ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг шүүх цагаатгаж шийдвэрлэжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, болон Б.Бархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 4-ний өдрөөс эхлэн хоёр хоног үргэлжлэн шүүхийн шийдвэр өчигдөр /2024.12.07/ гарсан байна.
Тодруулбал, Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг хэлэлцэж, тэдэнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн.
Мөн тэдэнд нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
- 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
- 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
- 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тус хэргийг эргэн сануулбал, ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олдсон гэгддэг билээ.