Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

0

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

-Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн мэндийг та бүхэндээ хүргэе. Үндсэн хууль бол ер нь тухайн ард түмний мөрөөдөл байдаг. Бид ийм улс байгуулъя гэж мөрөөдөөд түүнийгээ цаасан дээр буулгаад, батлаад хэрэгжүүлдэг.  Өөрийн амьдралаа тэр хуулийн дагуу зохион байгуулах, хууль эрх зүйн гол үндэс сууриа тавьж байгаа хэрэг.   Гэхдээ хүний мөрөөдөл их хийсвэр, барьж авахад хэцүү, томьёолоход амаргүй байх нь бий. Бусад хөгжилтэй орнуудын Үндсэн хуулийг судлаад үзэхээр яг л саяны миний хэлснийг баталсан юм шиг байдаг. Дэлхийд хамгийн алдартай Үндсэн хууль бол АНУ-ын Үндсэн хууль. Энэ хууль Америкийн ард түмэн бид гэж эхэлдэг. Энэ хуульд маш хийсвэр гэмээр гурван агуулга байна. 

Нэгдүгээрт, бид ижил тэгш төрсөн. Хэн нэгэн дутуу эрх дархтай, хэн нэгэн илүү эрх дархтай төрөөгүй. Хоёрдугаарт, бид эрх чөлөөтэй төрсөн гэж. Ижил тэгш гэдэг бол хийсвэр. Бид бүгд эрх чөлөөтэй төрсөн гэдэг нь ч хийсвэр. Гурав дахь бүр их хийсвэр зүйл байна. Энэ нь хүн болгон аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхтэй гэжээ. 

Ийм гурван хийсвэр гэмээр суурь зарчим дээр АНУ-ын Үндсэн хууль тулгуурлаж, батлагдсан. Харин өнөөдөр АНУ ижил тэгш байхын үлгэрлэл, эрх чөлөөтэй байхыг үлгэрлэл. Дээр нь Америкийн мөрөөдөл буюу хүн болгон аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхтэй гэдэг ойлголтыг хэрэгжүүлж байгаагаараа дэлхийд үлгэрлэж байна. Өнөөдөр хүн болгон АНУ руу тэмүүлж байна. Зөвхөн монголчууд гэлтгүй бусад орныхон ч АНУ-ын виз авах юм сан. Виз авч чадахгүй бол хулгайгаар ч гэсэн орчих юм сан гэдэг. АНУ дүрвэгсдийнхээ буюу хууль бусаар АНУ руу орж байгаа хүмүүсийнхээ асуудлыг яаж шийдэх үү гэдэгт толгой өвтгөж байна. Одоогийн байдлаар АНУ-д 12 сая хүн хууль бусаар амьдарч байна. Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсээ хүчээр гаргана гэж амлаад энэхүү амлалт нь АНУ-ын иргэдэд таалагдаж, ялалт байгуулахад нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ. Яагаад АНУ руу хүмүүс тэгж их тэмүүлээд байгаа юм бэ. Яагаад гэхээр тэнд ижил тэгш, эрх чөлөөтэй байхын зарчмыг хэрэгжүүлж байна. Тэнд хүн өөрөө мөрөөдсөн бол мөрөөдөлдөө хүрэх зарчим үйлчилж байна. 

Та бидний сайн мэдэх Элон Макс буюу дэлхийн хамгийн алдартай баян хүн 300 тэрбум.ам.долларын хөрөнгөтэй болж чадсан байна. Тэр хүн өөрөө Өмнөд африкт төрсөн. Тэгсэн атлаа Өмнөд африктаа байгаагүй. Яагаад гэхээр тэнд саяны миний хэлдэг ижил тэгш байх, эрх чөлөөтэй, мөрөөдөлтэй байх асуудал эргэлзээтэй. 

Тэгэхээр Элон Макс америк руу явсан. Тэнд очоод Үндсэн хуулийнх нь дагуу амьдарч амжилтад хүрсэн. АНУ бол амжилтад хүрэх, шинэ технологийг хөгжүүлэх, мөрөөдлөө биелүүлэх, эд хөрөнгөтэй болох тийм бололцоотой улс юм гэдгийг харуулсан. Одоо түүний мөрөөдөл юу билээ. Хүн төрөлхтөн энэ дэлхий дээр хэт халалтаас болоод юм уу ямар нэгэн байдлаар амьдарч чадахгүйд хүрвэл Марс гараг дээр очиж амьдаръя гээд хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байгаа. Манай нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн “Ангараг” гараг руу хандсан шүлэг байдаг шүү дээ. “Ангараг гараг чам дээр амьдрал бий юу, үгүй юу. Бид энд шударга ёсыг тогтоох гэж амьдарч байна, Ангараг гарагтай нөхөрлөлийн харьцаа тогтооё” гэсэн агуулгатай. Тэгвэл Элон Макс Д.Нацагдорж гуайн шүлэглэсэн шиг тэр зарчмаар Марс гараг руу нүүхээр компаниа байгуулж, пуужин нисгэж, очоод буцаж ирдэг технологийн шинэчлэлийг хийж байна. Тэгэхээр нэгдүгээрт, хүн төрөлхтөн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг юм байна. Хоёрдугаарт, мөрөөдлөө хэрэгжүүлэх институцуудыг байгуулдаг юм байна гэдгийг энэ л зарчмаар аливаа хөгжил явж байгааг ойлгох хэрэгтэй. 

“Үндсэн хуулийн эх сурвалж нь ард түмэн, хадгалагч нь ард түмэн байх ёстой”

-Бид анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоо эдгээр өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ хуулиар бид Бүгд найрамдах улсаа тунхагласан. Бүгд найрамдах улс гэдгийг та бүхэн минь ойлгож байгаа. Латинаар өмч, эд юмс, үйл хэрэг+ олон нийт гэсэн утга агуулгатай. Энэ агуулгаар бол Монгол Улс бол бидний дундын өмч. АНУ, Англи, ОХУ, БНХАУ ч ялгүй, бүгд найрамдах улсын хэлбэртэй л бол ард түмнийхээ дундын өмч юм аа. Хоёр дахь утгаараа дундын үйл хэрэг юм. Энэ үйл хэрэг, дууссан юм биш, цаашид эх орноо, Монгол Улсаа хамтдаа хөгжүүлэх үйл хэргийг хамтдаа хийх юм. Манай ахмад үеийнхэн Бүгд найрамдах улс гэж их гоё орчуулсан байгаа биз. Ингээд яагаад дундын өмч, дундын үйл хэрэг гэж ярьж байгаа юм гэхээр АНУ гэхэд 200 гаруй жилийн өмнө Үндсэн хуулиа баталлаа. Францад 1789 онд хувьсгал гарсан.  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Францын хувилбар хувьсгалын дараа батлагдсан. Дараа нь тэр нь дэлхийн хүн төрөлхтөнд хэрэгтэй тунхаглал болж таарч, бид тэндээс нь санаа авч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг яагаад батлав гэдэг зүйлийг авч үзье л дээ. Үндсэн хуульд бүх нийтийн үйл хэрэг гэдгийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэхээр хүн төрөлхтөн анхнаасаа төр засгийн тогтолцоогоо яаж сайхан амьдрах вэ гэдэг дээр л тулгуурлан хийсэн байдаг. АНУ-ын Үндсэн хууль ч хэлж байна. 

Далай багш ч хэлсэн байдаг шүү дээ. Хүн аз жаргалтай байхын төлөө л явж байгаа гэж. Гэхдээ аз жаргалыг хүн бүр өөр өөрөөр ойлгох байх.  Өнөөдөр олонх нь аз жаргалыг мөнгөтэй байх гэж ойлгоод байдаг. Гэтэл үгүй юм. Сайхан гэр бүлтэй байх, амжилттай суралцах, үр хүүхдээ харах байж болох юм. Энэ мэтчилэн хүн бүр аз жаргалыг өөр өөрийнхөөрөө ойлгож түүнийхээ төлөө тэмүүлдэг. 

Ийм төрийн тогтолцоог, улсын тогтолцоог хүн төрөлхтөн бий болгох гэж олон жил эрж хайсан байгаа юм. Тэгээд сайн хаантай болж үзсэн. Сайн хааныг толгой дээрээ залсан ч биш юм байна гэдгийг ойлгосон. Францын 14 дүгээр Людовик гэдэг хаан үүнийг илэрхийлдэг. “Төр засаг бол би” гээд өөрийгөө зарласан. Ингээд афсолют эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн. Тэр нь юу дуртайгаа хийнэ. Хуулийг өөрөө тогтоож, өөрөө хэрэгжүүлнэ. Өөрөө шүүгч хийдэг. Тэгэхээр энэ гурван эрх мэдэл нь гурвуулаа нэг хүний гарт ороод ирэхээр тэр хүн дураараа загнаж дургүй хүргэсэн хүнээ барьж аваад цаазалчихдаг байжээ. Дуртай өмчөө булаагаад авчихдаг. Өөртөө зориулсан хууль гаргаж, өөрөө хэрэгжүүлдэг. Тэгэхээр Хаант засаглал биш байгаа биз. Ингэж хүн төрөлхтөн хаант засгаас салсан. Ингээд сайн удирдагч, сайн улс төрийн намтай болъё гэж үзсэн. Гэтэл Гитлер гараад ирсэн. Сайн удирдагч, сайн намтай байя гэхээр тэр нам нь бүх намуудаа дарлаж, устгаад, өрсөлдөгчдөө шоронд хийгээд эхэлсэн. Бусдын эсрэг түрэмгийлэл явуулж, хүмүүсээ арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхаж байсан. 

Тухайлбал, Еврейчүүд бол хүн биш чөтгөрүүд тийм учраас устгах ёстой. Тэгж байж бүх асуудал шийдэгдэнэ гэж үзсэн. Тэгээд монхор хамартай, дэлдэн чихтэй, бөхтөр, толгой жижигхэн, намхан гэж шоглож зураад 6.5 сая еврейчүүдийг Гитлер устгасан байна. 

Яагаад гэвэл еврей учраас л гэж тайлбарсан. Энэ сургамж дээр тулгуурлан ямар нэгэн бүлэг, үндэстнийг шашин шүтлэгээр нь үүсэл гарлаар нь үзэл санаагаар нь хоморголон устгаж болохгүй гэдгийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааж өгсөн байгаа юм. ЗХУ-д мөн Сталин гэдэг дарга гарч ирсэн. Коммунист нам ч дураараа аашилж, өрсөлдөгчөө шоронд хийдэг устгадаг, ард түмнээ хэлмэгдүүлдэг болсон байна. Тэгвэл нэг нам дангаараа ноёрхож болдоггүй, дарга гэж сайн хүн байдаггүй юм байна гэж үзсний эцэст ерөөсөө институциудыг хөгжүүлэх ёстой гэж үзсэн.  Ингэхдээ аливаа эрх мэдлүүдийн эх сурвалж нь юу юм бэ гэдгийг тодорхойлсон. Өмнө нь бол бурхан сонгосон учраас хаанд эрх мэдэл байна. Тэр эрх мэдлийг хаан өөрөө хэрэгжүүлнэ. Дараа нь сайн удирдагчид, сайн намд эрх мэдэл байна.  Гэтэл болоогүй. Ингээд хүн төрөлхтөн эрх мэдлээ эзэнтэй болгох гэж алдаж онож явсаар асар их үнэ цэн төлж явсаар энэ эрх мэдэл зөвхөн ард түмэнд байна гэдгийг хүлээн зөвшөөрч тодорхойлсон. Үүн дээр дундын өмч буюу дундын үйл хэрэг гэдэг зүйл гарч ирсэн. Хүнийг шийтгэдэг, мөнгө хөрөнгө захиран зарцуулдаг, хууль гаргадаг баталдаг гээд бүх эрх мэдэл бол зөвхөн ард түмнээс эх сурвалжтай юм. Үүнээс эхлээд Ардчилсан төрийн тогтолцоо үүсэн бий болж, ард түмэн та бид, гурван сая гаруй ард түмэн бид энэхүү эрх мэдлийн цорын ганц эх сурвалж юм байна. Өөр хэн ч энэ эрх мэдлийн сурвалж болж болохгүй. Энэ эрх мэдлийг шилжүүлдэг юм уу яадаг юм гэж асууж болох юм. Үгүй ээ. Энэ эрх мэдлийг өөртөө байнга хадгалдаг. 

Түр хугацаанд энэ эрх мэдлийг хэрэгжүүл гэж парламентыг сонгодог. Эсвэл Ерөнхийлөгчийг сонгодог байх нь. Тэрхүү сонгогдсон албан тушаалтан нь хэрэв ард түмний хүсэл зоригийг биелүүлж чадахгүй байгаа бол ард түмэн өөртөө эрх мэдлийн эх сурвалжаа хадгалж байгаа учраас хугацаанаас нь өмнө огцруулдаг юм байна. 

Парламентыг тарааж дахин сонгууль явуулдаг юм байна. Ард түмэн эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр шууд санал хураалт явуулж хэрэгжүүлнэ. Тухайлбал, 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр монголчууд Монгол Улс тусгаар тогтносон улс мөн үү биш үү гэсэн санал асуулга явуулахад 99.9 хувь нь мөн гэж хариулсан байна. Ингэж ард түмэн төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж гэдгээ энэ эрхийг өөртөө байнга хадгалж байна гэдгээ баталсан юм. 1945 оны аравдугаар сарын 20-н бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн баталгаатай баталгаажуулсан үйл явдал болсон юм. Та бүхэн энэ өдрийг мартах учиргүй юм шүү.  Тэр өдөр бичиг үсэг мэддэггүй хүмүүс эрхий хуруугаараа хурууны хээгээ дарж тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм шүү. Мөн ард түмэн эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ төлөөний хүмүүсээ сонгодог. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гээд хуваагдаж сонгоод “ Чи миний дарга биш шүү. Миний төлөөлөгч шүү” гэх байдлаар сонгож эрх мэдлээ хэрэгжүүлж болно. “Эрх мэдэл нь чамд биш бидэнд байгаа. Биднийг төлөөлж тэнд очоод шударга ажилла” гэж болж байна. Тэр нь тодорхой хугацаатай, ажлаа муу хийж байвал хугацаанаас нь өмнө эрүүлэн татдаг байх хэрэгтэй. АНУ-д гэхэд худлаа хэлж сонгогдсон парламентын гишүүн хугацаанаасаа өмнө огцорч байсан шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн худлаа хэлсэн учраас. Төрийн бүрэн эрхийн гол эх сурвалж нь ард түмэн. Энэ зарчим тэнд үйлчилж байна гэдгийн баталгаа.  Тэгэхээр аливаа ардчилсан орны Үндсэн хууль бол яг л энэ зарчим дээр суурилсан байх ёстой. Төр засгийн бүрэн эрх, эрх мэдлийг ард түмэн л шийдэх ёстой. Өөр хэн ч шийдэхгүй.  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ч ард түмнийхээс том эрх мэдэл гэж байхгүй. Үндсэн хуулийн эх сурвалж нь ард түмэн, энэ эрх мэдлийг өөртөө хадгалагч нь ард түмэн” юм.

“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

-Ш. Монтескье гэдэг хүний талаар та бүхэн сонссон байх. Алдартай эрдэмтэн, судлаач, хуульч, гүн ухаантан хүн. Ш.Монтескье эрх мэдэл гэдэг зүйлийг судлаад ер нь эрх мэдэл гэдэг зүйл үнэхээр том агуулгатай. Үүнийг нэг хүн, нэг нам, нэг институци хэрэгжүүлж болохгүй. Тэгвэл хараа хяналтгүйгээр эрх мэдлийг хэрэгжүүлж дарангуйлал үүсэх юм байна. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалтыг гурав хуваах ёстой юм байна гэж үзсэн. Ингээд хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж гурван эрх мэдэл бий болсон. 

Энэ хуваарилалт зөв байж, зөв хэрэгжиж чадвал төрийн эрх мэдэл тэнцвэртэйгээр хэрэгжих юм байна гэж онол гаргасан. Манай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд саяны хэлсэн эрх мэдлүүд хэрхэн тусгагдсан талаар дурдъя. Төрийн засгийн бүрэн эрх гэдэг ойлголт байхгүй. Их бүдэг, бадаг.  

Энэ бүрэн эрхийг их олон зүйл заалтуудаас ургуулан бодож гаргаж ирэх болдог. Ард түмэн төрийн эрхийн цорын ганц эх сурвалж мөн, энэ эрхийг өөртөө байнга хадгална гэдэг үг бас Үндсэн хуульд байдаггүй. Их сулхан заалт байгаа нь “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт юм. Тэр бол төр засгийн бүрэн эрхийг томьёолсон заалт болж чадахгүй. Мэдэлд байна л гэсэн үгтэй. Гэтэл эх сурвалж нь хэн юм, үүнийг өөртөө хэн хадгалах юм. Энэ эрх байнга хадгалагдах уу зэрэг нь тодорхой биш. Манай одоогийн Үндсэн хуульд энэ заалт байхгүй. Тэгэхээр аливаа ардчилсан улсын Үндсэн хуульд байдаг гол зарчим нь манай Үндсэн хуульд байхгүй байна. Тэгэхээр сайн Үндсэн хууль болж чадаагүй байна. Аливаа зүйлийн суурийг зөв тавих хэрэгтэй. Байшингаар бол хундаамыг зөв цутгаж байж, тэр байшин ганхахгүй газар хөдлөлтөд тэсвэртэй байна шүү дээ. Хэн нэгэн хүн ороод хөдөлгөөд эхлэхэд нурчихдаггүй тийм байх хэрэгтэй. Манай Үндсэн хууль харамсалтай нь үндэс сууриа зөв тавиагүй дутуу учраас учир дутагдалтай байна.

Хоёрдугаарт, Ш. Монтескье бол эрх мэдлийг хуваарилахдаа харьцангуй бие даасан тэнцвэртэй, бие биеэ хянах чадвартай байхаар зохицуулсан. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэдгийг дахин хэлье. Гэтэл өнөөдөр манай Үндсэн хуульд “УИХ буюу хууль тогтоох байгууллага бол төрийн эрх барих дээд байгууллага юм” гээд заачихсан.

Ш. Монтескье-гийн онолоор бол ямар ч дээд байгууллага гэж байхгүй. Зөвхөн хууль тогтоох, зөвхөн хэрэгжүүлэх, зөвхөн шүүх байгууллага байна. Тэр нь нэг нэгнийхээ дээр гарч болохгүй гэж заасан. Гэтэл Үндсэн хуульд дээд гээд тодорхойлчихоор Хууль тогтоох байгууллага нь бүхний дээр юм шиг аашилдаг болчихсон. Засгийн газраа ч загнадаг, үүрэг даалгавар ч өгдөг. Өөрөө ч зөвхөн хууль тогтоох биш шүүх эрх мэдлийг хэрэгжүүлээд явчихдаг. Үндсэн хуульд нэгэнт тэгээд бичсэн юм чинь одоогийн парламентын гишүүн, түрүүчийн парламентын гишүүн гээд ямар нэгэн хүнд алдаа өгч чадахгүй. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн алдааг бий болгож байна. Үүнийг яаралтай засахгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ парламент өөрөө хяналтад орохгүй. 

“Ардчиллын амин сүнс бол хяналт юм”

– АНУ-ын Үндсэн хууль яагаад сайн болсон гэхээр тухайн үед баталж байсан хүмүүс нь ардчилсан зарчмын онолуудыг сайн хэрэгжүүлж чадсан байна. Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалжуудаа тодорхой тусгасан.  Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагуудыг зааж, тэднийг яаж давраахгүй барих вэ гэдгээ ч сайн зааж өгчээ. АНУ-ын Үндсэн хуулийг баталж байсан хүмүүс юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр “Ард түмнээс сонгогдсон парламент хүссэн хүсээгүй хамгийн хүчтэй нь байдаг. Үүнийг Засгийн газар хянаж чаддаггүй, шүүх нь бас хянахад хэцүү байдаг. Тэгэхээр парламентыг хэн хянах вэ гэхээр мэдээж ард түмэн хянана. Гэхдээ ард түмэн хянана гэдэг бас харьцангуй, амархан биш. Тэгэхээр парламентаа хоёр хуваагаад хоёр танхим байгуулаад нэг нэгнийгээ хянана. 

Хоёр танхимтай парламент нэг нэгнийгээ хянаж байж хууль тогтоох байгууллага хяналтад орно” гэж үзсэн. Манайд өнөөдөр ганцхан танхимтай парламент байгаа учраас тэрийг хэн ч хянаж чадахгүй байна. Хянах ч боломжгүй. Тэгэхээр өнөөдөр парламентын гишүүдийг загнахаасаа өмнө Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. 

Хоёр танхимтай болгох хэрэгтэй. Нэгийг нь намын жагсаалтаар сонгодог, намууд улс төрийн амлалт авч түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг байх хэрэгтэй. Ард түмэн сонголтоо хийж, 50+1 олонхын суудал өгч, тэр нам дангаараа Засгийн газраа байгуулдаг байх хэрэгтэй. Нөгөө цөөнх нь Засгийн газарт орох гэж улайрахгүйгээр хяналтаа тавьдаг байх нь чухал. Ерөөсөө ардчиллын амин сүнс бол хяналт, хяналтгүй ардчилал гэж байхгүй. Хяналт алдагдах л юм бол дарангуйлал, анархизм, эмх замбараагүй байдал үүснэ. Тэгэхээр парламентын хоёр танхимаа байгуулж, нэгийн нь можаритор, нөгөөхийг нь пропорцианаль хэлбэрээр байгуулах хэрэгтэй. Тэгээд бие биеэ хянадаг ийм эрүүл саруул тогтолцоо чухал байна.  Ингэснээр парламент хяналттай болж, хууль тогтоох ажиллагаа зөвхөн хууль тогтоох дээр төвлөрдөг. Нэг танхим нь хууль баталлаа гэхэд нөгөө танхим нь түүнийг муу болсон бол буцаадаг, сайн болсон бол батлаад явуулдаг. Алдааг нь засдаг байх хэрэгтэй. Ер нь хууль тогтоох ажил тийм ч хурдан явдаггүй. Харамсалтай нь, манайх өнгөрсөн 30 жилд нэг , хоёр хоногийн дотор л хууль баталчхаад байгаа. Маш богино хугацаанд буцалгасан мах, гурил, будаа ямар байдаг билээ, түүхий байдаг. Түүхий гурил, түүхий мах, түүхий будаа идэж болохгүй биз дээ. Түүнтэй адил манай хуулиуд их түүхий болдог. Парламентын хяналт гэдэг зүйл байхгүй учраас алдаа дутагдал их гарч байна. 

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

-Дараагийн нэг чухал асуудал нь ард түмэн өөрөө төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж байх бөгөөд энэ эрхийг өөрөө байнга хадгалдаг учраас хүний эрх, эрх чөлөө асуудал нэн чухал юм. Үүнийг хүн төрөлхтөн төөрч, будилж явсаар ойлгосон.  Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг бол ХХ зуун төдийгүй, ер нь хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн хамгийн чухал бичиг баримт юм. Энэ бол бидний ширээний ном байх ёстой. 

Өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа уншсан хүн, түүнийгээ мэдэж байгаа хүн их цөөхөн байгаа. Хүний эрхийг уншихаас гадна ойлгох, хүний эрхийг баталгаатай хангах асуудал бол төр засгийн номер нэг асуудал. Түүнээс биш мега төсөл биш. Хүний эрхтэй холбоотой асуудал гэхээр нэн тэргүүнд амьд явах эрх байна. 

Үүнийг манайхан үхчихгүй л байвал их юм гэж бодоод байдаг. Үгүй л дээ. Энэ чинь амьдрах эрх байхгүй юу. Хүн шиг амьдрах, хүн ёсоор амьдрах эрхийг амьд явах эрх гэж ойлгох хэрэгтэй. Амьдрах эрх бол боловсрол, эрх чөлөө, эд хөрөнгө, гадагшаа дотогшоо явах, эрүүл саруул амьдрах асуудал юм. Дээр нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эс шүтэх, шударга шүүхээр шүүлгэх асуудал нь амьдрах эрх гэдэг зүйл дотор багтаж байгаа шүү дээ. Тэгэхээр амьд явах эрх чөлөө гэдэг нь өөрөө амьдрах эрх чөлөө юм. Нөгөө талаар шүүх байгууллага өнөөдөр хүний буруугүйг тогтоодог байгууллага шүү дээ. Гэтэл буруутайг нь тогтоох замаар энэ эрх мэдэл хэрэгжиж байгаа нь харамсалтай. Ямар зарчим байдаг вэ гэм буруугүйн зарчим гэж бий. Христийн шашин анх үүсэхдээ Адам, Ева хоёр диваажинд байхад мэдлэгийн алимыг битгий идээрэй гэж бурхан хэлсээр байтал Еваг могой ятгасаар байгаад идүүлчихсэн. Амт нь их гоё. Адам мөн идсэн. Үүнд бурхан уурлаж, диваажингаас зовлон зүдүүртэй амьдралдаа оч гэж хөөсөн. Тэгэхээр Христийн шашин гэлтгүй олон шашны уламжлалд хүн төрөхдөө гэм буруутай төрдөг гэсэн ойлголт бий болж л дээ.  Яагаад гэхээр мэдлэгийн алим идээд диваажингаас хөөгдсөн. Тийм учраас нүгэл хийсэн. Анхнаасаа “Би гэмтэй, би уучлал хүсье, би буруутай” гээд л яваад байсан. Гэтэл хүн төрөлхтөн гэмтэй байгаагүй. Энэ гэмтэй гэдэг зарчим дээр асар муухай аллага болсон. Еврейчүүдийг Христийг цовдолсон гэж устгасан. Энэ мэтчилэн ялангуяа шашны байгууллагууд хүнийг гэм буруутай мэт үзэж нүглээ наминчлахыг заадаг. 

Зарим шашинд нүглээ наминчилсаны төлбөр ч гэж байдаг. Түүнийгээ их соёлтой хэлнэ. Энэ бүгд хуучин соёлоос үлдсэн юм. Хүн төрөлхтөн явж явж, төөрч төөрч явсаар энэ бүх хоцрогдлыг ойлгосон. Хүн бол гэм буруугүй, гэм буруугүйн зарчим үйлчлэх ёстой юм байна гэж ойлгосон. 

Тэгэхээр шүүх эрх мэдэл хүний гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоох ёстой байхгүй юу. Гэмт хэрэг хийсэн гэдгийг прокурор оруулж ирлээ. Үүнийг гэм буруугүйн зарчмын дагуу эхлээд гэм буруугүйг нь тогтооё гэдэг байх хэрэгтэй. Прокурор мөрдөн байцаагчийн оруулж ирсэн тэр баримтад үнэхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон бол нотлох баримтын дагуу шүүх тэр хэрэгт нь алхаа цохих ёстой. Гэтэл манай шүүх анхнаасаа ялыг тогтоогоод 10 жил өгөх үү 15 жил өгөх үү гэдгээ яриад эхэлдэг. Нөгөө хүн маань өөрийгөө гэм буруутай гээд ойлгочихсон учраас надад бага ял өг надад тэнсэн өгөөч гэдэг. Манайх одоо хүртэл шударга шүүхээр шүүлгэх гэдгээ ял өгөх шүүх гээд ойлгочихдог. Ингэж болохгүй. Буруугүй гэдгээ тогтоолгох шүүх юм. Харин манайд шүүх хурлыг харанхуй, хаалттай хийгээд хорих байраа өргөтгөөд шударга бусын хонгилоороо оруулчхаад байна. Манай Үндсэн хуульд үүнийг зохицуулаагүй нь харамсалтай.  Манайд хүний эрх эрх чөлөө хангагдахгүй тунхаглалын шинж чанартай байгаа нь үнэн.

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

-Монгол залуучууд маш их авьяастай. IQ-гийн судалгаагаар манай улс дэлхийд эхний тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Гэтэл тэр авьяас чадвар нь хаачихсан юм бэ. Хоцрогдсон байдалтай л байна. Зарим улс биднийг Азийн Африкууд гэж ярьж байна. Яагаад гэхээр царай нь Ази, байгаа байдал нь Африк шиг. Тэгж яриулан яриулан амьдарч болохгүй. Бид яаралтай хөгжих хэрэгтэй. Тэгэхээр бидний хамгийн эхний асуудал боловсрол. Манайх шиг цөөхөн хүн амтай. 200-250 мянган оюутантай ийм оронд дээд боловсрол үнэгүй байх хэрэгтэй. 

Тэгэхгүй чи мөнгө төл гэхээр аав ээж нь арай гэж төлбөрийг нь төлдөг. Гэтэл чанартай чанаргүйн асуудал гардаг. Тэгэхээр манай боловсролын салбарын суурь асуудал бол хамгийн нэгдүгээрт дээд боловсрол үнэгүй байх юм. Норвег, Швед, Финлянд, Германд ч дээд боловсрол үнэгүй байна. 

Нэг түүх хэлэхэд би Англид 1992 онд очоод орос, монгол хүмүүжлээрээ эмэгтэй хүний хоолны мөнгийг эрэгтэй нь даах ёстой гэж бодоод өдрийн уулзалт хийгээд англи эмэгтэйн хоолны мөнгийг төлөх гэсэн уурласан. Яагаад та миний мөнгийг төлөх гээд байгаа юм. Таны энэ үйлдэл бол хоцрогдол шүү гэж хэлсэн. Би эвгүй байдалд ороод хоцорсон. Тэгэхээр эдгээр орнуудад дээд боловсрол үнэгүй болсон байна. Яагаад гэхээр дээд боловсрол бол хүний өөрийн авьяас чадвараа нээхэд, хөгжихөд мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн эхний заавал шийдэх ёстой асуудал юм. Гэтэл манайд дээд боловсрол төлбөртэй. Энд хэдхэн л оюутны асуудал ярьж байгаа. Үсрээд 300 мянган оюутан шүү дээ. Төлбөрөө төлж чадахгүй бол сургуулиас гар. Олон хүүхэд айл гэхэд нэг хүүхдээ сургаад бусдыг нь гаргаж байна. Үүний үр дүнд бид ажилгүйдлийн асуудлаа, гэмт хэргийн гаралтаа шийдэж чадах уу. Цаашлаад Орос, Хятад, Солонгосчуудтай өрсөлдөж чадах уу. Чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо байгаа Үндсэн хуулийн тогтолцоо маань өөрөө улсын хөгжлийг хойш нь татаад байна. Боловсролыг нь өгөхгүй байна. Ард түмэн энэ орны эзэн юм гэдгийг баталгаажуулаагүй байна. 

Эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт алга, хяналт тавих асуудал орхигдсон байна. Тэгэхээр бид үүнийгээ яаралтай засахгүй бол болохгүй.  Шилжилтийн буюу 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс үнэхээр гавьяа байгуулсан. Яагаад гэхээр нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжихэд энэ Үндсэн хууль хэрэгтэй байсан.

Бид тэдэнд талархалтай хандах хэрэгтэй. Гэхдээ 32 жилийн дараа буюу одоо бидэнд хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй. Хүний эрх эрх чөлөөг хангасан Үндсэн хууль хэрэгтэй. Дээд боловсролыг үнэгүй олгодог Үндсэн хууль хэрэгтэй. УИХ, Засгийн газар, шүүх нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг ийм Үндсэн хууль хэрэгтэй. Ард түмэн энэ улсын эзэн болох Үндсэн хууль хэрэгтэй. Тэгэхээр зайлшгүй одоогийн Үндсэн хуулийг шинэчлэн найруулж засахаас өөр аргагүй. Нэмэлт өөрчлөлтөөр эдгээр асуудлуудыг шийдэж чадахгүй. Өмнө бид нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөлт хийх гэж оролдсон. Гэхдээ оновчтой болж чадаагүй. Тиймээс хоёр танхимтай парламенттай болох хэрэгтэй. Аливаа хуулийг яаран, дааран гаргадаггүй байх, Засгийн газар нь бие даасан байх нь чухал. Шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус байх хэрэгтэй. Шүүх ял өгөхийн төлөө биш гэм буруугүйн талд нь зогсдог байх хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөө бол нэгдүгээрх асуудал байх ёстой. 

“Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг”

-Германы ард түмэн бол фашизм гэдэг айхтар муухай тогтолцоог даван туулж, маш их хохирсон. Гэхдээ Германы Үндсэн хууль хүний эрх гэдэг үгээр эхэлдэг болж чадсан. П.Амаржаргал доктор Германы Үндсэн хуулийг орчуулсан. Олон орны Үндсэн хууль хүний эрх гэдэг үгээр эхэлж байгаа. АНУ-ынх гэдэг Америкийн ард түмэн бид гэж эхэлж байна.

Аз жаргалын хойноос хүн бүхэн тэмүүлэх эрхтэй гэж байна. Эдгээр зарчмуудыг харахад бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж үзэж байна. Үүнээс айгаад байх юм байхгүй. Идээ бээр болсон, бугширсан асуудлуудыг заавал дэсэлж дэлбэрүүлж байж өөрчлөх шаардлага байхгүй. Манай зарим хүн тэгж онолдох дуртай.

Хувьсгал гарсны дараа Үндсэн хуулиа өөрчлөх ёстой мэтээр ярьж хэлдэг. Заавал хувьсгал гаргах гээд яах юм бэ. Байгаа асуудлуудаа өөрчлөөд явах хэрэгтэй. Дэлхийд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дундаж хугацаа 19 жил байдаг юм байна. Нэг үе гэж үздэг. Эмэгтэй хүнээр зүйрлэхэд эмэгтэй хүн хэдэн настайдаа анхны хүүхдээ төрүүлэх үү. Хоцрогдсон орнууд гэхэд 14, 15 настайгаасаа хүүхдээ төрүүлж байна. Хөгжилтэй орнууд бол эмэгтэйчүүд нь 30 нас гараад анхны хүүхдээ төрүүлдэг. Үүний дундаж нь 22, 23 нас болов уу. Монгол эмэгтэйчүүд магадгүй анхны хүүхдээ өдий насандаа төрүүлж байгаа. Тэгэхээр түүнийг нэг үе гэж тооцвол Ардчилсан Үндсэн хууль маань батлагдаад нэг үе өнгөрч, бараг хоёр дахь үе рүүгээ орох гэж байна. Тэгэхээр бусдын алдаа дутагдал хийгээд өөрсдийн алдаа дутагдлаа харж олоод түүнийгээ өөрчилж чаддаг ард түмэн хөгждөг. Нэгэн мэргэн ухаантай хүн хэлсэн байдаг. “Өөрсдөө болгоомжлоод суугаад байх юм бол, өөрсдийгөө бусдаас зожгируулаад байх юм бол, энэ хонхортоо болж байна гээд бодоод байх юм бол, нам дотроо, компани дотроо, тухайн аймаг дотроо нуугдаад байх юм бол хөгжихгүй” гэж. Монголчууд ХХ зууны эхээр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засаглалаас салахдаа, бүгд найрамдах улсаа тунхаглахдаа маш их зориг гаргажээ. Магадгүй тухайн үед дэлхий дахинд өөрчлөлтийн салхи сэвэлзэж байсан учраас тэгсэн байх. Гэхдээ монголчууд тэр зориг, тэмүүллээрээ явсаар байгаад дэлхийд нээлттэй болсон. Өөрчлөлтөөс айдаггүй ард түмэн гэдгээ харуулсан. 

Зарим үндэстнүүд тусгаар тогтнолоо алдсан, хөгжилд хүрч чадаагүй, хоцрогдсон байдалтай хэвээр байгааг хүн хэлж байна. Тэгэхээр Монголын ард түмэн бол нээлттэй ард түмэн. Чингис хааны үед бүүр нээлттэй байлаа.  Сүүлд цаг үеийн янз бүрийн нөхцөл шалтгаанаар жаахан хаалттай болсныг үгүйсгэхгүй.  

Саяхан АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, П.Трамп ялалт бай­гууллаа. Дэлхийд болж буй улс төрийн өөрчлөлтийг бид харах хэрэгтэй. Байгаль орчны өөрчлөлтийг ан­заарахгүй байж болохгүй. Эдийн засгийн өөрчлөлтүүдийг хар. Хуулийн тухай ойлголт хэрхэн өөрчлөгдөж байгааг хар. Өөрөөр хэлбэл, дэлхийд хувьсгал болж байна. Тэгэхээр хүн төрөлхтөн ухаажиж байгаа учраас их том дайн хийлгүйгээр энэ хувьсгал өрнөж байна. Гэхдээ бид бас дайнтай л байгаа. Орос, Укрианы дайн, Изриаль палис­танчуудын дайн, Сирийн дайн, Африкийн дайн болж байна. Тэгэхээр дэлхий даяараа ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөөр байна. 

Монгол Улс энэ өөрчлөлтийн урд нь гарахгүй л бол хөлд нь чирэгдээд гээгдэж, хаягдана. Эсвэл бид мартагдана. Мартагдсан үндэстний хувь заяа хамгийн эмгэнэлтэй. Түүхэн дээр хоёр мөр л үлдэнэ. Харин бид тэг­мээргүй байна. Бид амьдарсан шиг амьдармаар байна.

Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоогоо үнэгүй авмаар байна. Бид байгалийн баялаг ихтэй орон. Энэ баялгаа олон нийтээрээ авах уу. Хэдхэн хүн авах уу гэдэг асуудал тулгарсан байна. 2024 онд Эдийн засгийн Нобелийн шагнал буюу дэлхийн хамгийн том шагналыг яагаад зарим орон, ард түмэн баян байдаг, яагаад зарим орон, ард түмэн ядуу байдаг юм бэ гэдгийг судалсан эдийн засагчид хүртсэн байна.  Тэдний судалгаагаар аливаа асуудалд бүх ард иргэдээ татан оруулж, тэдний хүчин зүтгэлийг үнэлж чаддаг системтэй, түүнийг дэмжсэн улс орон баян байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр бид Үндсэн хуулиар цоо шинэ тогтолцоонд шилжсэн нь том амжилт. Гэхдээ энэ амжилтдаа онгироод дулдуйдаад суугаад байж болохгүй. Үүнийг бүхэлд нь харлуулж бас болохгүй. Сайн зүйл ч байсан. Үндсэн хуульд дутуу хийсэн зүйлүүд ч байдаг. Тэгэхээр Монгол Улсад одоо дараагийн алхмаа хийх цаг нь болсон гэж харж байна. Бидэнд шилжилтийн Үндсэн хууль биш Хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *