24 ЖИЛ: Унаж, боссон ч Монголд хэрэгтэй Ардчилсан нам

0

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ой тохиож байна. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш олон түүхийг бүтээн өнөөдөртэй золгож буй энэ нам өнгөрсөн хугацаанд “тэнгэрт” басхүү “гудамжинд” ч гарч үзлээ. Тэгвэл уншигч таныг Ардчилсан намын өнгөрснөөс одоог хүртэлх түүхэн он цаг, товчооноор “аялуулъя”.

/Зарим гэрэл зураг болон мэдээллийг “Монголд ардчилал эхэлсэн түүх” номноос ашигласан болно/

-1989.12.10-

ЭНЭ ӨДӨР: Монголын Ардчилсан холбоо анхны цуглаанаа хийж, ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхаглажээ. Тэдний зүгээс олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу 1990 оын эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьж байжээ. Анх 300 гаруй хүнтэй эхэлж байсан энэ цуглаан тухайн үед Ням гараг бүр зохион байгуулагдаж, 100 мянга гаруй хүнийг хамарсан байдаг. Зарим иргэд МоАХ-ны эл үйл ажиллагаанд зориулж хандивын хайрцаг хүртэл аялуулж, нэгдэж байжээ.

-1990.02.18-

МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн зарим гишүүд хурлын дараа

ЭНЭ ӨДӨР: МоАХ анхдугаар их хурал хийсэн бөгөөд түүнд монголын өнцөг булан бүрээс 611 төлөөлөгч нар ирж оролцож байжээ. Мөн гадаадын 30 гаруй сэтгүүлч ирж сурвалжилж байсан байна. Анхдугаар их хурлын үндсэн илтгэлийг тухайн үед МоАХ-ны ЕЗЗ-ын гишүүн Д.Сосорбарам уншиж байсан аж. Ийнхүү эл хурлаар Монголын ардчилсан нам байгуулагдснаа зарлав.

Тухайн үед МоАХ-ны гишүүд дэмжигчид анхдугаар хурлыг телевиз, радиогоор гаргаж шууд дамжуулахыг шаардаж зам хаасны үр дүн гарч, олон нийт тус хурал дээр дэвшүүлсэн санаа, ардчиллын уур амьсгалыг мэдрэх боломж бүрджээ. Түүнчлэн их хурал хуралдсан МҮЭ-ийн Соёлын төв ордны гадаа олон мянган хүн цугларч баяр хүргэж, амжилт хүсч байсан гэдэг.

-1990.03.21-

ЭНЭ ӨДӨР: Улс төрийн шаардлагыг хүлээж эрх баригчид хүлээж авахгүй байгаагаас жагсагчдын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байв. Тэмцлийн дүнд 1990 оны гуравдугаар сарын 12-14-нд МАХН-ын Төв хороо хуралдаж, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

Улмаар гуравдугаар сарын 21-23-ний өдрүүдэд БНМАУ-ын АИХ-ын ээлжит бус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Ингэхдээ иргэний улс төрийн эрхийг хангаж өгсөн заалтыг тусгасан юм.

Тодруулбал, “…ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн мөрийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн шинэ заалт нэмж баталжээ.

-1990.04.27-

С.Зориг: Биднийг дэмжиж байгаа нь суугаарай

ЭНЭ ӨДӨР: Ардчиллын анхдагчдыг ярихад “Ардчилсан хувьсгал”-ыг ярихгүй байж болохгүй. Тэд түүхнээ “Пикет” гэж алдаршсан жагсаалаа энэ өдөр хийж байв. Тухайн үед МоАХ-ны удирдлагууд мөргөлдөөнөөс сэргийлж, хүмүүсийг урагш дайралгүй дороо суухыг уриалж байв.

-1990.07.29-

ЭНЭ ӨДӨР: Тэмцлээс хойш МоАН-аас гадна МҮДН, МСДН зэрэг улс төрийн намууд шинээр байгуулагдаж, Дээд шүүхэд бүртгүүлж байв. Удалгүй анхны чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулагдав. Тухайн үед сонгуулийн сурталчилгаа маш сонирхолтой, сонин үзэгдэл мэт байсан гэдгийг “Монголд ардчилал эхэлсэн түүх” эх сурвалжид дурдсан байдаг. Сонгуулийн дүн гарахад, МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 нь нам бусчуудаас сонгогджээ.

-1992.06.28-

ЭНЭ ӨДӨР: Сонгуульд МоАН, МҮДН, МНН эвсэл болон оролцсон ч ялагдал хүлээв. Энэ сонгуульд тэд ердөө таван суудал авч чаджээ.

-1996.02.26-

ЭНЭ ӨДӨР: МҮАН, МСДН, МНН сонгуульд “Ардчилсан холбоо эвсэл” нэрээр оролцохоор болов. УИХ-д 50 суудал авч ялалт байгуулав.

-1996-2000-

Эвсэж орсон тэд Засгийн эрхийг гартаа авч чадсан ч 1996-2000 оны хооронд дөрвөн ч Засгийн газраа огцруулж, парламентынхаа үйл ажиллагааг ч явуулж чадахгүйд хүрч байсан талаар эх сурвалжуудад дурдсан байх нь бий. Үүнд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарын Засгийн газар багтана. Тухайн үед нам дотроосоо Засгийн газраа унагаах дэгээг тавьж, хэдэнтээ огцруулжээ.

-1998.10.02-

ЭНЭ ӨДӨР: Ардчиллын анхдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг гэртээ онц хэрцгийгээр алагдсан.

Түүнийг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа ​​​​​​, Ц.Амгаланбаатар нар 20 жилийн хорих ял сонссон. Гэвч өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байдаг.

-2000-

Эл сонгуульд 13 нам 3 эвсэл, 27 бие даагч оролцсон байдаг. Үр дүнд нь МАН-72, АН-1, ИЗНН-1, Эх орон-МАШСН-1, Бие даагч-1 суудал авсан юм. Өмнөх сонгуульд ялалт байгуулж байсан Ардчилсан нам нэг л суудалтай хоцорсон байдаг. Тэдний ялагдлын шалтгааныг намын дотоод эв нэгдэл болоод улс төрийн туршлагатай холбон тайлбарлах нь бий.

-2000.12.06-

ЭНЭ ӨДӨР: Монголын ардчилсан нам, Сэргэн мандалын нам, Монголын социал демократ нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын шашинтны ардчилсан нам нэгдсэн билээ. Тухайн үед МоАН-ын дарга С.Эрдэнэ, Сэргэн мандалын намын дарга Д.Бямбасүрэн, МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МШАН-ын дарга Ц.Баярсүрэн байжээ.

2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын төлөөх намууд ганцхан суудалтай үлдсэн юм. Эдгээр намууд нэгдсэний дараа бие даагч Л.Гүндалай элсэн орж, УИХ-д хоёрхон гишүүнтэй нам болж байлаа.

Шинэ намын анхны даргаар Д.Дорлигжав, генсекээр Н.Алтанхуяг сонгогдож байжээ.

-2004-

2004 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан намын дарга”-аар М.Энхсайханыг ҮЗХ-оос сонгож, “Эх орон-Ардчилсан холбоо эвсэл” байгуулан парламентад намууд бараг тэнцүү суудал ав чадсан. Гэвч Хамтын ажиллагааны гэрээ байгуулж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон юм. Удалгүй ҮЗХ-ны хурлаар М.Энхсайханыг огцруулж, Р.Гончигдоржийг Ардчилсан намын даргаар сонгов.

Намын дарга солигдох үйл явц дахин үргэлжлэв. Тодруулбал, 2006 оны 10 дугаар сард хуралдсан ҮЗХ-ны хурлаар Р.Гончигдоржийг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж, намын даргаар Ц.Элбэгдоржийг сонголоо. АН-д ийнхүү шинэчлэл өрнөж, 2006 оны 3 дугаар сарын 30-31 өдрүүдэд намын гуравдугаар их хурлаар дүрэм журамдаа өөрчлөлт оруулсан байдаг. Мөн тухайн үед Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Дорлигжавыг баталж байжээ.

-2006-

Намын даргаасаа огцорсон М.Энхсайхан тэргүүтэй гишүүд нь “тусдаа” гарч, Үндэсний шинэ намыг байгуулав. Энэ нам хожмоо МҮАН нэртэй болжээ.

-2008-

Монголын парламентын тав дахь удаагийн сонгууль буюу 2008 оны УИХ-ын сонгуульд нийт 356 хүн нэр дэвшсэн. Тодруулбал 11 нам, нэг эвслээс 311 нэр дэвшигч, 45 бие даагч өрсөлдсөн гэсэн үг. Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) 41 суудал, Ардчилсан Нам 29, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ. Ийнхүү Ардчилсан Нам энэ сонгуульд дахин ялагдал хүлээв. Тухайн үед Ардчилсан нам, Бүгд Найрамдах НамИргэний Эвсэлийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, “эрх баригчид луйвардлаа” хэмээн мэдэгдэж байв.

Сонгуулийн маргааш буюу 2008 оны долоодугаар сарын 1-нд Монгол Ардын Хувьсгалт Нам дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн цуглаан болж, эмх замбараагүй байдал бий болж байв. Энэ өдөр бий болсон үймээнээр МАХН-ын байр шатаж, таван хүн амиа алдсан юм.

-2008-

2008 оны үймээний дараа С.Баярын “Стандарт бус ЗГ”-т Ардчилсан нам орж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болов. Ийнхүү тэрбээр 2012 он хүртэл эл албан тушаалыг хашсан бөгөөд мөн оны нэгдүгээр сард Ардчилсан нам Засгийн газраас гарахаа мэдэгдсэн юм.

-2009-

Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгуулав. Монгол Улсын хэмжээнд 562459 сонгогч буюу 51.24 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 иргэн буюу 47.44 хувь нь МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгсөн байдаг. Мөн тэрбээр 2013 онд Ерөнхийлөгчид улиран сонгогдсон юм.

-2012.08.09-

2012 оны сонгуульд АН олонх биш олуулаа болж хамтарсан ЗГ-ыг байгуулав. Ийнхүү Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдлоо. Тухайн үед түүнийг томилох санал хураалтанд 42 гишүүн дэмжсэн санал өгч 72,4 хувийн саналаар дэмжигдэж байжээ.

-2012.08.07-

Ардчилсан нам УИХ-ын гэлтгүй орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан юм. Э.Бат-Үүл нь тухайн үед Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012 оны 8 сарын 7-ноос 31 дэх нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хүлээж авсан юм.

-2014.11.05-

2014 онд АН-ын гишүүд оройлон оролцож намын дарга, ЗГ-ын тэргүүн Н.Алтанхуягийг ЗГ-ын тэргүүнээс нь огцруулав. Ийнхүү Шинэчлэлийн ЗГ огцров. Түүнийг огцруулах тухай санал хураалтад нийт 66 гишүүн оролцсоноос 36 нь зөвшөөрч, 30 нь татгалзсан кноп дарсан байдаг. Зөвшөөрсөн гишүүд дунд 8 нь Ардчилсан намын гишүүд байв. Эдгээрийг нэрлэвэл, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар байв.

Н.Алтанхуягийг огцруулах саналын томъёоллыг ЗӨВШӨӨРСӨН УИХ-ЫН ГИШҮҮД
Н.Алтанхуягийг огцруулах саналын томъёоллыг ТАТГАЛЗСАН УИХ-ЫН ГИШҮҮД

-2014.11.15-

ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягийг намын даргаас нь буулгав. Харин түүний оронд УИХ-ын дарга З.Энхболдыг томилсон юм.

Мөн Ч.Сайханбилэгийг гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх эрхийг намаас нь санал хураалтаар олгож, тэрбээр 2014 оны 12 дугаар сард 16 яам, 19 сайдтай Шийдлийн Засгийн газраа байгуулав.

-2016-

2016 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ

З.Энхболд тэргүүтэй АН УИХ-ын сонгуульд ялагдал хүлээв. Тэрбээр сонгуулийн дараа намын дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд удалгүй түүнийг Гүйцэтгэх зөвлөл ажлаас нь чөлөөлсөн юм.

-2017.01.19-

“Та нар ганц ганцаар салбал нижгээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй” хэмээн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургааль бий. Үүний дагуу АН-ын даргын сунгааны үеэр намын дарга З.Энхболд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нарт багцалсан сум бэлэглэсэн. Үүнээс хойш тэднийг “Сумтай тав” хэмээн нэрлэх болсон. Эл намын даргын сунгаанд С.Эрдэнэ ялалт байгуулж, намын дарга болсон юм.

-2017.07.09-

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611,226 сонгогч буюу 50,61 хувийн санал авч ялалт байгуулав. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497,067 сонгогчийн санал буюу 41 хувийн санал авч байв.

-2020.06.24-

2020 оны Улсын Их Хурлын сонгууль зохион байгуулагдаж, эрх баригч Монгол Ардын Нам 62 суудал авч ялалт байгуулав. Ингэснээр Ардчилсан нам дахин ялагдал хүлээсэн юм.

-2021.06.09-

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ нэр дэвшиж өрсөлдөөд ялагдал хүлээв. Тодруулбал, Ерөнхий сайд асан Монгол Ардын Намын Ухнаагийн Хүрэлсүх 72 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний хувьд 72 мянган иргэний саналыг авсан юм.

-2021-2023-

Тамга тэмдгийн асуудлаас болж хоёр жилийн хугацаанд Ардчилсан нам хөл толгой нь мэдэгдэхгүй явсан жилүүд үргэлжлэв. Энэ хугацаанд намын даргын сунгаа нэгэн зэрэг хоёр талд зохион байгуулагдсан тохиолдол ч гарч байв. Ингэхдээ намын даргын сунгаанд М.Тулгат, О.Цогтгэрэл нар сонгогдсон гэх боловч аль аль нь хүчингүй болж, УДШ-д бүртгүүлж чадаагүй юм.

-2023.01.19-

Хоёр гаруй жилийн хугацаанд хэрүүл тэмцэлтэй байсан АН сонгуулийн өмнө амжиж, эв нэгдлээ хангахаар болсон. Ийнхүү нэн тэргүүнд намын даргаа сонгож, Дээд шүүхэд бүртгүүлэх ажилд шамдсан. Ийнхүү намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон юм. Түүнийг 2023 оны хоёрдугаар сарын 9-нд УДШ АН-ын даргаар бүртгэв. Ингэснээр нам сонгуулийн ажилдаа шамдан орсон юм.

-2024.06.28-

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон. Ингэхдээ 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Үүнээс Ардчилсан нам 43 суудал авав.

-2024.08.01-

Хамтарсан Засгийн газарт АН оров. АН-аас гадна ХҮН нам эл Засгийн газарт орж ажиллахаар болсон юм. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа 22 сайд, 16 яамтай байхаар бүтцийг зурсан юм.

АН-ын сайд болсон гишүүдийн хувьд:

-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр

-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр

-Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа

-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь

-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нар байна.

-2024.10.24-

Орон нутгийн сонгуулийн дүнгээр Ардчилсан нам нийслэлд ялагдал хүлээв. Тодруулбал, өмнөх сонгуулиар Ардчилсан намын 8 нэр дэвшигч ялалт байгуулж, НИТХ дээр бүлэгтэй болж байсан. Харин энэ удаагийн сонгуульд тус намын суудлын тоо тав болж буурав.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *