Хүүхдээ хаясан эцэг, эхчүүдийг тэнгэр ниргэг!

0

Ийм ч юм байх гэж. Дахиад л хаягдсан хүүхэд олджээ. “Үр хүүхэд хайрла” хэмээн хад чулуунаас хүртэл хүүхэд гуйх хүмүүс энэ орчлонд байхад төрүүлсэн хүүхдээ “Надад хэрэггүй” гээд хаясан хүн ч байх юм. Үр хүүхдээ хог гэж үзээд, хаях байсан юм бол яах гэж төрүүлнэ вэ?

Хүүхдээ хаясан хүмүүс бүгд эхчүүд. Өнгөц харахад, эмэгтэйчүүд л хүүхдээ хаяад байгаа юм шиг. Өнгийгөөд харвал, эцгүүд түрүүлж хүүхдээ хаяжээ. 2018 онд хүүхдээ торонд хийгээд, хогны саванд хаясан 22 настай А гэх эмэгтэй цагдаад баригдаад “Эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй” гэж мэдүүлсэн байдаг. “Гандантэгчэнлин” хийдийн хүрдэн дээрээс, байрны орцноос, айлын гэрийн үүднээс хүүхэд олддог байсан бол одоо хогны саванд хаячихдаг болж. Ийм хүн байх гэж. Хүүхдээ хаях болсон шалтгаанаа эхчүүд бүгд “Хүүхдээ ганцаараа тэжээх боломжгүй”, “Эцэг нь хаясан учраас” гэж тайлбарласан байна. Эцэг нь хаясан юм чинь би ч бас хаяна гэсэн хатуу сэтгэл гаргажээ, тэд.

Өнөө цагт хүүхэд бүр хүссэн байх боломжтой. Энэ бол XXI зуун. Жирэмслэхээс хамгаалах арга энэ орчлонд зөндөө. Харанхуй бүдүүлэг гэж бидний эндүүрдэг XII зуунд хүртэл монголчууд ямааны өлөн гэдсээр бэлгэвч хийж хэрэглэдэг байсан атал 900 жилийн дараа “Хүсээгүй хүүхэд” гэж төрүүлсэн үрээ тээршаах нь байж боломгүй явдал юм.

Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Баянгол дүүрэгт 5 сартай хүүхдээ эцэг, эх нь хаяжээ. Төрөө ч үгүй байхдаа эцэгтээ хаягдсан хүүгээ эх нь 5 сартай болмогц асрагч хөлслөн авч, түрээсийн байрандаа хамт орхиод сураггүй алга болсон байна. Уг хүүхдэд эх нь нэр ч өгөөгүй, төрсний гэрчилгээ ч аваагүй байжээ. Уг хүүг тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс авч, түр хамгаалах байранд байлгаж байна. Тэжээлийн дутагдалтай, тураалд орсон хүү энд ирээд биеийн байдал нь дээрдэж, мариа суух шинж оржээ.

Хүүхэд чинь хэлд орж “Миний аав хаана байна?” гэж асуух тэр цагаас чиний хүзүүн дээр буух цаазын илд ирлэгдэж эхэлнэ гэдгийг бүү март. Хүүхдээ хаясан хүн сайн явсан тохиолдол байдаггүй юм гэнэ лээ

Цагдаагийн байгууллага уг хүүгийн эмээг олсон ч “Надад хамаагүй. Эхийг нь багад нь хүнд өргүүлсэн юм” гээд хүүг авахаас татгалзжээ. Сувиллуудын хүүхдийн тоо гүйцсэн учир хүүг авах сувилал ч олдохгүй байгаа аж. Эхийнх нь нэрийг мэдэж байгаа тул уг хүүхдийг эхээр нь овоглон, төрсний гэрчилгээтэй болгосон байна. Хүүг үрчилж авах хүсэлтэй хүн байгаа ч эцэг, эхээс нь зөвшөөрөл авч байж хүнд өргүүлдэг хуультай. Тиймээс хүүгийн эхийг эрэн сурвалжилж байна.

Хүүхдээ хаясан хүнийг манай улс Эрүүгийн хуулиар шийтгэдэг. Орон гэрээс нь хөөсөн, гэрээ олж чадахааргүй болгож орхисон эцэг, эхэд ч энэ хууль хамаатай. Торгох, албадан ажил хийлгэх, хорих гэсэн 3 төрлийн ялтай. Энэ бол махан биед нь оноодог ял. Үүнийг тоодоггүй учраас л зарим хүн хүүхдээ хаядаг биз.

Эцэггүй хүүхэд гэж энэ орчлонд байхгүй. Эр хүнгүйгээр хүүхэд төрүүлдэг, дан эмэгтэйчүүдээс бүрдсэн омог эрт үед байсан гэх ч тэр бол үлгэр. Гэтэл манай улс хүүхдээ хаясан ялыг эхэд нь тохохдоо түүнээс ч өмнө хүүхдээ хаясан эцгийг нь олж шийтгэдэггүй. Олохыг ч оролддоггүй. Хэрвээ эцгийг нь заавал олж тогтоодог, ял оноодог бол энэ хорвоод хаягдсан хүүхэд гэж байхгүй ч байж мэдэх юм. Тэгэхээр эцгүүдийг заавал олж, хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.

Тэр болтол өдий гэж бодож, хөх инээд нь хүрч байгаа эрчүүд бий л байх. Тийм ч байж мэднэ. Гэхдээ чамаас бий болсон хүүхэд чинь хэлд орж “Миний аав хаана байна?” гэж асуух тэр цагаас чиний хүзүүн дээр буух цаазын илд ирлэгдэж эхэлнэ гэдгийг бүү март. “Бусад хүүхдэд аав байхад, надад яагаад байдаггүй юм бэ?” гэж асуух, бодох, зүүдлэх бүрт нь тэр илд улам ир орно. Хүүхдийн чинь нулимс, гомдол, цөхрөлөөр хатаагдана.

Эргэн тойрноо сайн хараарай. Хүүхдээ хаясан хүн сайн явсан тохиолдол байдаггүй юм гэнэ лээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *