Олон овоотын лицензийг олуулаа хуйвалдаж “дээрэмдэх” ажиллагаа үргэлжилсээр!!!
ШШГЕГ -ын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны есдүгээр сарын 26-ны 03 тоот тогтоолоор “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэчнээн заалтыг хэрхэн зөрчсөнийг тогтоож, банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 болон 2024 оны хоёр албан бичгийг хүчингүй болгосонд тооцсон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэхийг Банкны төлбөр барагдуулах газрын 193 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ж.Мөнгөнзаяад, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Саяболд нарт үүрэг болгожээ. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, Б.Нямгомбын энэ шийдвэр хуулиа мэддэг, дээдэлдэг, үг, үсэг бүрийг нь хөдөлшгүй биелэх ёстой гэсэн зарчмаа баримталсан шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэхдээ хууль зөрчсөн байна, хуульд нийцүүлж шуурхай гүйцэтгүүл, энэ ажилд нь хяналт тавьж ажилла гэдгийг 03 тоот тогтоолоороо шийдвэрлэсэн.
Уг тогтоолын ердөө маргааш нь ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч Б.Базарсадын Эрх шилжүүлэх тухай 2024 оны есдүгээр сарын 27-ны 2/4794 тоотыг АМГТГ-т хүргүүлсэн. Үүнд, шийдвэр гүйцэтгэсэн ажиллагааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот тогтоолоор хүчингүй болгосон тул “Менерал эксплорэйшн файндинг” ХХК-д шилжүүлсэн тусгай зөвшөөрлүүдийн эрхийг “Олон овоот гоулд”, “Зөв зүг” компаниудын эзэмшилд нэн даруй шилжүүлж бүртгэн хариу ирүүлнэ үү гэсэн байгаа юм.
Ингээд алдаагаа засах боломж гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг зөв гүйцэтгэх шаардлага тавигдлаа. Гэтэл АМГТГ-ын Кадастрын албаны дарга нь дээрх шийдвэрийг биелүүлэхийн оронд өөрийнх нь хариуцсан ажилд огт хамааралгүй шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаад өнөөдрийг хүртэл лицензүүдийг шилжүүлэхгүй байна. Түүнд ямар ашиг сонирхол байна вэ? Яагаад өөрт нь чиглэсэн үүрэг ШШГЕГ-аас ирээд байхад түүнийг биелүүлэхгүй бусдад албан тушаалын байдлаа санаатайгаар ашиглуулаад байна вэ?
Яагаад гэвэл АМГТГ тухайн компаниуд шүүх дээр хоорондоо маргаантай, одоогоор Улсын Дээд шүүхэд хандчихаад байхад хууль зөрчиж лиценз шилжүүлсэн нь ноцтой зөрчил шүү дээ. Дээр нь Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газар “Олон овоот гоулд”-ын татварт огт төлөөгүй 296 сая төгрөгийг “төлөгдсөн” гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Лиценз шилжсэний дараа төлөөгүй төлөвтэй. “Олон овоот гоулд” нь манайх татварын өрөө төлөөгүй шүү дээ, хэн төлчихөв өө гээд гомдол гаргасан байдаг. Энд яг юу болоод байна вэ? Дээрх лицензүүдийг шилжүүлж авахын тулд төрийн захиргааны ямар олон байгууллагаар “тоглож” хууль зөрчөө вэ?
Гэтэл өнөөдрийн байдлаар хууль зөрчиж лицензийг нь шилжүүлэн авсан “Менерал эксплорэйшн файндинг” ХХК нь хуулийн дагуу лицензээ авахаар хүлээж буй “Олон овоот гоулд” компанийн талбай дээр үйл ажиллагаагаа явуулахаар ажилчдын гэр, кемп, тоног төхөөрөмж, машин техникээ оруулчихаад байна.
Төрийн захиргааны байгууллагууд хуулиа дээдэлж, мөрдөж ажиллахгүй байгааг дээрх хоёр байгууллага, нэг тогтоол харууллаа. Үр дагаварт нь банкинд өрөө төлөхийг хүссэн компаниуд нэр хүнд, үйл ажиллагаа, эд хөрөнгөөрөө хохирч байна. Үүнээс үүдэх хохирлыг нь хэн хариуцах вэ? Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиуд зөвхөн “улныхан” буюу энгийн иргэдэд зохицуулагдсан уу? Хэн дуртай албан тушаалтан хууль тайлбарлаад, өөртөө ашигтайгаар бусдад боломж олгоод байх уу? Хууль хэзээ засаглах вэ? Үүнд хариулт өгнө үү, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд аа, Сангийн сайд аа! ШШГЕГ-ын дарга, АМГТГ-ын дарга, Татварын ерөнхий газрын дарга нар аа!
/Үргэлжлэл бий…/