МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдлоо

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар өнөөдөр тус танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдсан юм. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, эдийн Засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нарын есөн хүн ерөнхийлөгчид өрсөлдсөн. Эдгээрээс Л.Төр-Од, Ц.Баатарсайхан нар хамгийн олон санал авсан ч 50 хувийн босго даваагүй тул дахин санал хураалт явагджээ. Дахин санал хураалтаар 54 хувийн санал авсан Л.Төр-Од МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Транспрэнси интернэшнл – Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллаж байсан тэрээр 2024 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Мөн хувийн хэвшлийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төлөөлдөг. Төрийн бус байгууллагуудаас гадна Хас банк, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай ажээ.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь 6000 орчим гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 2З улсад 51 төлөөлөгчтэй ажээ.