төсөвт суулгадаг. Тодруулбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Эрүүл Монгол”, “Илгээлтийн эзэн”, Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөрийг Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдгээр хөтөлбөрийн санхүүжилтийг ЕТГ-ын төсөвт бус Байгаль орчны яам, Боловсролын зээлийн сан, Эрүүл мэндийн яам, ХХААХҮ-ийн яамны бүтээн байгуулалт, урсгал зардалд суулгасаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн төсөв 39.7 тэрбумаар тогтохгүй гэсэн үг.”Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя” гэдэг шиг Ерөнхийлөгч санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, нэр хүнд олж авсаар тав дахь жил рүүгээ орох гэж байна. Тухайлбал, “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийн санхүүжилтийг Боловсролын зээлийн сангийн төсөвт суулгаж 21 аймгаас шалгаруулсан залуусыг гаднын болон дотоодын их дээд сургуульд сургадаг. Тэгвэл тус тэтгэлгийг 2021 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тус жилээ дотоодын их дээд сургуульд сурсан 403 иргэнд 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. Харин 2022 онд дотоодын их дээд сургуульд сурсан 302 иргэнд 1.3, гадаадын их дээд сургуульд сурсан 166 иргэнд 6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна.2023 онд дотоодын их дээд сургуульд сурсан 259 иргэнд 1.4 тэрбум, гадаадын их дээд сургуульд сурсан 408 иргэнд 18.6 тэрбум, 2024 онд дотоодын 758, гадаадын их дээд сургуульд сурсан 328 иргэнд 37.8 тэрбум төгрөг зарцуулжээ.Тэгвэл хориг тавиад байгаа 2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлтийн эзэн” тэтгэлэгтээ 59 тэрбум төгрөгийг суулгуулжээ. Энэ бол боловсролын зээл бус тэтгэлэг. Тиймээс эргэн төлөгдөхгүй гэсэн үг. Илгээлтийн эзэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 66.6 тэрбум төгрөгөөр залуусыг гаднын болон дотоодын их дээд сургуульд сургасан бол ирэх жил 59 тэрбум төгрөг төсөвлөөд байна.Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилготой. Тус зорилгодоо хүрэхийн тулд мөн л улсын төсөвт жил бүхэн багагүй санхүүжилт суулгасаар ирсэн. Түүнчлэн орон нутгууд, аж ахуйн нэгжүүд төсвөөрөө мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмждэг. Мөн банкууд “Тэрбум мод сан” байгуулж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 16 тэрбум төгрөгөөр мод тарьсан гэж тайландаа тусгасан байгаа юм. Харин улсын төсвөөс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд Ойн газрын Ойжуулалтын хөтөлбөрт санхүүжилтийг суулгаж ирсэн. Ойжуулалтын хөтөлбөрт 2023 онд 19 тэрбум төгрөг суулгаж үүнийхээ найман тэрбумаар мод тарьжээ. 2024 онд буюу энэ жил 45.1 тэрбум төгрөг суулгаж үүнийхээ 16 тэрбум төгрөгөөр мод тарьсан байна. Харин ирэх жилийн төсөвт 77 тэрбум төгрөг суулгаад байгаа бөгөөд хориг хэлэлцэх үеэр энэ дүн өөрчлөгдөх боломжтой.Үүнээс харахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын зардлаас гадна санаачлан хэрэгжүүлж байгаа хоёрхон хөтөлбөр нь л улсын төсөвт асар өндөр зарлага бий болгож байна. Илгээлтийн эзэн хөтөлбөр 2021-2025 онд нийт 125.6 тэрбум, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 2023-2025 онд 141.1 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.Ерөнхийлөгч хориг хэлэлцэх үеэр төсөл хөтөлбөрүүд болон Тамгын газрынхаа төсвөөс тануулж чадах уу. Ерөнхийлөгч наад талдаа төсвийн зарлага өндөр байна гэж хориг тавьчихаад цаанаа өөрийнх нь хамааралтай төсөв асар ихээр нэмэгдсэнийг сануулах зүйн хэрэг билээ.Үргэлжлэл бий. Дараагийн дугаарт Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол” болон “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд хэчнээн төгрөгийн төсөв хуваарилагдаж байгааг хүргэх болно.
Эх сурвалж: itoim.mn