Иргэд: Хавдраас сэргийлэх папилломагийн вакцин чанартай бол хүүхдэдээ хийлгэнэ

0

 /2024.11.29/-өөс эхлэн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалт буюу вакциныг хийж эхэлж байна.

Энэ талаарх иргэдийн байр суурийг тодрууллаа.

-Умайн хүзүүний хорт хавдарт анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс би охидууддаа хийлгэнэ-

-11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд товлолын дагуу хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор хүмүүс эерэг болон сөрөг байр суурьтай байна. Таны хувьд дээрх вакциныг хүүхдэдээ хийлгэх үү?

“Би охинтой. Охиндоо сайн тайлбарлаж байгаад хийлгэнэ гэж бодож байгаа. Ер нь бол үүн дээр эртнээс анхаарч, хийлгэх хэрэгтэй. Умайн хүзүүний хорт хавдар нь өөрөө маш анхаарууштай асуудал л даа. Тиймээс товлолт вакцин үзлэг зэрэг эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа үйл ажиллагаануудад хамруулж, дэмжих хэрэгтэй”.


“Яг сайн хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ вакцин гэдэг зүйл чинь бага зэргийн вирус гэсэн үг шүү дээ. Дараад нь ямар нэгэн өвчин туслаа гэхэд тухайн өвчний дархлаа нь суучихсан учраас хор хөнөөл, аюул багатай. Тиймээс вакцин гэдэг утгаараа их зөв байх. Харин аль улсаас орж ирсэн, хэр их тун хийх эсэхийг нь сайтар нягтлах хэрэгтэй гэж бодож байна”.


“Би өөрөө олон охинтой. Энэ папиллома вирусын эсрэг вакциныг хувьдаа их дэмжиж байгаа. Хамгийн том охин маань 13-тай харин бага нь удахгүй 11 нас хүрнэ. Тиймээс охидуудаа товлолын дагуу вакцинд хамруулна. Ер нь бол энэ маш зөв шийдвэр гэж бодож байна. Манай улсад хэчнээн их хүн хавдраас болж амиа алддаг билээ. Ингэж урьдчилан сэргийлэх нь маш зөв, оновчтой шийдвэр”.


“Эрүүл байхын үндэс нь бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол мэдээж вакцин шүү дээ. Би хувьдаа бүхий л төрлийн мэдээллийн хэрэгслээс мэдээллээ авч байна. Энэ өвчлөлийн томоохон орон зайг эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг. Тиймээс бага залуу наснаасаа эхлэн тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж бодож байна”.


“Ер нь сайн судалгаа хийх хэрэгтэй. Яг ярьж байгаа шиг хүний биед хортой бол хориглох хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа сайн хийж, түүнийгээ олон нийтэд танилцуулах хэрэгтэй гэж бодож байна. Аль улсаас орж ирсэн, хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн эсэхийг сайтар судлах хэрэгтэй. Үнэхээр хүний биед хэрэгтэй бол хийх нь зөв гэж бодож байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас судалгааны талаарх мэдээллийг иргэдэд илүү сайн ойлгуулж, эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч байж тус вакциныг хийж эхлэх нь зөв гэж бодож байна”.


“Би хувьдаа дэмжиж байгаа. Яагаад гэвэл хорт хавдар гэж нийгмийн аюултай, айхтар өвчин болчихсон байна. Дэлхийн нийтээрээ тухайн өвчнөөс хамгаалах тухай ярьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамрагдана гэж бодож байна. Би охидуудтай тиймээс энэ вакцины эерэг нөлөөг нь танилцуулж, ойлгуулж байгаад хийлгэнэ”.

“Уг нь вакцин хийлгэх нь зөв л байх. Судалгаа шинжилгээний үндсэн дээр хийхээр болсон байх. Миний хувьд энэ вакциныг хүүхдэд маань хийхийг зөвшөөрнө”.

Манай улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Тодруулбал, манай улс дэлхийд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа. Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нийт хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравт энэхүү өвчин орж буй юм.

Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн 11 настнуудад АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэв шинжийн халдвараас сэргийлэх “Гардасил” вакцины нэг хүн тунгаар савлагдсан төрлийг хийж эхлээд байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *