АҮББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

0

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.12.09) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авч алдагдалгүй төсөв батлах чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 онд төсвийн төслийг шинэчлэн боловсруулсныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдаад, зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг нэрлэсэн юм. Юуны өмнө, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хуул зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүх, прокурорын байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг хэвээр үлдээсэн байна. Бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардал, мөн соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь, эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардал, төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь, байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулсан байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгах, харин гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах, зарим их засвар, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулах, гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын болон бусад төслийн зээлийн ашиглалтыг мөн хойшлуулахаар төсвийн төсөлд тусгасан байна. Харин хөрөнгө оруулалтын “Хавдар судлалын Үндэсний төв-II” төслийг нэмжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, зарлагыг бууруулсантай холбогдуулан нийт орлогыг 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болсноор тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай болохоор гарсан байна.

Хэлэлцэж буй Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцууллаа. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хамаарах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын төсвийг 424.2 тэрбум төгрөг буюу суурь тэнцлээс 70.1 тэрбум төгрөгөөр бууруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсвийг 412.8 тэрбум буюу 342.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Зам тээврийн сайдын төсвийг 110,7 тэрбум төгрөгөөр буюу 1535.5 тэрбум төгрөгөөр бууруулж, Эрчим хүчний сайдын төсвийг 7.9 тэрбум төгрөгөөр бууруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийг 49.4 тэрбум төгрөгөөр бууруулж 2025 оны төсвийн төсөлд тус тус тусгасныг тэрбээр дурдаад, юуны өмнө гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл, уулын уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэл байгааг тооцох, цаашид төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг тогтвортой мөрдөж, төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулахгүй байх, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг дээшлүүлэх шаардлагтайг болон цахим систем болон ТЭЗҮ боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлгүй тооцож үр ашигтай төсөвлөхөд сөргөөр нөлөөлж буйг онцолсон юм.

Төсвийн урсгал зарлагыг хумьж зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 оны төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай гэж Ерөнхий аудиторын орлогч дүгнэлтдээ тэмдэглэж, төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатайг дурдав. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэлээ.

Сангийн сайдын хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Хөвсгөл аймгийн сумдад байгуулагдах бяслагны үйлдвэрүүдийн талаар болон Засгийн газрын агентлаг Ургамал хамгааллын газрыг шинээр байгуулах талаар асуув. Мөн тэрбээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд улсын төсвийн хөрөнгөөс урамшуулал олгосоор байгаа боловч сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж байгаа нь эдгээр урамшуулал үр дүнгүй байгааг илэрхийлж байгаа эсэх талаар асууж хариулт авсан юм. Хөвсгөл аймгийн сумдад баригдах бяслагны үйлдвэрүүдийн төсөл 2025 онд төсвөөс санхүүжүүлснээр хэрэгжилт нь дуусах бөгөөд аймаг, сумдыг нэрийн бүтээгдэхүүнтэй болгох бодлогын хүрээнд явуулж буй ажил гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Улсын Их Хурлаас баталсан Хүнсний хувьсгал, Атрын IV аян, Цагаан алт, Шинэ хоршоо гэсэн дөрвөн том хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн арилжааны банкуудаас авч буй зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төсвөөс олгож буй бөгөөд эдгээр хөтөлбөр бодитой, тодорхой үр дүнтэй явж байгаа хэмээн сайд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут уул уурхайн компаниудын үндсэн бүтээгдэхүүний зэрэгцээ “эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элемент”-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тавьж, ихээхэн дарамт үүсгэж байгаагийн учрыг асууж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй татварын маргааныг шүүхээс тус үйлдвэрийн талд шийдвэрлэсэн тул шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй гэсэн юм. Энэхүү дагалдах элементийн асуудал бүх аж ахуйн нэгж дээр үүсэж байгаа учир хуульд зохих өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар мэдээлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан АМНАТ бол татвар бус төлбөр бөгөөд уг төлбөрийг тухайн аж ахуйн нэгж ашигтай ажилласан эсэхээс үл шалтгаалан авдаг гэсэн юм. Хэрэв дагалдах элементүүдийг АМНАТ-өөс чөлөөлнө гэсэн заалтыг хуульд оруулчихвал уг асуудал шийдэгдэх боломжтой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн чанаргүй зээлийн хэмжээ ямар байгааг болон Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр, хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн ажилд тавих хяналтын талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгохоор тусгасан талаар асууж, хуулийн зохицуулалттай энэ асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар явуулахаар хуулийн төсөл оруулж ирж байгаа нь ямар учиртай болохыг лавласан юм. Мөн тэрбээр Евро-Азийн эдийн засаг, худалдааны гэрээ байгуулах асуудал яригдаж, үүгээр манай улс дотооддоо үйлдвэрлэдэг өргөн хэрэглээний хүнсний барааг импортын татваргүй болгохоор байгааг эргэж харах нь зүйтэй гэсэн юм. Дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг гэрээнээс хасах талаар Засгийн газар ажиллах хэрэгтэй гэлээ. Түүний асуултад хариулахдаа Сангийн сайд Б.Жавхлан Евро-Азийн эдийн засаг, худалдааны гэрээ байгуулах асуудлыг үе үеийн Засгийн газар сүүлийн 20 орчим жил эрчимтэй хөөцөлдөж ажилласнаар одоо эцэслэх шатандаа орсон гээд, импортын татварыг тэглэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний цохилт ирэх тул үүнийг сайтар тооцоолж ажиллах шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний чанар муугаас утаа ихсэж, хортой байдал нь нэмэгдэж байгааг ард иргэд эсэргүүцэн төв талбайд жагсаал хийж байна гээд, энэ компани нийслэл Улаанбаатар хотын мэдэлд шилжсэнээс хойш хотын удирдлагууд хийн түлшинд шилжих тухай ярих болсонд Засгийн газар ямар байр суурьтай байгааг асуув. Мөн, байгалийн хийн орд, нөөцийн илрүүлэх талаар хийж байгаа судалгаа, хайгуулын ажил, төсвийн төсөлд тусгагдсан ач холбогдол багатай төслийн санхүүжилтийг ач холбогдол бүхий төслүүд рүү шилжүүлэн ашиглаж болох эсэх болон Засгийн газраас гаргах баталгааны талаар асууж хариулт авав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Өмнөговь аймгийн Тавантолгойн бүлэг орд, мөн Төвийн бүсэд Налайх, Бөөрөлжүүдийн орчимд метан хийн хайгуул, судалгаа хийж байгааг мэдээлсэн юм. 2025 онд Засгийн газарт 1.0 тэрбум ам.доллар хүртэлх баталгаа гаргах эрх олгож байгааг Сангийн сайд Б.Жавхлан дурдаад, гэхдээ яг баталгаа гаргах шийдвэрийг Улсын Их Хурлаас тухай тухайн үед гаргаад явдаг бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслүүдэд улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт болон Засгийн газрын баталгаа гаргах асуудал одоогоор тусгагдаагүй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төсвийн төсөл, түүнд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн бодлогуудтай уялдуулан, байршил, газар нутгаар нь тодорхой төлөвлөх шаардлагатай гээд, төсөл, арга хэмжээний хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц, боломжоор хийж болох ажлуудыг цаашид улсын төсөвт тусгахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга энэ оны санхүүжилтээр Хөвсгөл аймгийн бяслагны үйлдвэрүүдийн төсөл дуусна гэдгийг магадалж, Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхэлсэн Арьс, ширний үйлдвэрлэл, технологийн паркын цэвэрлэх байгууламж барих ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар төсвийн төслийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн, аж ахуй эрхлэгчид болон ард түмэнд төсвийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг ямар хэмжээнд өгсөн талаар асуув. Мөн тэрбээр хөнгөн үйлдвэрийн болон хүнд үйлдвэрийн хуулийн төслүүдийг хэзээ өргөн барихыг холбогдох сайд нараас асууж, хариулт авлаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд хуулийн төслүүдийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуульд заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлд, хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасныг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа гаргав. Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоогдуулан гаргаж байгаа хуулиудыг тухайн төсөв хэрэгжиж эхлэх цаг хугацаатай уялдуулан дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн 21 хувь буюу 300 мянга гаруй ажлын байрыг шингээж буй хөдөө аж ахуйн салбарын төсөл боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх гэсэн заалт нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, 10 хувиар бууруулах зардлуудын дотроос ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоолны зардлыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа гаргав. Эдгээр саналыг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир илэрхийлсэн юм. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналууд болон хууль, тогтоолын төслүүдийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Энхтүвшин нарын гаргасан саналын дагуу Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэт Тавантолгой” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Байнгын хорооны тогтоолоор, ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, биелэлтийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатарт үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *