“Байрны цэвэрлэгээ муу хийлээ” хэмээн цэргүүдийн чихийг мушгиж дүрмийн бус харилцаа гаргасан алба хаагчид оноосон 8 сарын хорих ялыг хэвээр үлдээв
Байлдагч нарт хүч хэрэглэж, биед нь халдсан дугаар … цэргийн ангийн салаан захирагчийн орлогчид холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Тодруулбал, … дугаар цэргийн ангийн салаан захирагчийн орлогч Т нь “Жагс команд өгсөн байхад хоцорч ирсэн”, “байрны цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгаанаар нэр бүхий 22 байлдагчид хүч хэрэглэн дүрмийн бус байдлаар харьцсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Улмаар тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс ангийн салаан захирагчийн орлогч Т-д 8 сарын хугацаагаар хорих ял оноосон аж.
Харин шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “шүүгдэгчид оногдуулсан дээрх ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдэлд тохирсон” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хэргийн талаар тодруулбал, … дугаар цэргийн ангийн салаан захирагчийн орлогч Т нь “жагс команд өгсөн байхад хоцорч ирсэн”, “байрны цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэн, нэр бүхий 22 байлдагчийн чихийг мушгих, цээж, нүүр хэсэгт цохих, алчуураар гараа боож цээж хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн, дүрмийн бус байдлаар харьцсан гэмт хэрэгт холбогдсон байдаг юм.