Д.Ганбат: Хэрэгжээд явж байгаа хуулийн төслийг яагаад хүчээр зогсоогоод байгаа юм
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.28/ хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн барьсан Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Д.Ганбат: – Засгийн газар хууль хэрэгжүүлдэг газар. Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-т Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхгүй гэж байна. Ямар нэгэн салаа утга байхгүй. Гэтэл яагаад Засгийн газар энэ хуулийг зөрчөөд өргөн мэдүүлж байна. Яагаад УИХ нь хүлээж аваад хэлэлцэж байгаа юм. Яагаад хууль зөрчөөд байгаа юм. Энэ хуулийн зүйл, заалтыг заалтыг ойлгохгүй байгаа юм уу. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжээд явж байна. Үүний дараа сонгууль болсон. Бид нар намыг бойжуулаагүй. УИХ хоёр намын бүлэгтэй. Нэг бүлэг нь болох АН-ын бүлэг хуралдаад энэ хуулийг хойшлуулахыг дэмжээгүй. Гэтэл одоо яах юм, хүчээр зогсоох юм уу. Хэрэгжээд явж байгаа юмыг дундуур нь зогсоож яах гээд байгаа юм. Хэрэгжээд явахад нь юунд нь дургүйцээд байгаа юм. Үүний цаана юу байгаа юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: -Хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу бүх процедурээ дамжаад өргөн баригдаж байгаа. Хууль зүйн яамны том дүгнэлтийн дагуу энэ хууль орж ирсэн гэж ойлгож байгаа. Танайх, танайх гээд яриад байх юм. Хууль зүйн яам бол үндсэндээ Ардчилсан намын сайдтай байгаа. Тэнд зөв өнцгөөс нь харсан болов уу. Хугацаатай холбоотойгоор ажлын хэсэг гаргаж ажиллана. Уг ажлын хэсэг таван намын бүрэлдэхүүн орох байх.