Нулимсаар хооллосон этгээд утаагаар мөнгө саах нь

0

Утаа. Нэг хэсгийнх нь зовлон. Нөгөө хэсгийнх нь “жаргал”. Гэхдээ байна аа, жаргалаа жаргалаа гэхэд хүний зовлон дээр жаргамааргүй байна. Өлслөө, өлслөө гэхэд зовлонгоор хооллож, нулимсаар унд хиймээргүй байна. Дөнгөж өчигдөр талбай дээр гэнэт Ч.Ганжавхлан гараад ирснийг. Гарч ирэх, ирэхдээ нөгөө л хүүхдүүдээ ярьсаар гараад ирснийг анзаарав уу.

“Нэг пост бичихэд л…” гээд түүний яриа үргэлжилнэ. Фейсбүүкийн нэг постоор утааны уршиг яриад цаашаа эрчээ авна гэхэд эрхэм уншигч та яахыг мэдэхгүй ч, би л лав итгэхгүй. Жагсаал 30 хоног үргэлжилнэ гэж “лайв” дээрээ хэлнэ лээ. Дэлхий дээр 30 хоног үргэлжлэх жагсаал гэж огтоос байдаггүй юм.

Ялангуяа ардчилсан гэж тодорхойлж байгаа улсад боломжгүй. Аливаа тэмцэл эрчимтэй бөгөөд үр дүнтэй байдаг. Хэрэв ажлын 5 хоног гэдэг яв цав тоо хэлж байгаа бол тэмцэл нь арай өөр тийш эргэчихдэг гэмтэй. “Нэг пост бичихэд л…” гэж ирээд яриа эхэлж байсныг харвал “Ажилдаа явж байгаа мэт тогтмол, жигд тууштай жагс. Тэгэж бид ирээдүйгээ аварна, хэлэх үгтэй үлдэнэ” гэжээ. Жагсаал тогтмол байх угаас боломжгүй. За тэгээд хэлсэн үг нь цаашаагаа явж өгнө. “Сургууль барьсан ч сурах хүүхэд алга бүгд эмнэлэгт байна” л гэнэ.

“Онц байдал зарлана” л гэнэ, “утаанаас болж нас барсан хүмүүсийн тоо гарга” л гэнэ, “Дэлхийн номер нэг Улаанбаатарын урд байсан хот, одоо Улаанбаатарын ард орчихсон онц байдал зарлаж байна” л гэнэ. Айдсаар уяж, хашаад араас нь утаатай, асуудалтай тэмцэнэ гэж байдаггүй юм.

Одоо хэлсэн үгийг нь анхааралтай ажиглая. Сургууль байсан ч сурах хүүхэд алга гэдэг нь дэгс ойлголт. Яг одоогоор дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх хүүхдийн тоо ачааллаасаа нэмэгдсэн ч сургуульд суралцахгүй байх хэмжээний тийм олон хүүхэд эмнэлэгт хэвтээгүй байна. 2024 оны аравдугаар сарын статистик мэдээллээс харвал долоо хоногт 9 мянга гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байжээ. Монгол Улсын хүн амд 0-14 хүртэлх насны хүүхдийн тоо 2023 оны байдлаар 1.106 сая гэж ҮСХ-ны тайланд дурдсан нь бий. Онц байдал зарлах нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулагдана. Тэр зохицуулалтад ямар ч байсан хэн нэгэн Ган байна уу, Жавхлан байна уу хэн нэгэн иргэний хүсэлтээр онц байдал зарладаггүй. Утаанаас болж нас барсан хүмүүсийн тоог зарлах угаас боломжгүй. Монгол Улсад зонхилон тохиолдох халдварт бус өвчний судалгаа хэн нэгэн дүрсийн санаачилгаар хийчихдэггүй. Гаднын улс орнуудад энэ төрлийн судалгаа 40 орчим жил үргэлжилдэг номтой. Түүнээс биш Гитлерийн концлагерт төдөн хүнийг хийнд хордуулсан гэдэг шиг судалгаа гарах угаас боломжгүй. Аа бас түүний амнаас “Нью Дели Улаанбаатарын ард орсон” гэж хэлнэ лээ. Тэр нь бас л худлаа. Агаарын чанар тодорхойлдог “IQ Air” цахим хуудас дэлхийн хамгийн бохирдолтой 10 хотыг жагсаахад Улаанбаатар алга. “Шидтэн” Ч.Ганжавхлангийн хэлснээс харвал нөгөө Дели нь зургаадугаарт жагсаж байх юм. Энэ жагсаалтын 34-рт Улаанбаатар хот бичигджээ.

Тэгэхээр байна аа, хүүхдийн нэрээр халхавчилж мөнгө босгодог сэтгэл шиг нь худлаа. Урсгал зардлыг нь орон нутагт нь үлдээдэг башир арга шиг нь худлаа. Сайн санаат өглөгийн эздийг үл ойшоон өөрөө хамаг алдрыг нь хүртдэг “нэр” шиг нь худлаа л болж таарах гээд байна.

Ер нь хүнд тусална гэдэг нь өөрийнхөө дутууг нөхөх гэсэн эгоист санаархал юм. Энэ өгүүлбэрийг нийгмийн шинжлэх ухаанаар дамжуулаад хүн төрөлхтөн 200-аад жилийн өмнө ойлгочихсон. Туйлын сайхан санаа, сайн үйл байдаггүй. Хэрэв үнэхээр өөт ашигтай л бол “ашиггүй” үйл хийгээд явах нь хүний жам. Тэртээ тэргүй хар бараан зүйл их байгаа энэ нийгэмд хүүхдээр, зовлонгоор мөнгө хийж, ашиг хонжоо харж байгаа хүмүүсийг эрх биш уншигчид маань анзаардаг болсон байлгүй дээ. Утаа гэх үг орсон болгон мөнгө болдог хэлтгий ойлголт нийгэмд бий болчхож. Найман жилийн өмнө аудит үүнийг нотолчихсон. Найман жилийн дараа ч мөнгөний үнэр нь арилаагүй байна. Арилаагүйг та бид үзлээ,харлаа. Эрхэм уншигч танд сануулахад долоон жилийн өмнө 2017 онд “Утааны эсрэг ээж авууд” гэх групп гэх үү, хөдөлгөөн гэх үү утопи культууд Төв талбайд жагсаж байв даа. Дараа жил нь “Боож үхлээ” гээд хэвтэж ч нэг үзэж байв. Тэр үед нь Ч.Ганжавхлан “Ид шидтэй” хөөцөлдөөд завгүй байсан цаг л даа. Одоо тэр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ийн тэргүүн Ц.Пүрэвхүүгийн замналыг хар, “Тавантолгой Түлш” рүү ороод, Удирдлагын академид мэргэжил дээшлүүлж байв. Харин одоо МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдоод байна. Утаа нэг хэсэгт нь зовлон, нөгөө хэсэгт нь жаргал. Бүр нөгөө хэсэгт нь кран. Крандуулдаг этгээдүүдэд зовлон нэг их чухал биш, зовлонг гэтэлгэх нь бүр ч хамаагүй. Гагцхүү тэдэнд зовлон байх нь л чухал!!!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *