Х.Нямбаатар Бээжинд том төслүүдээ танилцуулахад Д.Сумьяабазар хамт явжээ
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Бээжин хотноо “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ” уулзалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ.
Уг уулзалтад монгол талаас хотын дарга Х.Нямбаатараас гадна БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин, хотын дарга асан Д.Сумьяабазар тэргүүтэй албаныхан оролцсон аж.
Харин БНХАУ-ын талаас дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөл ирсэн байна. Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс,
- Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих агуулга,
- 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барих тендерийг зарлах тухайгаа,
- Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд нийт 20,000 айлын цогцолбор хорооллыг барих төлөвлөгөөгөө,
- Трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах зэрэг томоохон төслүүдээ голчлон танилцуулсан байна.
Улаанбаатар хот нь ирэх жилүүдэд метро барих, нүхэн гарцууд нэмэх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудаа урд хөршийн компаниудаар гүйцэтгүүлэх, санхүүжилт босгох замаар тодорхой ажлуудаа урагшлуулах амбицын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулсан аж.
Харин өмнөх хотын дарга Д.Сумьяабазар уг танилцуулга уулзалтад ямар чиг үүрэгтэй оролцсон нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга зэрэг улс төр, намын ажлуудаа Х.Нямбаатарт хүлээлгэн өгөөд буй.
Уг уулзалтын талаарх албан мэдээлэлд, “БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ” гэж онцолжээ.
Танилцуулгын үеэр, Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.