Ахмадууд цахим хэрэглээнд суралцаж байна
ЦХИХХЯ нь Дэлхийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд Үндэсний цахим элч хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Сайн дурын 130 залуу, ахмад сургагч багш, 600 гаруй ахмад настанд цахим ур чадварыг нэмэх сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ ухаалаг утасны хэрэглээ, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн татах, гар утасны нууцлал, дата ашиглалт, цахим аюулгүй байдал, олон нийтийн сүлжээ, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, сошиал платформ дээр тохиргоо хийх, төрийн үйлчилгээнд хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, эмнэлгийн цаг онлайнаар авах, банкны аппликейшн ашиглах, нэгж, дата худалдан авах, төлбөр тооцоо хийх аргад суралцлаа. Мөн богино хэмжээний контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засах, бусдад илгээхийг заав.
Сургагч багш Г.Сарангэрэл “Технологийн эрин үетэй хамт байхын тулд цахим ур чадварт суралцах нь зайлшгүй хэрэгцээтэй. Тиймээс “Ухаалаг засаг 2” төсөлд хамрагдаж, сургалтад сууснаар “И-монголиа” руугаа ороод хэрэгтэй мэдээлэл, тодорхойлолт, лавлагаагаа авч сурлаа. Сурсан зүйлээ улам батжуулж, лавшруулж бусад ахмадаа сургахыг зорьж байна. Цахим ертөнцтэй холбогдох анхан шатны мэдлэгтэй болсондоо баяртай байна” гэжээ.
Ахмад сургагч багш С.Батсуурь “Цахим орчинд бусадтай харилцах соёл, өөрийгөө хамгаалах, энгийн төлбөр тооцоог утсаараа хийх, эрүүл мэндийн үйлчилгээ авах чадварт суралцсан. Орон сууцны төлбөр тооцоог банканд очиж дугаарлахгүй, утаснаасаа хийчихнэ. Эмнэлэг рүү заавал явж цаг авах шаардлагагүйг мэдэж авсан. Эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээний хариугаа хүртэл онлайнаар авчихна. Утсаа алдлаа гэхэд мэдээллээ хамгаалах, нууцлалын тохиргоог хийж сурсан. Өгөөжтэй сургалтад хамрагдлаа” хэмээжээ.
Ахмад сургагч багш А.Алтанцэцэг “Сургалтад суухаас өмнө цахим орчны талаар ерөнхий мэдээлэлтэй байсан. Цахим орчинд хүмүүстэй ёс зүйтэй харилцах, өөрийгөө хамгаалах, бусдад төвөг учруулахгүйгээр цахим хэрэгцээг хангах, онлайн худалдаа хийх аргыг мэддэггүй байсан. Утсаа кодолж, банкны гүйлгээ хийхэд нэг удаагийн код яаж авдгийг мэдлээ. Сошиалд янз бүрийн найзын хүсэлт ирдгийг хараад хуурамч уу, бодит хүний хаяг уу гэдгийг ялгаж сурсан”-аа хэлж байв.
Улаанбаатар хот, орон нутгийн 55-64 насны 30 гаруй ахмадыг 40 цагийн сургагч багшийн онол, практик хосолсон сургалт, 12 цагийн дадлага хичээлд хамруулсныг ЦХИХХЯ мэдээлжээ.