ДОРНОД АЙМАГТ ДОЛООН ХҮН НАС БАРСАН ОСОЛ: БУЛГАН СУМАНД БОЙ ХИЙГЭЭД БУЦАЖ ЯВСАН ХҮМҮҮС НАС БАРЖ, АМЬД ҮЛДСЭН ЭМЭГТЭЙН ХӨЛ ХУГАРЧ ХҮНД БАЙНА
Дорнод аймагт долоон хүний амь эрсэдсэн зам тээврийн ноцтой осол гараад байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 23-ны 21:10 цагийн орчимд “Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт хоёр машин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт шалгалтын ажиллагаа явуулахад “L-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “Ford F 150” маркийн автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэл шатсан байдалтай байсан гэнэ. Ослын улмаас автомашинуудад зорчиж явсан долоон хүн нас барж, нэг хүн эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Энэхүү харамсалтай ослын эргэн тойронд дараах мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэлээ.
“FORD F 150” МАРКИЙН АВТОМАШИН ШАТАЖ, ЗОРЧИГЧИД НЬ ГАЛД ӨРТЖЭЭ
Зам тээврийн осолд өртсөн “Ford F 150” маркийн автомашинд дөрвөн хүн зорчиж явжээ. Ослын улмаас автомашин шатаж, зорчигчид нь галд өртсөн байна. Цагдаагийн байгууллагаас галд шатсан иргэдийг хэн болохыг таниулж, хоёр хоногийн дараа ар гэрийнхэнд нь цогцсыг нь хүлээлгэж өгчээ.
Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллээр “Шатсан автомашины жолооч нь Хөлөнбуйр сумынх байсан. Гэхдээ Дорнод аймгийн төвд амьдардаг байсан юм билээ. Мөн зорчиж явсан гурван хүнийх нь нэг Хөлөнбуйр сумынх. Талийгаачид хэн болох нь танигдахын аргагүй болтлоо шатсан. Автомашинаар нь л барагцаалж, ар гэрийнхэнд нь хэл дуулгасан юм билээ. Өчигдөр хөдөөлүүлэх ёслол нь болсон. Сумандаа амьдардаггүй учраас аймгийн төвд оршуулсан. Нүд хальтрал аймшигтай осол болсон. Ар гэрийнхэнд нь маш хүнд байгаа. “Ford F 150” маркийн автомашины жолооч хурд хэтрүүлсэн байж болзошгүй. Осол болсон газрын зам нь эвдрэлгүй, цагаан” гэлээ.
ОСЛЫН ГЭРЧ: ШАТАЖ БАЙСАН МАШИН ДОТРООС ХҮМҮҮС “АВРААРАЙ, АВРААРАЙ” ГЭЖ ХАШХИРААД БАЙСАН Ч ГАЛ ТАРХСАН УЧРААС ТЭДНИЙГ ГАРГАЖ ЧАДААГҮЙ
Осол оройн цагаар болсон. “L-200” маркийн автомашин Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байжээ.
Уг ослын талаар Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан том тэрэгний жолоочоос тодрууллаа. Тэрбээр “Харанхуй болохтой зэрэгцээд аймгийн төвөөс гарсан. Булган сумын нутаг дэвсгэрт, шороон замаар явж байхад “Ford F 150” маркийн автомашин хажуугаар хурдтай өнгөрсөн. Миний урд явж байсан том тэрэгний жолооч ч тэр машиныг хурдтай явж байсныг хэлж байна лээ. Тэгээд 10-аад минутын дараа осол болсон газарт ирсэн. “L-200” автомашин нь зам голлочихсон, ачиж явсан мах нь талаар нэг тарчихсан байсан. Харин нөгөө машин замын хажууд шатаж байсан. Дотор нь сууж явсан хүмүүс “Авраарай, үхлээ, авраарай” гэж хашхираад байсан ч гал нэгэнт тархсан учир гаргаж чадаагүй. Үнэхээр аймшигтай, бодохын ч арга алга. “L-200” машинаас нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг гаргаж авсан. Машинаас гаргасан эрэгтэй амьсгаатай, хурхираад байгаа юм шиг дуу гараад байсахн. Харин эмэгтэй нь ухаантай “Хөл, цээж болохгүй байна” гэж хэлээд, шоконд орчихсон байдалтай байсан. Тэнд явж байсан машинууд зогсоод, жолооч нар нь тэр хүмүүсийг гаргасан. Бусад нь өнгөрчихсөн байсан. Машиных нь доод талаар мөлхөж байж, тэр хүмүүсийг гаргасан. Харамсалтай нь, машинаас амьд гаргасан эрэгтэй удалгүй бурхан болсон. Цагдаа, онцгойгийнхон ирээд бид хөдөлсөн. Энэ осол хурд хэтрүүлснээс л үүдэлтэй байх” гэлээ.
“L-200” АВТОМАШИНЫХАН БУЛГАН СУМАНД БОЙ ХИЙГЭЭД БУЦАЖ ЯВЖЭЭ
“L-200” автомашинаас амьд гарсан эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж байна. Тэрбээр нөхрийн хамт Булган суманд бой хийгээд буцаж явжээ.
Энэ талаар түүний ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр “Эгчийн маань сэтгэл санаа хүнд байгаа. Маргааш түнхний хагалгаанд орно. Эгч маань нөхрийнхөө хамт хэдэн мал бойлохоор явсан юм билээ. Л-200 маркийн автомашины жолооч нь гуйгаад эгч гэдсийг нь арилгахаар, нөхөр нь мал нядлахаар явсан гэсэн. Тэгээд ажлаа амжуулчихаад, буцаж явахдаа осолд орчихлоо. Эгч унтаж явсан учраас юу ч мэдээгүй гэсэн. Нэг сэрэхэд нь л осол болчихсон, хүмүүс татаж, гаргасан гэсэн. Хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг. Хүүхдүүдийг нь маш их өрөвдөж байна. Маргааш хөдөөлүүлнэ. Цагдаагийн байгууллагаас нэг л удаа ирж мэдүүлэг, байцаалт авсан” гэв.
Иймд иргэд та бүхнийг хол замд явахдаа гэрлээ шилжүүлэх, халтиргаа гулгаанаас болгоомжлох, хурд хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.