Монголд дэлгэрсэн Төвдийн ламын шашин бол Буддагийн сургаалийн ихэд гажсан хувилбар

0

Үйлийн үргүй үнэн гэж байна, үнэнхүү харамсахаар худал гэж бас байна

Хүмүүс бид сав ертөнц хэмээж амьгүй бүхнийг, шим ертөнц хэмээж амьтай бүгдийг тоолж, нэрлэж, таньж, эхлэл үгүйд нь мөн эцэс үгүйд нь гайхан биширсээр иржээ. Сав болон шим ертөнцийн үүсэл, оршил, хувьслын түүх үнэнхүү баялаг ихийн зэрэгцээ бас нууц, чанадын ажээ. Хүмүүс бидэнд танигдах, хүртэгдэх бүхэн нь ч хязгааргүй их, мөн нууц, далд үлдэх нь ч хязгааргүй их юм. Ихээс ихийн дотор, дунд нь бид таньсаар, төөрөлдсөөр насыг элээн сураг алдрах барилдлага, тавилантай болой.

Сав, шим ертөнцийн хэмжээгүй, хязгааргүйтэй дүйцэхүйц өөр нэгэн ертөнцийг хүмүүс бид өөрсдөө үүсгэн, түүндээ хөл алдан живсэн нь бидний оюун санааны ертөнц юм. Энэ ертөнцийн учир, зохис ч гэсэн түүхийн явцад тулгуур, үндсээ гээн алдарчээ.

Бидний оюун санааны ертөнц наад зах нь сүүлийн 10 мянган жилийн туршид объектив бүхнээс ч гарвалтай, мөн субъектив бүхнээс ч гарвалтай ёстой л “түмэн шидийн зүйлсээр” халгим цалгим дүүрчээ. Тэр дунд үнэндээ байхгүй юм алга. Байхгүй, байлгах боломж ч үгүй зүйлсийг байгаа, байдаг мэтээр үзүүлж, түмэнд итгүүлж чадсан зүйлс ч мөн тоо томшгүй олон болчихжээ. Тэдний дунд шинжлэх ухааны ч шалтаг, түлхээс бүхий зүйлс, мөн шашны ч шалтаг, түлхээс бүхий зүйлс зөндөө байх болов. Нисдэг таваг, харь гаригийнхны хөлөг, харь гаригийнхантай холбоотой яриа, зураг хөрөг, домог, таавар, яг л болоод өнгөрсөн мэт дурсамж, мэдээ хаана л бол хаана яригддаг болжээ.

Шашин, бурхны холбогдолтой үлгэр, домог, уран сайхны бүтээл гэхэд л тоо томшгүй олон шүү дээ. Уран сайхны гүйцэтгэл, дүрслэл талаасаа бол биширмээр төгс төгөлдөр, сүрдмээр өрнүүн, дэврүүн, бахадмаар яруу тунгалаг, уярмаар эвлэг зөөлөн, өхөөрдмөөр уяхан туяхан, хайр хүрмээр урангоо бүтээлүүд ч олон буй…

Хэнд ч үнэмшигдэхээр, хэний ч нүд, сэтгэлийг олзлохоор өнгө болон дүрслэл, ерөөл, айлдвар, сургаал, номлол шашин бүхэнд л байдаг. Хүмүүсийн (одоо амьд сэрүүн байгаа 8 тэрбум хүний) оюун санааны ертөнцөд оршиж буй сайн муу, худал үнэн, ортой оргүй бүхнийг нэгтгээд үзэх, тоолох аваас хязгааргүй их гэсэн л хэмжээ хэлэгдэх байх. Гэхдээ энэ хэмжээгүй их зүйлсийн нөлөө, ач холбогдол чухамдаа ямар байна вэ? Оюун санааны ертөнц нь эзэндээ байнгад л үнэн мэдлэг, зөв мэдээлэл өгдөг, эзнээ үнэн мөнрүү хөтөлдөг, мухар сүсэг, сохор итгэлээс холдуулдаг, зөв амьдруулж,урт наслуулдаг байвал л сайнсан! Ардын аман зохиол, зүйр цэцэн үгс бараг л 100 хувь амьдралын үнэнийг өгүүлж, бодит байдлыг ухааруулж байдаг.

Монголчуудад нэгэн онцлог буй: Нүүдэлчин малчид, анчид болохынхоо хувьд өвөг дээдэс маань бүхий л түүхийнхээ туршид реалист, прагматист сэтгэлгээтэй, хүмүүнлэг, ачламтхай, зочломтхой, мөс чанар сайтай хүмүүс байжээ. Харь орны иргэд энэ зан чанарыг нь ямагт тэмдэглэн хэлж, магтаж, сайшааж ирсэн нь үнэн юм. XXI зуунд ч монголчууд бид ийм үнэлгээтэй хэвээрээ л байгаа болно. Монголын эртний хаадуудын тушаал, зарлиг ч үндсэн утгаараа реализм, прагматизмын илэрхийлэл болж байв. Жишээ нь Өгөдэй хааны “Гайт бөгөөс шадрыгаа ч шанталсугай!

Гавъяат бөгөөс шивэгчинг ч шагнасугай!

Энэ нь нэг нүүрт төрийн цааз учраас

Эзэн хаан ч мөнхүү зарлигт өртсүгэй!” хэмээсэн зарлиг байна. Мөн “Газар нутаг бол төрийн үндэс болох учир энд найр бүү тавь!”, “Миний Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэсэн зарлигууд буй. “Эрхийг сурахаар бэрхийг сур!, Хайртай хүүдээ халтай бай!, Айл гэрийн амь нэг, саахалт айлын санаа нэг, Зовох цагт л нөхрийн чанар танигддаг, Орой орой унтвал нэгийг сонсох, өглөө эрт босвол нэгийг үзэх” гэх мэт үгс реализм, прагматизмын илрэл юм.

“Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг, Бага ярьж их сонс, Ах нь сургаж дүү нь сонсдог, Ахмадын үг алт, Ус уух заяа л дээд заяа, Ургаа мэдвээс хүн, усаа мэдвээс мал, Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэхчилэн мөн ч олон сайхан үг бий дээ…

Монгол хүний оюун санааны ертөнцөд нутаг ус, сүлд, далбаа, төрийн бэлгэдэлтэй холбоотой дүрс, зураг, дуу, хөгжим ч буй. Хүннүгийн үеэс дээдэлж ирсэн нар, сар, галын чандманласан дүрс, цаг цагийн төрийн бэлгэдэл болсон сүлд, дуулал, тамга тэмдэг гэж байгаа. Тэр бүхэн нь үлдэн, уламжлагдан хэрэглэгдсэн, гал усны аюулыг гэтлэхэд ч тусалсан, хэн бүхний мэдэх, таних зүйлс, утга гүнзгий бэлгэдлүүд, ээж аавын шүтээнүүд байв. Гэтэл Төвдийн ламын шашин Монголд дэлгэрснээр төвд хэлээр, утга санаа нь тодорхойгүй, лам нарыг л дагаж дууриасан, ид увдистай зүрхэн тарни, сахиус гэгдсэн үгс, уншлага ихэд дэлгэрчээ.

Ганцыг нь л иш татъя: Мэгзэм гэх таван мөр.

Одоогоос 600 орчим жилийн өмнө Төвдөд ном, эрдэмд ижилгүй сайн гэгддэг Рэндаваа нэртэй өвгөжөөр лам байжээ. Түүний шавь нь Зонхова. Зонхова энэ багшаараа олон жил ном, эрдэм заалгаж бас их нэрд гарчээ. Тэгээд Зонхова нэгэн удаа багшаа магтаж, талархсан үг бичиж багшдаа илгээжээ. Гэтэл багш нь ийм том магтаал надад биш, харин шавь чамд таарна гээд Зонховад нэрийг нь өөрчлөн хариу илгээжээ. Орчин цагийн ойлголтоор бол энэ нь сайшаалын үнэмлэхийн үг юм. Мэгзэмийн утга, учрыг мэддэг хүн миний асуусан арав гаруй хөгшдийн дунд нэг ч байсангүй. Төвд хэлээр уншдаг болохоор Мэгзэмийг “ер бусын их ид шидтэй тарни, шившлэг, сахиус” мэтээр л хөгшид ойлгодог юм байна. Харь хэлээр ном, уншлага сонсож залбирч, сүсэглэж ирсний ач, гавъяа, өгөөж гэж байх уу? Давтан тайлбарлая. Анхлан лам Зонхова (1357-1419) өөрийн багш Рэндавааг магтсан таван мөрийг бичиж багшдаа илгээжээ. Багш нь уншиж үзээд энэ магтаал надад зохисгүй, харин шавь чамд таарна хэмээж засварлаад буцаасан гэгддэг. Утгачлан орчуулах аваас

Нэг. Зонховын бичиг:

Хариу бодоогүй энэрлийн их эзэн Жанрайсэг,

Хиргүйг айлдагч гэгээн Манзушири болон

Цастын мэргэдийн оргил Рэндаваа

Шону-Лодойн өлмийд сөгдөе!

Тонилохуйн заяат зөгий намайг тэтгэн соёрхоно уу!

Хоёр. Рэндаваа ламтны хариу бичиг:

Хариу бодоогүй энэрлийн их эзэн Жанрайсэг,

Хиргүйг айлдагч гэгээн Манзушири болон

Цастын мэргэдийн оргил Зонхова Лувсандагвын

Өлмий дор соёрхол тавъя! хэмээн засварлажээ.

Гэтэл багш ба шавийн хооронд солилцсон энэхүү магтаал, хүндэтгэлийн үгсийг өнөөдөр манай лам нар “Богд Зонховын залбирал, зүрхэн тарни болсон дөрвөн шад Мэгзэмд бурхад бүхний айлдал, онол эрдэм, увдис чадал, адистэд бүгд шингэсэн тул урин уншваас цөвүүн цагийн амьтан бүхэнд ихэд тустай” хэмээн сурталчилсаар иржээ. Багш, шавийн хооронд солилцсон энэ дөрөв, таван мөр, үгсэд яахлаараа “Бурхад бүхний айлдал, онол эрдэм, увдис чадал, адистэд бүгд шингэчихдэг” байна аа? Төвд хэлээр, хөг айзамтайгаар уянгалуулан уншиж буйд дулдуйдан сүсэгтэн олныг хуурч болохгүй биз дээ? Төвд хэлээр (харь, үл ойлгогдох хэлээр) унших, номлохын цаана мухар сүсэг, сохор итгэлийг шингээж, байхгүйг байлгаж чадаж байжээ, бүр хэдэн зуун жилд шүү! Цээжлүүлж, уншуулж, хэдэн зуу дахин давтуулж, гүн гүнзгий сүсэглүүлж ирсэн жирийн л хэдэн мөр үгс! “Алив бүхэн үнэн, мөнөөрөө л байх нь сайхан” гэдэг монгол ёсонд нийцэж байна уу?

МЭГЗЭМ:

Мигмэд зэвий дэрчин Жанрайсэг

Дэмид чэнбий ванбуу Жанбий-Ян

Дүдбүн маалүй жомзад Санвий даг

Ганжан хайвийн зүгжан Зонхава

Лувсандагвий шавлаа солваан дэв

–Ийнхүү уянгалуулан уншсаар л монголчууд бид доройтсон, цөөрсөн, ядуурсан, хоцрогдсон, мөхлийн ирмэгт хүрсэн… Цаашид харин яах бол? Амаараа хэлж байгаа, сэтгэл оюундаа тээж яваа бүхэн маань үнэн, ойлгомжтой, сургамжтай, өгөөжтэй л байгаасай билээ! Бурханы шашин, буддизм гэх нэрийн дор Монголд дэлгэрсэн Төвдийн ламын шашин бол Буддагийн онол, сургаалын үнэнхүү ихэд гажсан, бохирдсон нэгэн хувилбар юм. Онол, сургаал нь ч ихэд өөрчлөгдсөн, түүнийг дэлгэрүүлдэг арга, технологи нь ч худал, хуурмагаар дүүрсэн, эцэс сүүлдээ бизнес, луйврын нэгэн хэлбэр болсон нь ч үнэн болно.

Далд зорилготойгоор, бохир аргаар, хүчлэн, шатлан дэлгэрүүлсэн болохоор дорхноо л монголчуудын оюун санааг эзэмдэж, мухар сүсэгт бүрэн автуулжээ. ХХ зууны эх гэхэд Монгол орон 10 мянган хүнд оногдох лам нарын тоогоор Төвдөөс 4 дахин их болчихсон байв.

Хоёр сая гаруй хүн амтай Төвдөд 80 мянган лам байхад 640 орчим мянган хүн амтай Монголд 120-иод мянган лам тоологдож байлаа. Монголчууд дууриах, хуулах, доргих, хөөрцөглөх, хууртах талаараа гоц, гаргууд, гэнэхэн ард түмэн болчихоод байгаа юм. Одоо энэ шинжээ гээх, хаях хэрэгтэй. Аливаа зүйлийг зөв мэдлэг, үнэн мэдээллийн үндсэн дээр сайтар нягтлан боддог, манайд хэр тохирохыг шалгаж тогтоодог, юмс үзэгдлийн өнгөрсөн, одоо, ирээдүйг холбон тодруулах чадвартай, ам ажил нь зөрдөггүй, эх орон ард түмнээ өөд нь татах сэтгэлтэй улстөрчид л хэрэгтэй байна даа! Монголд маань баялаг бүтээгч, үйлдвэрэгч, шинжлэх ухааны мэдлэг шингээсэн техник, технологи л юуны өмнө чухал байна. Хүн амын олонхи нь лам, тамирчин, жүжигчин, дуучин, хөгжимчин, уяачид, нум сум харваачид болчих аваас Монгол маань тусгаар тогтнолоо ч алдана шүү дээ!

Судлаач, профессор Д.Чулуунжав

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *