ТБХ: 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.05/ хуралдаан 09 цаг 23 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 11 хууль, дөрвөн тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.
Хууль тогтоомжийн төслүүдийн талаарх танилцуулгад, Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэсэн байв.
Мөн төсвийн урсгал зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэж байлаа.
Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу 2022 оноос хэрэгжсэн төсөл арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцлэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төрийн эдийн засагт үзүүлэх ачааллыг багасгах, хувийн хэвшилрүү шилжүүлэх зэргээр төсвийн зохистой бүтцийг бий болгох чиглэлийг Засгийн газарт өгөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэнтэй холбоотой орон нутагт шат, шатны төсөв хэлэлцэн батлах чиглэлийг өгсөн эсэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах асуудалд баримталж буй бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төсөв дагасан хуулийн төсөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд Засгийн газар жагсаалт гаргаж, татварын хувь хэмжээг тогтоохоор тусгаж, дахин өргөн мэдүүлсэн учир шалтгааны талаар асуулт асууж, хариулт авсан.
Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Г.Дамдинням, П.Мөнхтулга, Г.Ганбаатар, Д.Батбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Ингээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”,“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.