Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс давхар сэргийлдэг
Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусний эсрэг вакцин хийж эхлэх гэж буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Мөн үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Баттөр урьдчилан сэргийлж болох хавдраар жил бүхэн 160 орчим хүний амь нас эрсдэж байгаа гэдэг тун харамсалтай тоо, мэдээ болохыг онцолж, дархлаажуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдраас сэргийлэхийн уриаллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Вакцинжуулалт нь олон сая хүний амь насыг авардаг чухал арга хэмжээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий даяар хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтаар багадаа 154 сая хүний амь насыг аварсан гэх тоо, мэдээлэл бидэнд байна. Өнөөдөр ЭМЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогод дэмжлэгээ илэрхийлэх зорилгоор эл арга хэмжээнд оролцож байна. Вакцинжуулалтын арга хэмжээ эхлүүлж байгаад нь баяр хүргэе. Хүний папиллома вирусийн үүсгэдэн олон янзын хавдар байдгийн 83 хувь нь умайн хүзүүнийх. Үүнээс сэргийлэх дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүдийг хамруулж байгаа юм. 2002 онд ДЭМБ дэлхий нийтийн стратегийн баримт бичгийг батлахдаа нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул болж байгаа хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын хөтөлбөртөө тусгахыг гишүүн орнуудад уриалсан. Улмаар 2030 онд гэхэд 15 настай охидын 90 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт дэвшүүлсэн. Хүний папиллома вирусийн халдвар нь бэлгийн замаар дамжиж халдварладаг. 2023 онд 425 шинэ тохиолдол бүртгэгджээ. Умайн хүзүүний хавдар эхний тавдугаарт жагсаж байна. Энэ хавдрын улмаас өнгөрсөн онд 160 хүн амиа алдсан байна. 11 настай охид хөвгүүдийг аюулгүй, өндөр үр дүнтэй вакцинд хамруулж байгаад нь талархал илэрхийлье” гэлээ.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил нь олон хүний хамтын ажиллагааны үр дүн юм. НҮБ-ын Хүүхдийн Сан чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын үндэсний дархлаажуулалтын товлол шинэчлэн батлагдсантай холбоотойгоор бусад вакцинуудын адилаар хүний папиллома вирусийн эсрэг вакцины худалдан авалт, нийлүүлэлтийг харилцаж, гүйцэтгэж ирлээ. Хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавраас сэргийлэх маш хүчтэй хамгаалалт юм. Нэг удаагийн тарилга биш хүүхдийг насан туршид нь хамгаалах хүчтэй хэрэгсэл юм. Энэ вакцинд хамрагдах нь хавдаргүй ирээдүйг бий болгох хамгийн чухал арга мөнөөс мөн. НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад олон улсын хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад вакцины тун тус бүрийг хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн тээвэрлэн, хадгалж, нийлүүлэлт хийсэн. Энэ вакцинд тавигддаг хэмийн хяналтыг хадгалахад маш их анхаарсан” гэв.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Монгол Улсад умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин товлолтоор орж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Урьдчилан сэргийлэх боломжтой хавдруудаар дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай байдаг. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь зургаан төрлийн хавдраас сэргийлэх боломжтой. Мөн ганцхан хавдраас бус БЗХӨ-нөөс сэргийлдэг. Жилд 400-500 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 160 орчим нь нас барж байгаа. Энэ цаашид байхгүй байх боломжтой. Умайн хүзүүний хавдар эрт шатандаа илэрдэг. Үүний ачаар нас барагсдын тоо нь харьцангүй бага. 65.8 хувь нь 5-аас дээш жил амьдарч байгаа сайн үзүүлэлт байна. Вакцинжуулалтаа нэмчихвэл бидний ирээдүй энэ өвчнөөр өвдөхгүй байх боломжтой” гэснэ юм.
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын /2024.11.28/-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11 насны хүүхдүүдэд хийх юм. Вакцинжуулалтыг 12 дугаар сарын 5 хүртэл сургуульд суурилсан хэлбэрээр хийнэ. Вакцин хийлгэх эсэх эрх нь эцэг, эхчүүдэд байгаа гэдгийг албаныхан хэллээ.